Аризонагийн улсын их сургуулийн дэд профессор Марк Круз The Diplomat сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.
1254 оны 1 дүгээр сарын 4-нд Францын лам Уильям Рубрук Монгол нутагт Их Хаан Мөнхтэй анх удаа уулзсан байна. Дараа нь тэр бээр Францын IX Людовик (өөрөөр хэлбэл Гэгээн Людовик) хаанд захидал бичиж, хааны өргөөнөөс гарахдаа Мөнх хааны шадар, орчуулагч нар түүнээс "Францын вант улс хонь, үхэр, адуу элбэгтэй юу?" хэмээн асууж байсан тухай дурджээ. Энэ нь тэд тухайн нутгийг нэн даруй эзлэхээр төлөвлөж байсан мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэдгийг Рубрук тэмдэглэсэн байна.
Энэ онд Франц, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Гэхдээ Рубрукийн бичиж тэмдэглэж үлдээсэн зүйлс энэ хоёр орон бүр эртнээс харилцаа холбоотой байсныг илтгэнэ.
Өдгөө Франц, Монголын харилцаа худалдаанаас эхлээд терроризмтой тэмцэх хүртэл олон салбарыг хамарч байна. Энэ хоёр орны хамтын ажиллагаа нийтлэг зарчим, ашиг сонирхол дээр тулгуурладаг юм. Гэхдээ 800 жилийн өмнө нөхцөл байдал огт өөр байжээ. Франц, монголчууд анх удаа нэгэнтэйгээ нүүр тулсан. Тухайн үед аль алинд нь л нөлөөллөө тэлэх амбиц байсан. Францчууд загалмайтны аян дайнаар Иерусалим болон ойролцоох газар нутгийг байлдан эзлэхээр чармайж байсан бол Монголын байлдан эзлэлт Ойрх Дорнод болон Төв Европт хүрээд байсан юм.
Египет дэх Францын загалмайтнууд 1211 онд монголчуудын талаар олж дуулсан анхны европчуудын нэг байв. Чингис хаан загалмайтнуудад туслахаар ирсэн, “Давид хаан” нэртэй Христийн лорд байсан гэх үнэнд үл нийцэх мэдээллийг тэд авсан байлаа. Ер нь монголчууд анхнаасаа л Азийн холбоотнуудад найдлага төрүүлэх очийг Европт өдөөж өгсөн юм.
Монголчууд 1230-аад оны сүүлээр Европ руу цөмрөн ороход тэд чухам хэн болох, юу хүсэж байгааг мэдэх хүн Европт цөөн байв. Энэ асуултад хариулахын тулд Францын хаад, пап болон Европын бусад тэргүүнүүд монголчуудын талаарх аль болох их мэдээлэл цуглуулсан байв. Ингээд монголчуудыг дүрсэлсэн болон тэдний тухай дурдагдсан, Европт нийтлэгдсэн эсвэл хадгалагдаж байсан баримтуудын цуглуулга болох “Монгол архив” баримт бичиг бүрджээ.
Холбоотон болно гэсэн найдлагаа хэдийнээ мартсан европчууд монголчуудыг чөтгөр эсвэл Христийг эсэргүүцэгчийн холбоотнууд байсан гэж эмээх болов. Боловсролтой, олон хэл устай, туршлагатай дипломатчидаас бүрдсэн Католик сүм монголчуудын тухай үнэнийг мэдэх үүрэг хүлээжээ.
Санваартан Иоанн Плано Карпини /итали хүн/, Симон Сен-Кантен /франц/ болон Рубрук нарын эрт үеийн тайланд Монголын эрх зүй, шашнаас эхлээд хувцас, байлдааны тактик зэрэг бүгдийг тусгасан байв. Эдгээр баримт бичгүүд нь Дундад зууны үеийн Монголын нийгэмтэй холбоотой бидэнд буй хамгийн чухал эх сурвалжуудын нэг юм. Монголчууд бол мангас биш, харин огт өөр соёлтой хүмүүс гэж европчууд ойлгосныхоо дараа тэднийг загалмайтны шашинд оруулж, исламын эсрэг холбоотон болгохоор хичээж эхэлжээ.
Ийнхүү хандах оролдлого хийсэн тухай баримтжуулсан нэг үйлдэл нь IX Людовик хааны оролдлого байв. 1249 онд тэр бээр сүм хэлбэртэй майхан, шашны дурсгалууд болон бусад эд зүйлсийг их хаан Гүегт өргөн барихаар элч илгээжээ. Гэвч элч хүрэлцэн очихоос өмнө Гүег хаан бие барсан байв. Харин түүний эхнэр Огул Хаймиш Францын хаанд сүр хүчийг илтгэсэн захидал илгээж, илүү их өргөл барьцыг шаардаж байв. Хаан энэ элч илгээсэндээ ихэд харамссан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Хэдийгээр хичээл зүтгэлийн талаар болсон ч Франц монголчуудыг сонирхсон хэвээр байв.
1291 онд загалмайтнуудын сүүлчийн түшиц газар Исламын хүчний гарт оров Үүний дараах 40 жилийн туршид Ариун газрыг эргүүлэн авахын тулд Исламын хаанчлалын эсрэг монголчуудтай холбоотон болохыг ухуулсан олон номлол бүтээгджээ. Эдгээр номлолуудын ихэнхийг Францын хаад, язгууртнуудад зориулан бичсэн, тэдэнд харьяалагдаж байв.
Түүнчлэн, Алс Дорнодыг дэлгэрэнгүй дүрсэлсэн Европын анхны бүтээл болох “Орчлонгийн элдэв сонин” номоо Марко Поло 1298 онд дуусгажээ. Тэр бээр номоо олон улсын уншигчдад хүргэхийн тулд франц хэлний аялгаар бичсэн байна. Францын ихэс дээдэс, язгууртнууд Пологийн номын хамгийн гоёмсог хувилбаруудыг захиалж байлаа.
Хэдийгээр ихээхэн хямрал гарсан ч XIV зуунд ч монголчуудыг сонирхох Францын сонирхол хэвээр байв. 1335 онд Перс дэх Монголын хаанчлал нуран унав. 1330 болон 1340-өөд онд Евроазид тахал нүүрлэж, харин 1368 онд Юань хэмээх Хятад дахь Монголын хаанчлал нуран уналаа. Франц, Монголын хоорондын харилцаа олон арван жилээр тасалдсан ч францчууд Иоанн Плано Карпини, Марко Поло, Хейтон болон 1320-иод онд Азиар аялсан Италийн санваартан Порденонегийн Одорикийн өгүүллэгүүдийг уншсаар байв.
Өөрийгөө Жон Мандевил хэмээн нэрлэж, дэлхийгээр хэрэн аялдаг мөргөлч хэмээн батлах нэгэн овжин зохиолч аяллынхаа талаар зохиомол дурсамжуудыг франц хэл дээр бичжээ. Тэр Алс Дорнодод байх үлгэрийн мэт баөян, хосгүй хүчирхэг Монгол төрт улсын талаар дүрслэн бичихийн тулд Плано Карпини, Хейтон, Одорик болон монголчуудын тухай бусад эх сурвалжуудыг түшиглэн зохиосон байв.
“Ноён Жон Мандевилийн ном” нь хожуу дундад зууны үеийн Европ дахь монголчуудын тухай хамгийн алдартай эх сурвалж болж байжээ.
Франц, Монголын ертөнцтэй харилцсан хамгийн сүүлийн албан ёсны харилцаа 1403 онд болсон юм. Тухайн үед Султаны Иоанн хамба Парист ирсэн бөгөөд тэр бээр жилийн өмнө Османы султан Баязидыг ялсан Тамерланы нэрийн өмнөөс ирлээ хэмээн өгүүлж байсан гэдэг. Хэдийгээр Тамерлан түүнийг элчээр илгээсэн гэдэг нь үнэнд нийцэх нь бэрх ч Иоанн Тамерланы намтрыг франц хэлээр бичсэнээрээ түүний айлчлал ихээхэн ач холбогдолтой байв.
Тамерлан бол турк биш харин монгол хүн, тиймээс Францын болон загалмайтны ертөнцийн холбоотон болж болно хэмээн өгүүлж байсан гэдэг. Иоанн ийнхүү монголчуудтай холбоотон болох эртний найдлагад тулгуурлаж байсан байсан аж. Гэвч Тамерлан 1405 онд бие барж, дараагийн зуун жилийн туршид дайн, дотоодын сөргөлдөөнд анхаарал нь сарнисан францчууд голчлон дотоод болон Европын хэрэгт л анхаарч байв.
Хэдийгээр Европын ихэнх хэсэг XV зуунд монголчуудтай холбоо харилцаагүй болсон ч харилцаагаа сэргээх европ мөрөөдөл үеэс үед дамжин оршин тогтнож байсан юм. Марко Пологийн дүрсэлсэн чинээлэг монгол хаант улсуудыг хайж, монголчуудыг загалмайтны шашинд оруулна гэж найдаж байсан олон судлаачдын нэг нь Христофор Колумб байлаа. Францын далайчид, зураг зүйчид 16 дугаар зуун хүртэл Пологийн ном болон Монголын тухай бичсэн бусад бүтээлүүдийг уншсаар байв. Дундад зууны Монголын архив Францын газрын зураг, судалгаанд гүнзгий нөлөө үзүүлсэн бөгөөд ялангуяа францчууд Канад дахь суурьшил нь Алс Дорнодын домогт баялагт хүрэх шууд зам болно гэж итгэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Монголчууд дундад зууны Европчуудыг өөрсдийн оюун санааны уламжлалд танил бус байсан Ази тивтэй танилцуулсан. Вильгельм Рубрук анх Монголчуудтай учрахдаа өөр ертөнцөд хөл тавьсан мэт санагдсан гэж бичиж байжээ.
Франц, Монгол хоёр улс 60 жилийн дипломат харилцаагаа тэмдэглэж буй энэ үед, тэдний илүү гүн гүнзгий түүхийг санах нь чухал. Энэхүү харилцаа айдас, сэжиглэл, сониуч зан, бишрэл, гайхширлаар дүүрэн байв.
Франц-Монголын харилцаа нь ард түмнүүдийн хоорондын харилцан яриа, суралцахуй, нээлттэй байдал ямар их ач холбогдолтойг гэрчилдэг. Энэ харилцаа олон зуун жилийн турш хоёр нийгэмд хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж байна.
Зохиогчийн тухай: Марк Круз нь Аризонагийн Улсын Их Сургуулийн Францын хэл, соёлын тэнхимийн дэд профессор юм. Тэрээр “Дундад зууны Франц дахь Монголын архив: Баримт бичиг, эд зүйлс, уулзалтууд (1221-1422)” номын зохиогч (Cornell University Press). Судалгааны чиглэл нь дэлхийн дундад зуун бөгөөд одоогоор тэр бээр дундад зууны Европын үзэл суртал дахь дэлхийн байлдан дагуулалтын талаар ном бичиж байна.
Орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭША Б.Мөнхцэцэг