Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсад парламентын сонгууль дөхөх тусам авлигын асуудал хурцаар тавигдаж байна
Alternate Text

    АНУ-ын сэтгүүлч Майкл Кооны (Michael Kohn)-ы “The Diplomat” сэтгүүлд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.  


    Хэдий эрх баригч Монгол Ардын Намд давуу тал байгаа боловч ард түмний дотоод эсэргүүцэл сөрөг хүчний намуудад илүү боломж олгох магадлалтай.

     Сар хүрэхгүй хугацааны дараа монголчууд шинэ парламентаа бүрдүүлэх саналаа өгнө. Ихэнх сонгогчдын хувьд энэ сонгууль бол уул уурхайн баялгийг тэгш хуваарилж, нэгэнт гаарсан авлигыг таслан зогсоох бүрэн чадвартай гэж итгэсэн намаа сонгох боломж юм.

    Одоогийн эрх баригч Монгол Ардын Нам (МАН) дангаар засагласан найман жилээ цаашид ч үргэлжлүүлэхээр зорьж буй. Хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хуралд нийт 76 суудлын 61-д нь МАН суудалтай бөгөөд 2021 онд сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн тус намын гишүүн билээ.

    Сөрөг намынхны хувьд сүүлийн жилүүдэд улс орныг цочроогоод буй авлигын хэргүүд сонгогчдын санаа бодлыг өөрчлөх хөшүүрэг болно гэж найдаж байна. 

    Зургаадугаар сарын 28-нд болох санал хураалтаас өмнө сонгуульд өрсөлдөж буй бүх намуудад өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ард иргэдэд саналаа хүргэх боломж тэгш бий. Хэдий богино боловч энэ хугацаа нь хот суурин газрын оршин суугчдад болон одоо ч мориороо давхиж очин саналаа өгдөг тал хээрийн нүүдэлчин ард иргэддээ хүрч ажиллахаар улс орныг хөндлөн гулд тойрон, сонгуулийн сурталчилгаагаа явуулдаг нэр дэвшигчдийн хувьд ширүүн, өрсөлдөөнтэй өрнөдөг үе билээ. 

    Энэ жилийн сонгуулийн амлалтууд өмнөх сонгуулиудтай харьцуулахад өргөн цар хүрээ, олон асуудлыг хамарч байгаа нь парламентын 76 суудлыг 126 болгож нэмсэнтэй холбоотой. Ийнхүү парламентын суудлын тоо нэмэгдсэн нь жижиг намуудад ч мөн УИХ-д суудалтай болж, нэр хүндээ өсгөх боломжийг өгсөн гэсэн үг. 

    Хэдий суудлын тоо нэмэгдсэн ч эрх баригч МАН-ын нэр хүнд, эрх мэдэл улс орон даяар өндөр хэвээр байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан Засгийн газар энэхүү сонгуулийн санал хураалтыг угтаад тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар өөрийн нэр хүндээ өсгөөд авсан. Нийслэл Улаанбаатарт хотын хэт төвлөрөл, зам тээврийн түгжрэлээс залхсан оршин суугч, сонгогчдодоо зориулан хотыг хөндлөн чиглэлд бүрэн хамрах метро барихаар төлөвлөж, эхлүүлээд байгаа. Харин хөдөө орон нутагт өнгөрөгч өвлийн зудын гамшгаар долоон сая орчим толгой мал хорогдсонтой холбоотойгоор малчдад зориулан бага хүүтэй зээлийг санал болгож байна. Малчдыг дэмжих зорилгоор ирэх гурван жилд 600 гаруй сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн гэдгээ эрх баригчид өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Дээрх үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөнүүд нь 2016 оноос хойш дангаар засагласан МАН-ын засаглалыг цаашид үргэлжлүүлэх төлөвтэй байна. 

    Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт төвтэй зөвлөх үйлчилгээний MEC компани урьдчилсан санал асуулга явуулсан бөгөөд оролцогчдын 22 хувь МАН-ыг дэмжсэн бол хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН)-ыг 17 хувь нь дэмжжээ. Удаах саналыг ХҮН нам 10 хувь, Үндэсний эвсэл 6 хувийг тус тус авчээ. Урьдчилсан саналын дүн хэдийгээр ингэж гарсан ч сонгуулийн эцсийн үр дүнг тааварлах аргагүй бөгөөд МАН-ын эрх мэдэл, нэр хүнд тогтворгүй, эмзэг байгаа гэж үзэх судлаачид бас байгаа юм.

    “Mongolia Weekly” цахим мэдээллийн сувгийн нийтлэлч А.Амарын хэлснээр нийслэл хотын агаарын чанар муу, замын хөдөлгөөний ачаалал хэт их, хямд үнэтэй орон сууц хүрэлцээгүй байгаа нь Улаанбаатарчуудын тэвчээр алдрахад хүргээд байгаа бол хөдөө орон нутагт зарим малчид зудын гамшгаар малаа алдсанд төрийг буруутгаж байна. Энэ мэт иргэдийн гомдол, цөхрөл нь сөрөг хүчний намуудад давуу тал болох магадлалтай. “МАН ялна гэж урьдчилан дүгнэхэд эрт байна. Одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур иргэд цөөнгүй байгаа бөгөөд сонгогчдын дунд цөхрөл бухимдал байсаар байна”. Мөн хэрэв МАН эрх барих хэмжээний суудал авч чадахгүй бол жижиг намуудтай нэгдэж эвсэл үүсгэх боломж бий. Бүр АН-тай нэгдэж их эвслийг байгуулах ч боломжтой гэж А.Амар үзэж байгаа юм. 

    Хуучнаар Монгол Ардын Хувьсгалт Нам гэгддэг байсан МАН нь коммунист дэглэмийн үед буюу 1921-1990 оны хооронд өрсөлдөгчгүйгээр Монгол Улсыг жолоодож байсан бөгөөд 1990 оноос хойш МАН, АН хоёрын дунд эрх мэдэл шилжсээр ирсэн билээ. Ийнхүү сүүлийн 30 жилийн хугацаанд тайван замаар солигдсоор ирсэн нь автократ засаглал бүхий энэхүү бүс нутгийн улс орнуудын хувьд ховор тохиолддог үйл явдал билээ. Орос, Хятад улсуудаар хүрээлэгдсэн энэ улсын парламентын сонгуулийн үр дүнд барууны улсууд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, ардчилсан үнэт зүйлээ хэрхэн хадгалан авч үлдэхийг дэлхийн өнцөг булан бүрээс ажиглаж байна. 

    1990-ээд онд МАН голдуу өмнөх коммунист намын гишүүдээс бүрдэж байсан бол сүүлийн үед шинэ залуу, барууны орнуудад боловсрол эзэмшсэн удирдагчдаар багаа бүрдүүлэхийг зорих болсон. “Хэдийгээр бодлого нь шинэчлэгдээгүй ч залуу боловсон хүчний сэлгээг МАН чадварлагаар хийж байгаа” гэж Бритиш Колумбын Их сургуулийн профессор, мэргэжилтэн Жулиан Деркес хэлжээ.

    Хамгийн том сөрөг хүчин болох АН нэгэн цаг үед шинэчлэлтийн нам гэгдэж, баруунд төгссөн залуучуудаар хүний нөөцөө бүрдүүлсэн хэмээн сайрхаж байсан билээ. Гэвч АН ганцаараа бус бусад жижиг намууд ч мөн адил гадаад улсад боловсрол эзэмшсэн чадварлаг, элит шинэчлэгчдээр багаа бүрдүүлэн, АН-тай эн зэрэгцэх боллоо. “Би хувьдаа энэ бүх хугацааны туршид МАН-ын баримталсан гол стратеги нь АН-ыг уусган, их эвслийг дэмжих замаар АН-ын олон нийтийн дэмжлэгийг бууруулах явдал байсан гэж дүгнэдэг. Бид МАН-ын зарим арга барилаар явж үзсэн, одоо харин бидний хамгийн том сорилт бол өөрсдийгөө МАН-аас тусгаарлан, ялгарах явдал юм” гэж АН-ын гишүүн, Колумбийн Их сургуулийн төгсөгч Б.Жаргалан ярьжээ. Тэр бээр өөрчлөлтийг хүссэн, дэвшилтэт үзэл бодолтой ард иргэдийн дунд АН нь нэр хүнд сайтай, анхаарлын төвд хэвээр байгаа бөгөөд тус намаас явуулж буй эдийн засгийн бодлогууд нь илүү либерал шинжтэй гэдгийг нэмж онцлоод “АН үндсэн салбаруудад, тэр дундаа эдийн засгийн салбарт илүү анхаарч байна – бага татвар, цөөн дүрэм журам, цомхон төр. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил манлайлах ёстой” гэлээ.

    Монголын эдийн засгийн “онцгой” өсөлт энэ сонгуулиар илүүтэй тод ажиглагдах төлөвтэй байна. МАН эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдийг, тэр дундаа голчлон нүүрсний борлуулалтаас бүрдсэн өнгөрсөн жилийн долоон хувийн өсөлтийг товойлгон харуулахыг хичээж байгаа юм. Гэсэн хэдий ч МАН-тай холбоотой авлига, хээл хахуулийн асуудал яригдсаар байна. Энэ нь ялангуяа тус намын өндөр албан тушаалтнуудын холбогдсон “нүүрсний бүлэг”-ийг илрүүлсэн авлигатай холбоотой хэд хэдэн томоохон шүүх хурлын дараа улам газар авч, гол ярианы сэдэв болсон билээ. Харин МАН-ын зүгээс нүүрсний экспорт, боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон авлигачдыг үндсээр нь устгасан гэдгээ мэдэгдээд байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдалын хэлснээр эдгээр хэргүүдийг авлигатай тууштай тэмцэх үүргийнхээ хүрээнд “Засгийн газар өөрөө” эхэлж шүгэл үлээн, олж илрүүлсэн үйл ажиллагааны үр дүн ажээ.

    Гэхдээ жижиг намуудын байр суурийг харахад ийм төрлийн гэмт хэргийг арилгахын тулд үүнээс илүү ул суурьтай зүйл хийх хэрэгтэй гэж үзэж байна. УИХ-д нэг суудалтай ХҮН намаас нэр дэвшигч, зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлийн хэлснээр “Энэ бүх нүүрсний болон Хөгжлийн банкны сонсголууд ямар ч үр дүнгүй болсон. Хэрэгт хамгийн гол холбогдох хүмүүсээс хэн нь ч ял шийтгэл авч, хоригдоогүй, зарим нэг нь хөнгөхөн, өнгөц төдий шийтгүүлсэн болоод өнгөрсөн. Энэ бүхэнд үнэхээр урам хугарч, итгэл алдарч байна” гэсэн юм. 

    Үндэсний эвслийн тэргүүн, сайд асан Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд мөн нэр дэвшиж байгаа бөгөөд өмнө нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоригдож байсан удаатай. Санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад тэрээр Монголын хамгийн нэр хүндтэй улс төрчдийн нэг хэвээр байгаа юм. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан Н.Номтойбаярын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Нийслэлийн шүүхээс хүчингүй болгох хүртэл тэр бээр энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж тооцогдож байсан юм. 

    “Transparency International” байгууллагаас гаргадаг авлигын индексээр Монгол Улс 180 орноос 121-д жагссан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын оноо тогтмол буурсаар иржээ. Сонгуулийн дараа парламентын бүтэц бүрэлдэхүүн тэлэхийн хэрээр авлигын хэрэг улам нэмэгдэнэ гэсэн хардлага ард иргэдийн дунд бий. Энэ асуудал даамжирсаар үндэсний ёс суртахуун, үнэт зүйл доголдож, олон олон залуучууд илүү сайхан боломжийг эрэлхийлэн гадаад орныг зорих болсон. Харин бусад нь ардчилсан эрх чөлөө энэ улсад үлдсэн эсэхэд эргэлзэж байна. “2020 оноос өмнө байсан иргэдийн эрх чөлөө өнөөдөр ихээр алдагдсан, сонгогчид одоо ардчилал, эрх чөлөөгөө эргүүлэн авахыг хүсэж байна” гэж Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл хэлжээ. 

    Өөрчлөлтийг хүсэж оюутнуудын санаачилсан 2022 оны жагсаал Засгийн газрыг шинэчлэл хийхэд хүргэж, тэр дундаа нүүрсний хэргийг ил тод болгоход түлхэц өгсөн билээ. Үүний үр дүнд уурхайн үүдэнд борлуулдаг байсан нүүрсний худалдаанд Монголын хөрөнгийн биржээс давхар хяналт тавьдаг болж, энэ нь том зургаараа улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн боловч ард иргэдийн ихэнх хэсэг уул уурхайн ашгаас хүртэж чадаагүй байгаа гэдгийг эрх баригч МАН мэдэж буй. “Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн. Харин одоо энэхүү өсөлтийг өрх бүрд хүргэх нь бидний зорилго” гэж МАН-ын О.Батнайрамдал мэдэгджээ. Түүнчлэн, “Миний бодлоор намууд залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдний хүсэл, санаа бодлыг гаргаж ирж, илэрхийлж чадах залуу үеийн төлөөллүүдээс нэр дэвшүүлэх шаардлагатай” гээд МАН-д элсэх, улс төрд оролцох залуучуудын тоог нэмэгдүүлэх нь Монгол Улсад тулгамдаж буй эн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

    Энэ удаагийн сонгуульд аль ч нам ялсан Монголын өнөөгийн нөхцөл байдалд эрс өөрчлөлт гарахгүй гэж Диеркес таамаглаж байна. Орос, Хятадын болон “гуравдагч хөрш” (АНУ, Япон зэрэг)-ийн хооронд ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах эн тэргүүний чиг шугам хэвээр үргэлжилнэ. “Өнөөдрийн баримталж буй бодлого, чиглэлүүд давтагдана. Сүүлийн сонгуулиас хойш хэдий эрх баригчид солигдсон ч юмс нэг их өөрчлөгдөөгүй нь зарим талаараа хоёр [үндсэн] намын хооронд бодлогын том ялгаа байхгүйтэй холбоотой”.

    МАН ахин ялалт байгуулсан ч нийгэмд томоохон өөрчлөлт авчирна гэж найдахгүй байна. Гэсэн хэдий ч хамгийн том сөрөг хүчин болох АН-ын эрх мэдлийн төлөөх дотоод зөрчил, маргаан, тогтворгүй байдал нь тус намд итгэх итгэл төрүүлэхгүй байгаа тул МАН-д саналаа өгнө гэж сонгогч иргэдийн төлөөлөл С.Баттөр хэлсэн юм. Татвар нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, импортын барааны үнэ улам нэмэгдэж байгаад санаа зовж буй тэрээр, “Сонгуулийн дараа ч авлига эцэс төгсгөлгүй үргэлжлэх вий гэдэгт хамгийн ихээр зовниж байна” гэлээ. 


Эх сурвалж: https://thediplomat.com/

  • Англи хэлнээс орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын
  • салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Т.Анударь


Бусад мэдээлэл