Хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл нар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамнаа зочилж, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Жалгас Жумаевич Адилбаев хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр захирал, доктор Д.Золбоо хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлын чиг үүргийн талаар товч танилцуулж, цаашид Төв Азийн бүс нутаг хийгээд Монгол Казахстаны харилцаа хамтын ажиллагаа, орон судлалын талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, ноён Жалгас Жумаевич Адилбаев хүрээлэнгийн төлөөллийг халуун дотноор угтан хүрээлэнгийн санал санаачилгыг талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тэрээр 2020 онд шинжлэх ухаан, боловсролын талаар хэд хэдэн ажлыг төлөвлөсөн боловч “Ковид-19” цар тахлын улмаас эдгээр ажил хойшлогдсон тухай дурдаад цаашид Казахстаны олон улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа, орон судлалын чиглэлээр судалгааны сонирхол, чиглэл нэгтэй байгууллагуудтай харилцаа тогтоох, хоёр орны эрдэмтдийг хамтран ажиллах үйл явцыг эрчимжүүлэх бодолтой байгаагаа онцлов.
Энэ удаагийн уулзалтаар Казахстаны олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр дагнан судалгаа явуулдаг байгууллагуудтай харилцан нягт хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулахыг чухалчилж, цаашид хоёр орны эрдэмтэд харилцан туршлага солилцох үүднээс эрдэмтдийг урих, эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, судалгааны ном, сэтгүүл гаргах зэрэг ажилд Элчин сайдын яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мэдээ бэлтгэсэн: Ш.Амангүл