Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирлаар доктор, дэд профессор Дашнямын Золбоо томилогдлоо


  Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт 2025 онд зарлагдсан билээ. Энэ хүрээнд Олон улс судлалын хүрээлэнгийн захирлын сонгуульд нэр дэвшигч доктор, дэд профессор Дашнямын Золбоогийн мөрийн хөтөлбөр (2025-2028 он)-тэй танилцах, нууц санал хураалт явуулах арга хэмжээ 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болж, тус сонгуулиар доктор Д.Золбоо хамт олныхоо итгэлийг дахин хүлээж 76.5 хувийн санал авсан юм.

   Тус хүрээлэнгийн эрдмийн хамт олны санал хураалтын дүн, бусад шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл доктор Д.Золбоог Олон улс судлалын хүрээлэнгийн захирлын албан тушаалд улираан томилох тухай тушаал гаргаж, уг тушаалыг ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Sc.D) Ш.Ариунаа гардуулж баяр хүргэлээ.

   Доктор, дэд профессор Дашнямын Золбоо нь шинжлэх ухааны байгууллагад 28 дахь жилдээ, тус хүрээлэнгийн захирлаар 2018 оноос хойш ажиллаж байна. Түүний бичсэн “Mongolia and the UK in the 20th Century” нэгэн сэдэвт бүтээл нь 2021 онд академик хэвлэлээр олон улсад тэргүүлэгч хэвлэлийн газруудын нэг Springer Nature-д хэвлэгдсэн байна.

   Энэ дашрамд сонирхуулахад Монгол Улс дахь олон улс судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч мэргэжлийн ууган байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн нь өдгөөгөөс 57 жилийн тэртээ улс орны гадаад, дотоод амаргүй нөхцөл байдлын дунд ШУА-ийн Ази, Африк судлалын хэлтэс нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, улмаар 1976 онд Дорно дахин судлалын хүрээлэн, 1999 онд Олон улс судлалын хүрээлэн болон өргөжин хөгжиж энэ түүхэн хугацаанд хөгжил, төлөвшлийн хэд хэдэн үе шатыг туулж иржээ. Тус хүрээлэнгийн захирлаар

- 1968 оны 1 дүгээр сараас 5 дугаар сард С.Аварзэд

- 1968 оны 5 дугаар сараас 9 дүгээр сард Л.Жамсран

- 1968-1976, 1999-2000 онд Ч.Далай

- 1976-1981 онд Ш.Бира

- 1981-1988 онд Н.Ишжамц

- 1989-1990 онд Ш.Сандаг

- 1990-1997 онд Ц.Батбаяр

- 1998-1999 онд Н.Алтанцэцэг

- 2000-2013 онд Л.Хайсандай

- 2013-2015 онд Д.Шүрхүү

- 2015-2018 онд Ж.Баясах нарын эрдэмтэд томилогдон ажиллаж байжээ.

   Хүрээлэнгийн эрдмийн хамт олныхоо дэмжлэг, ШУА-ийн удирдлагын итгэлийг хүлээж захирлын хариуцлагатай албанд томилогдсон доктор, дэд профессор Дашнямын Золбоод эрүүл энх, сайн сайхныг хүсэж, эрдэм судлал, ажил үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдмийн хамт олон


Бусад мэдээлэл