Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Японы “Дипломатын хөх ном-2022”
Alternate Text

    Япон Улсын Гадаад хэргийн яамнаас жил тутам эрхлэн гаргадаг “Дипломатын Хөх ном”-ын 2022 оны дугаарыг Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамнаас хүрээлэнгийн номын санд хүлээлгэн өглөө.

    Япон Улсын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа https://www.mofa.go.jp/policy/other/bluebook/2022/pdf/pdfs/2022_all.pdf тус номын бүх дугаарыг япон, англи хэлээр нээлттэй байршуулж олон нийтийн хүртээл болгож ирсэн уламжлалтай. 

    2022 оны уг дугаарт 2021 онд  Монгол Улсын дотоод улс төрийн байдал болон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн үзүүлэлт, Монгол-Японы харилцаанд өрнөсөн голлох үйл явдлын тухайд дараах байдлаар дурджээ.

    А. Дотоод хэрэг   

    2021 оны 1 дүгээр сард “Ковид-19”-тэй тэмцэх үйл ажиллагаанд удирдлагын алдаа гаргасан хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар үзэн ёс зүйн хариуцлага хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлогыг  үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, засаглалын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
    2020 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах Ерөнхийлөгчийн анхны сонгууль (шууд сонгууль)  2021 оны 6 дугаар сард явагдаж,  эрх баригч Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 70 шахам хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдов (Бүрэн эрхийн хугацаа 6 жил, дахин сонгогдохгүй).
    Энэ үйл явц  Монгол Ардын Намаас 12 жилийн дараа ерөнхийлөгч сонгогдсон явдал болов. “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдал 3 дугаар сараас хойш өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж, 9 дүгээр сард хамгийн их буюу 3,963 хүн бүртгэгдэж, түүнээс хойш аажмаар буурч байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн  Засгийн газар өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэн эдийн засгийг сэргээх, яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн 2 дугаар сараас иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг эхлүүлж, 12 дугаар сарын байдлаар нийт хүн амын 92% нь 2-р тунд хамрагдаж, нэмэлт дархлаажуулалтыг ч эхлүүлээд байна. 5 дугаар сард Монгол Улсад  Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн туслалцаатайгаар 2.35 сая тун “Файзер” вакциныг худалдан авч нийлүүлэх тусламж үзүүлсэн.
    Нөгөөтөйгүүр “Ковид-19”-ийн халдвар үргэлжилсэн хэдий ч эдийн засгийн үйл ажиллагаа аажмаар сэргэж, нүүрс, зэсийн экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны эдийн засгийн статистик мэдээгээр экспорт өмнөх оны мөн үеэс 22.1%-иар, импорт 29.2%-иар өссөн байна.
    Мөн 12 дугаар сарын статистикийн мэдээгээр татварын орлого 8.5%-иар буурч, аж үйлдвэрийн үйлдвэрлэл 44.6%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ.

    Б. Япон-Монголын харилцаа    

    2021 он “Ковид-19” цар тахлын улмаас Япон, Монгол хоёр улсын хооронд зорчих явдалд хязгаарлалт үргэлжилсээр байсан хэдий ч, нийтлэг үнэт зүйлс бүхий түнш улс орнуудын хувьд “Стратегийн түншлэл”-ээ бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа хэвийн өрнөсөн жил байлаа.

   7 дугаар сард Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал  нээлтээ хийв. Mitsubishi Corporation, Narita International Airport Co., Ltd, Japan Airport Terminal Co., Ltd, JALUX Co., Ltd зэрэг консерциумаас бүрдсэн Японы компаниудын холбоо  болон Монголын төрийн өмчит аж ахуйн нэгж хамтран  үүсгэн байгуулсан нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эрхлэх компани үйл ажиллагааг эхлүүлж, нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, Ерөнхий сайд Сугагийн  баярын илгээлтийг  дамжуулав. Тус онгоцны буудал нь Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болохуйц бүтээн байгуулалт юм.

    Түүнчлэн өнгөрсөн 7 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны гадаад айлчлалаа Япон улсаас эхлүүлж, Ерөнхий сайд Сугатай дээд хэмжээний уулзалт хийсэн. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2022 онд тохиох  Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох, мөн 50 жилийн ойн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал нэгдэв. Үүний хамт “Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай”-ын түншлэлд чиглэсэн хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх  талаар санал нэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлах үеэрээ “Токио-2020” олимп, паралимпийн наадмын нээлтэд оролцов.

    12 дугаар сард, Япон улсын Гадаад харилцааны сайд Хаяаши, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын цахим хуралдаан зохион байгуулагдаж, 2022 оны  Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, “Ковид-19” цар тахлыг даван туулж, иргэдийн солилцоог сэргээсэн жил болгохын төлөө болон 50 жилийг дүгнэн харж, ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх жил болгох талаар санал нэгдэв.

  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
  • эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Саранчимэг




Бусад мэдээлэл