Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эмгэнэл

МУХАМАДИГИЙН ХУРМЕТХАН

(1951-2024)

   Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор бид бүгдийн хамтран зүтгэгч, нэрт эрдэмтэн Мухамадигийн Хурметхан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

   Тэрээр 1951 оны 11 дүгээр сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт мэндэлжээ. Тэрээр 1961-1971 онд Өлгий хотын арван жилийн 1 дүгээр казах сургуулийг, 1971-1976 онд МУИС-ийг монгол хэл, утга зохиолын мэргэжлээр, 1981-1986 онд Афганистаны Кабулын Их сургуулийн дари хэлний ангийг, 1985-1987 онд МУИС-ийн англи хэлний ангид тус тус суралцаж төгсжээ. 1980, 1988, 1991 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн, БНКазУ-ын ШУА-д удаа дараа мэргэжил дээшлүүлж, 1976 оноос эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд тасралтгүй ажиллаж байв.

   Эрдэмтэн М.Хурметхан нь Хятад дахь хятад биш ард түмнүүдийн түүх, соёл, эдийн засгийн асуудлыг судалж, 1990 онд “БНХАУ-ын СУАР-ны уугуул ард түмнүүдийн соёлын бүтээн байгуулалт (70-аад оны эцэс 80-аад оны эхэн үе)” сэдвээр дэд докторын (Ph.D) зэрэг, 2000 онд БНКазУ-ын ШУА-ийн Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, этнологи судлалын хүрээлэнд “Монгол Улсад казах угсаатны хэсэг бүрэлдэн хөгжсөн нь” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) хамгаалжээ.

   М.Хурметхан нь Монголын АНУ судлалын төвийг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд “Америк судалгаа, мэдээлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, америк судлалын талаар ном бүтээл гаргаж, эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

   Тэрээр олон жил үр бүтээлтэй ажиллаж профессор цол, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан төдийгүй түүнийг 2006 онд Muslim World League-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас исламын ертөнцийн шилдэг 500 эрдэмтний нэгээр тодруулан баталжээ.

   Доктор, профессор М.Хурметхан нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт тасралтгүй олон жил ажиллан нөр их хөдөлмөрөө зориулсан түүх, олон улс судлалын чиглэлээр олон арван бүтээл гаргаж дорвитой хувь нэмэр оруулсан, олон улсад үнэлэгдсэн эрдэмтэн байсан бөгөөд Монголын Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхийн чиглэлээр нэг сэдэвт зохиол 10, хамтын бүтээл 20, эмхэтгэл 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 100 гаруйг нийтлүүлж, тус бүтээлүүдээрээ олон нийтийн талархлыг хүлээж байв. Түүний судалгааны бүтээлүүд нь Монгол Улс, АНУ, БНТУ, БНЧУ, Казахстан, ОХУ, ХБНГУ, Франц улсад хэвлэгдсэн байна.

   Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд мөнхрөн үлдэх болно.


ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН


Бусад мэдээлэл