Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛАЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
Alternate Text

ХАЛДВАР ХАМГААЛАЛ

    2020 оны 10 дугаар сард БНТУ-ын Эрүүл мэндийн яамнаас “Цар тахлын удирдлага ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт дэлгэрэнгүй зөвлөмж бүхий баримт бичгийг ШУ-ны зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран боловсруулжээ. Нийт 500 орчим хуудас бүхий энэхүү дэлгэрэнгүй зөвлөмжид цар тахал тархсан үед зах, худалдааны  төв, хүнсний дэлгүүр, үсчин гоо сайхан, ахуйн үйлчилгээ, хүүхдийн тоглоомын төв зэрэг 10 гаран чиглэлийн худалдаа, үйлчилгээний байгуулага тус бүрт тусгайлан гаргасан цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, түүний удирдлагын талаар дэлгэрэнгүй зөвлөмж багтсанаас гадна хот хоорондын зорчигч тээвэр, такси үйлчилгээ, уул уурхай, барилга, шатахуун түгээх, тээвэрлэх зэрэг хүнд үйлдвэрийн салбарт мөн халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар дэлгэрэнгүй зөвлөмжүүдийг боловсруулан нийтэд тараасан байна. 

    Дээр дурдсанчлан хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн дахин нэмэгдэж, нэг өдөрт батлагдсан тохиолдол 4000 гаруй, нас баралт 100-аас дээш болж, анх вирус тархсан 2020 оны 3 дугаар сартай харьцуулахад нөхцөл байдал огцом муудаж эхэлсэн тул бүх нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, цар тахалтай тэмцэх шинэ зохицуулалтуудыг  2020 оны 11 дүгээр сарын эхнээс үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлгөөн ихтэй гудамж, задгай талбай, нийтийн тээврийн зогсоол зэрэг газруудад тамхи татахыг хатуу хориглосон БНТУ-ын Дотоод хэргийн сайдын тушаал гарчээ. Энэхүү тушаал нь БНТУ-ын засаг захиргааны 81 мужид бүгдэд хүчинтэй үйлчлэх бөгөөд тушаалыг зөрчсөн иргэнд 900 турк лира (110 ам.доллар)  торгууль ногдуулах юм. Тамхи татах нь амьсгалын зам болон шүлсээр дамжин вирус тараах эрсдлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

    Цар тахлын дэгдэлтийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараах гурван албадлагын арга хэмжээг мөн авч хэрэгжүүлж эхэлсэн байна. 

    1. Амралтын өдрүүдэд орой 20:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэл гэрээс гарахыг хориглох. Одоо улирлын амралттай байгаа сургууль, бусад сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр явуулах, 65 болон түүнээс өндөр настай иргэдээ 10.00-13.00 цагийн хооронд, 20 нас болон түүнээс залуу иргэдийг 13:00-16:00 цагийн хооронд гэрээс гарахыг зөвшөөрөх

    2. Худалдаа, үйлчилгээний төв, зах, ресторан, үсчин, зэрэг газруудын ажиллах цагийн хуваарийг 10:00-20:00 цаг болгон хязгаарлах, ресторан, кофе шоп зэрэг газарт зөвхөн авч явах нөхцөлтэйгээр хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх, баар, цэнгээний газар, кино театр зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл бүрэн хаах.

    3. Спортын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зэргийг үзэгчгүй зохион байгуулах, Хөл бөмбөгийн талбайнуудыг бүрэн хаах, гудамж талбайд тамхи татахыг хориглох, 

Төрийн болон хувийн хэвшлийн албан газруудад ажлын цагийг уян хатан хэлбэрээр шийдвэрлэх боломж олгох, бөөгнөрөл үүсгэхгүй нөхцөлтэйгээр ажлын цагаа өөрчлөхийг зөвшөөрөх зэрэг шийдвэрүүдийг өнгөрөгч 7 хоногт БНТУ-ын засгийн газраас гаргаад байна.


НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

    БНТУ-ын Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний яамнаас КОВИД–19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд улс орон даяар тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа эмзэг бүлгийн иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж олгох, богино хугацааны хөдөлмөр эрхлэлтээр хангах гэсэн гурван үндсэн үйл ажиллагаа бүхий нийгмийн хамгааллын хөтөлбөрийг 2020 оны 3 дугаар сараас 3 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр арга хэмжээ дундаас нийгмийн эмзэг бүлэгт тусгайлан чиглэсэн нийгмийн хамгааллын гол арга хэмжээ бол эмзэг бүлгийн иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх үйл ажиллагаа юм. Ингэхдээ өрх бүрээс зөвхөн нэг иргэнд 1000 турк лир буюу 140 ам.долларын бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн байна. 

    Энэхүү мөнгөн тэтгэмж олгох хөтөлбөрт төрийн зарим албан хаагч, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг өндөр настан, ажилгүйдлийн тэтгэмж авагч этгээд, богино хугацаанд хөдөлмөр эрхлэгч иргэд хамрагдахгүй юм. 2020 оны 6 дугаар сараас эхлэн дээрх мөнгөн тэтгэмж олгох ажлын 3 дахь шатыг эхлүүлсэн бөгөөд энэ шатанд дээр дурдсан нийгмийн бүлэг болон 1,2 дугаар шатанд бэлэн мөнгө авсан иргэд бэлэн мөнгөний тэтгэмж авахгүй, харин дэмжлэг аваагүй нийгмийн бусад эмзэг бүлгийн иргэд хамрагдах юм. Энэ ажил өдгөө үргэлжилж байгаа бөгөөд бэлэн мөнгөний тэтгэмж авах хүсэлтээ иргэн цахим хэлбэрээр гаргаж, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг мөн цахим хэлбэрээр хүлээн авч байгаа юм. Харин мөнгөн тэтгэмжийг шилжүүлсэн банкны картыг иргэдэд шуудангийн үйлчилгээгээр дамжуулан хүргэж байна. 

    2020 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар нийт 2 тэрбум турк лир буюу 286 сая ам.долларын мөнгөн тусламжийг 1,200,000 өрх аваад байгаа бөгөөд мөнгөн тусламж олгох 3 дахь үе шат өмнөх 2 үе шаттай харьцуулахад урт хугацаанд үргэлжилж, илүү олон хүн хүсэлт гаргах төлөвтэй байгааг Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйчилгээ хариуцсан сайд тэмдэглэсэн байна.

     Цахим хэлбэрээр хүсэлт гаргаж буй иргэдээс, иргэний үнэмлэхний дугаар, албан ёсны бүртгэлтэй оршин суугаа хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрлэлтийн байдал, хүүхдийн тоо, утасны дугаар, имэйл хаяг, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөр эрхэлдэг бол сарын нийт орлого, нийгмийн халамжийн тэтгэмж авдаг эсэх, түрээсийн байранд суудаг эсэх, суудаг бол түрээсийн сарын төлбөр, сарын зарлагын хэмжээ,  өрхийн гишүүдийн тоо,  өрхийн нийт орлого, банкны данстай эсэх зэрэг асуумж мэдээллийг авч, үнэлж, шаардлагатай гэж үзсэн иргэдэд мөнгөн тэтгэмж олгож байгаа ажээ. 



Мэдээллийн эх сурвалж: 

1. https://covid19.saglik.gov.tr/  БНТУ-ын Эрүүл мэндийн яамны цахим хуудас

2. https://covid19.saglik.gov.tr/TR-66935/genel-koronavirus-tablosu.html БНТУ-ын ЭМЯ-ны цахим хуудас дахь коронавирусын тархалтын хүснэгт

3. https://covid19.saglik.gov.tr/TR-66393/covid-19-salgin-yonetimi-ve-calisma-rehberi.html  БНТУ-ын ЭМЯ-ны цахим хуудаст байршуулсан “Цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт ба түүний удирдлага” багц зөвлөмж

4. https://www.aa.com.tr/en/turkey/turkey-12m-families-get-financial-aid-during-pandemic/1928966  БНТУ-ын Төрийн төв хэвлэл Анадолу Агентлагийн мэдээ

5. https://www.turkiye.gov.tr/acshb-pandemi-sosyal-destek-on-basvurusu  БНТУ-ын Гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний яамны цахим хуудас, E-Devlet  (цахим-төр) нийгмийн хамгааллын хөтөлбөрийн цахим хуудас


Танилцуулга мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын

салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) Ч.Цэрэннадмид


Бусад мэдээлэл