Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох санаачилга, үйл явц хэрхэн өрнөсөн тухай түүхийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Монгол-Вьетнамын улс төрийн харилцааны эхлэл тавигдсан нь. Дэлхийн II дайныг төгсгөж, дайнд ялалт байгуулсан ЗХУ, түүний холбоотнууд, мөн дайнд оролцсон орон бүр өөрийн хувь нэмрийг хүртсэн үйл явдал түүхэнд “Ялтын гэрээ” хэмээн тэмдэглэгдсэн олон улсын улс төрийн түүхэн ач холбогдолтой баримт бичигт тодорхойлогдсоноор шийдвэрлэгдсэн болно. Манай хоёр орны хувь заяа ч шийдвэрлэгдсэн билээ. БНМАУ дэлхийн II дайны эхлэл, төгсгөлд Японы эсрэг дайнд ЗХУ-ын хамт ялалт байгуулсан түүхэн үйл явдал монголчуудыг дахин дэлхийд мэдүүлсэн түүхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын түүхийн IX бүлгийг бичсэн академич Ж.Болдбаатар 1945 оны 2 дугаар сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британийн Засгийн газрын тэргүүн нарын бага хурал ЗХУ-ын саналыг хүлээн авч, гурван гүрэн БНМАУ-ын статусыг хэвээр үлдээнэ гэж тохирчээ. Энэхүү шийдвэр БНМАУ-ыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. 1946 онд Дундад Иргэн Улсын Засгийн газар монголчууд, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.
Ялтын гэрээгээр Энэтхэг-Хятадын хойгийг, Вьетнамыг Франц улсын мэдэлд үлдээсэн нь 1787 оноос эхтэй, 1884 онд эхэлсэн Францын колоничлолыг үргэлжлүүлсэн хэрэг байв. Вьетнамчууд Францын колоничлолоос ангижирч, 1945 онд тусгаар тогтнолоо зарласан боловч холбоотнууд Францын ноёрхлыг дахин сэргээх зорилгыг америкчууд тэлэн дайн өдүүлсэн үед үүний эсрэг Вьетнам улс “Эсэргүүцлийн дайн”-ыг зарлан, үргэлжлүүлэн түүхэнд “Вьетнамын дайн”, “Америк-Вьетнамын дайн”-ы хүнд бөгөөд хариуцлагатай үедээ орсон байлаа. Вьетнамын дайны тухай албан мэдээллүүд дэлхий дахинаа түгж, олон үндэсний эсэргүүцлийг эхлүүлж, дайныг буруушаан, вьетнамчуудыг дэмжих дэлхий дахины хөдөлгөөн болон хувирч, үүнийг ЗХУ, ЗХУКН тэргүүлж байлаа. Монголын ард түмэн, төр, засгийн газар ч хоцролгүй хөдөлгөөнд хамрагдаж байр сууриа илэрхийлж эхэлсэн нь дээрх судалгаанаас харагдаж байна. Энэхүү хөдөлгөөн хүрээгээ тэлж, тэр үеийн цорын ганц олон улсын олон талт харилцааг зохицуулагч, шинээр байгуулагдсан НҮБ ч уг асуудалд анхаарлаа хандуулж эхлэв.
Анхдагч сурвалжуудаас, дипломат харилцаа тогтоохоос өмнөх 5 жилийн дотор Монгол-Вьетнамын харилцаа улс төр-дипломатын хэв шинжтэй эхлэн, үйл ажиллагаа нь явагдаж, улмаар дипломат харилцааны үндэс суурь тавигдсан гэж үзэж болно.
Хо Чи Мин (Hồ Chí Minh) НҮБ, Франц, АНУ, БНХАУ зэрэг орнуудын удирдагч нарт захидал, цахилгаан илгээж Вьетнам улс бие даасан бүрэн эрхт, эрх чөлөөтэй, тусгаар улс байх ёстой гэдгийг нотолж, дэлхийн олон нийт Вьетнамын шударга тэмцлийг дэмжихийг уриалж байсан тухай С.Дашцэвэл “Хо Ши Мин: Амьдрал цаг үе” бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.
1950 он гармагц БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин (Hồ Chí Minh) дэлхийн бүх улсын Засгийн газарт уриалга гаргаж хүргүүлсэн. Уг уриалгад 1945 онд япончууд ба француудын колонийн засаглалыг унагаж БНАВУ-ыг байгуулсан, мөн ондоо францчууд Өмнөд Вьетнамыг довтлон эзэлсэн тухай дурдаад, 1946 онд Францаас Вьетнамтай байгуулсан урьдчилсан хэлэлцээрийг үл харгалзан түрэмгий дайныг үргэлжлүүлэн Бао Дайгийн (Bảo Đại) Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтнолоо хамгаалан вьетнамын ард түмэн, засгийн газар тэмцэж байгаа тухай тэмдэглээд, БНАВУ-ын засгийн газар хууль ёсны засгийн газар болохыг тунхаглан мэдэгдсэн байдаг. Вьетнам улс эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах тэмцлийн жилүүдэд дэлхийн улс түмний талархал, дэмжлэгийг хүлээж байна гэжээ. Тус улсын засгийн газар Вьетнамын тэгш эрх, түүний нутаг дэвсгэр, бүрэн эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн ямар ч улстай дипломат харилцаа тогтооход бэлэн байгаа тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Хо Чи Мин (Hồ Chí Minh)-ийг Москвад байх үеэр БНМАУ-аас ЗСБНХОУ-т (тэр үеийн албан ёсны нэршлээр-Б.Ц.) суугаа ЭСЯ уриалгыг хүлээн авч тэр даруй цахилгаан мэдээгээр засгийн газарт мэдээлжээ. Энэхүү тунхаглалын талаар “Үнэн” сонины 1950 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 32 (4412) дугаарт ТАСС-ын мэдээлснийг нийтэлсэн. 1951 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 10 дугаартай, маш нууцын зэрэглэлтэй, дипломат харилцаа тогтоох тухай ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэнгээс БНМАУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Б.Жаргалсайханд хүргүүлсэн албан бичигт БНМАУ-ын Засгийн газар БНАВУ-тай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэв. Энэ тухай БНАВУ-д явуулах албан бичгийн төлөвлөгөөг орос, хятад хэл дээр тус бүр нэгийг хүргүүлэв гэжээ. Ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай манай улсын санал, санаачилга хоёр улсад Монголын ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэн, БНАВУ-ын ГЯЯ-ны сайд Хоан Минь Зиам (Hoàng Minh Giám) нарын хооронд, БНМАУ-аас ЗСБНХОУ-д (тэр үеийн албан ёсны нэршлээр), БНХАУ-д суугаа элчин сайд, БНАВУ-аас ЗСБНХОУ, БНХАУ-д суугаа элчин сайд, ЭСЯ-д хооронд ажил хэрэг болгосон түүхтэй.
Элчин сайд нарын яриа, уулзалт, арга хэмжээ тэр үеийн улс төр-дипломатын харилцааны хамгийн чухал, үр дүнтэй хэрэгсэл (хоёр дахь механизм) байжээ. 1951-1954 онд нийтдээ 9 яриа, уулзалтыг Москва хотод 2, Бээжин хотод 7 удаа зохион байгуулсны ихэнх нь Вьетнамын ЭСЯ-д болсон юм.
Яриа уулзалтууд, хүлээн авалтын тухай тэмдэглэлээс үзэхэд:
а) Дипломат харилцаа тогтоох асуудлаар: 1954 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-д суугаа БНМАУ-ын элчин сайдыг түр хамаарагч Н.Лувсанчүлтэм БНАВУ-аас суугаа элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan)-тай Бээжин хотод уулзаж, “Монголын засгийн газар манай хоёр орны ард түмнүүдийн нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэхийн тулд Монгол ба Вьетнамын хооронд дипломат харилцааг байгуулж, дипломат төлөөлөгчдөө солилцох сонирхолтой байгааг илэрхийлж, засгийн газартаа уламжилж өгөхийг хүсэж, энэ тухай албан бичиг”, 1954 оны 10 дугаар сарын 02-ны өдөр элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan) манай засгийн газар Монголын засгийн газрын саналыг халуунаар талархаж Вьетнам, Монголын хоорондын нөхөрлөл өдрөөс өдөрт хөгжинө гэдэгт итгэж байгаагаа өөрийн засгийн газарт уламжилж өгнө үү гээд энэ тухай санамж бичгийг тус тус гардуулав.
б) Монгол орныг танин мэдэх, сурталчлах талаар: 1953 оны 3 дугаар сарын 1-ний өдөр элчин сайдыг түр хамаарагч Жау Лыөн (Châu Lương) мөн түр хамаарагч, зөвлөх Д.Цэрэндоржтой Бээжин хотноо ЭСЯ-д уулзаж Вьетнам улс Францын колоничлол дор Монголыг бодвол хоцрогдсон орон. Манай ард түмэн Монгол бол манай ах дүүс гэж мэдэж байгаа боловч яаж хөгжиж байгааг мэдэхгүй байна. Түүнчлэн манай ЭСЯ-д нарийн мэдээлэл үгүй байна. Үүний тул соёлын харилцааг хөгжүүлэх асуудлыг талууд харилцан дэмжив. Вьетнамын хүсэлтээр эхний ээлжид манай улс гэрэл зургийн үзэсгэлэн бэлдэн ирүүлж 1953 оны 7 дугаар сарын 28-ны өдөр элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan)-д ЭСЯ-ны зөвлөх Д.Цэрэндорж, хоёрдугаар нарийн бичгийн дарга н.Эрэнцэнсодном нар хүлээлгэн өгчээ. Мөн “Ардын ардчилсан орнуудын арми” гэдэг музейд зориулж үзмэр бэлтгэж Москва дахь ЭСЯ-аар дамжуулан Вьетнамын ЭСЯ-д өгснөөр Монголын тухай анхны сурталчилгаанууд хийгдсэн байх юм. Ийнхүү манай хоёр орнуудын соёлын харилцааны эх үүсвэр тавигдсан билээ.
в) Тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй вьетнамын ард түмэнд туслах асуудлаар: 1951 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Москва хотноо БНАВУ-аас ЗСБНХОУ-д (тэр үеийн албан ёсны нэршлээр-Б.Ц.) суугаа элчин сайд Нгүен Лыөн Бан (Nguyễn Lương Bằng) Вьетнам улс байгуулагдсаны 6 жилийн ойд зориулсан хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ Вьетнам улс Хятад, Монгол, Солонгос ба Зүүн Европын ардчилсан улсуудтай найрсаг харилцаатай байх, тэдний дэмжлэг туслалцаатайгаар чөлөөлөх дайнд ялалт байгуулж, цаашид хөгжих тухай байр сууриа илэрхийлэв.
1953 оны 3 дугаар сарын 1-ний өдөр, Бээжин. Элчин сайдыг түр хамаарагч Жау Лыөн (Châu Lương) мөн түр хамаарагч Д.Цэрэндоржтой уулзаж Францын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй хүнд үед та бүхнээс тусламж аваад хариуд нь өгөх юм байхгүй байна гэж санаа зовж байгаагаа илэн далангүй хэлэв. Хариуд нь зөвлөх Д.Цэрэндорж Вьетнамын ард түмэнд тусламж үзүүлэх явдал бол манай ариун шударга үүрэг мөн гэж мэдэгдсэн байдаг. 1952-1954 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ж.Самбуу, МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин (Hồ Chí Minh), ВХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Чыөн Жинь (Trường Chinh) нар харилцан баяр хүргэсэн цахилгаан 7 удаа солилцсон байна. Төр, намын дээд түвшинд Вьетнам улс, ВХН, Үндэсний нэгдсэн фронт байгуулагдсаны ойд, монголын үндэсний баяр наадам, Ю.Цэдэнбалыг СнЗ-ийн даргаар томилогдсонд баяр хүргэж, Чыөн Жинь (Trường Chinh) Вьетнамын ард түмний эрх чөлөөний тэмцэл ялалтад хүрэхийг хүсэн ерөөсөн, монголын ард түмний ололт амжилт, хоёр орны найрамдалт харилцааны хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн улс төрийн механизм ийнхүү үүсжээ.
МАХН Монгол-Вьетнамын харилцааны улс төрийн харилцааг тэргүүлэх болов. МАХН-ны ТХ-ны УТТ 1954 оны 8 дугаар сарын 28-ны өдөр БНАВУ-тай дипломат харилцаа байгуулах тухай 43/252 дугаартай тогтоол гаргаж, намын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба гарын үсэг зуржээ. Тогтоолын үндэслэлийг манай орнуудын ард түмнүүдийн найрамдалт харилцааг цаашид улам бататган бэхжүүлэх зорилго тавьж УТТ-оос:
• БНАВУ-ыг бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн улс төрийн шийдвэр гаргасан;
• БНМАУ БНАВУ-тай дипломат харилцаа тогтоох улс төр, дипломатын шийдвэр гаргасан;
• Дипломат харилцаа байгуулах, элчин сайд харилцан солилцох (дипломат төлөөлөгчдийн газар байгуулах-Б.Ц.) асуудлыг гүйцэтгэхийг СнЗ-д (ГЯЯ-Б.Ц.) даалгасан байна;
МАХН-ын ТХ-ны УТТ намын XII хуралд ВХН-ын төлөөллийг албан ёсоор урьсны дагуу 1954 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ВХН-ны ТХ-ны гишүүн бөгөөд БНАВУ-аас БНХАУ-д суугаа ОББЭ элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan) Улаанбаатар хотын нисэх буудалд ирэхэд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Н.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, ТХ-ны Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга С.Удвал нарын албаны хүмүүс угтан авчээ. Намуудын анхны, албан ёсны төлөөлөгчдийн айлчлал нь хоёр орны дипломат харилцаа байгуулах тухай засгийн газар хооронд албан ёсоор тохиролцсоны дагуу БНМАУ-аас БНАВУ-д суух анхны элчин сайдаар БНХАУ-д суугаа ОББЭ элчин сайд Баянбаатарын Очирбатыг, БНАВУ-аас БНМАУ-д суух анхны элчин сайдаар БНХАУ-д суугаа ОББЭ элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan) нарыг хавсран ажиллах улс төрийн томилгоо хийх, элчин сайдууд дипломат харилцаа байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах, 16-29-ны өдрүүдэд МАХН-ын XII их хуралдаанд оролцож үг хэлэх, МАХН-ын ТХ-д айлчлах зорилготой байв. Эдгээр арга хэмжээний үр дүнд манай хоёр орны хооронд нам-улс төрийн хэв шинжтэй улс төрийн харилцааны эхлэл тавигдсан гэж үзэж байна.
Ази, Номхон далайн орнуудын олон талт хамтын ажиллагаанд анх оролцсон талаар. 1949 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Бээжин хотод Ази, Номхон далайн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдийн XI хурал болж Вьетнам зэрэг 14 орны 114 төлөөлөгчид хуралдав. Хуралд МҮЭ-ийн ТЗ-ийн дарга Д.Адилбиш оролцож үг хэлэхдээ Америк, Английн империалистууд Вьетнамд дээрмийн колоничлох дайн явуулж байгааг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн явдал манай хоёр орон Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны механизмд хамт оролцож эхэлснийг гэрчилж байна.
Монголын ард иргэдийн Вьетнам улсыг дэмжсэн хөдөлгөөн үүсэж эхэлсэн нь. Энэ үеэс Вьетнамыг дэмжих санаачилга гарч аажмаар монголчуудын бие даасан, сайн дурын хөдөлгөөн болох үндэс тавигдсан. Энэхүү санаачилга, хөдөлгөөний гол хэрэгсэл нь нам, засгийн газрын “Үнэн” (“Правда” зарим үед орос хэл дээр гардаг) сонин байв. 1949-1954 онуудад эхний үед дайны байдал, Вьетнамын засгийн газраас авч буй арга хэмжээний тухай товч мэдээлдэг байсан бол сүүлдээ вьетнамын ард түмний шударга тэмцлийг дэмжсэн, түрэмгий дайныг эрс шүүмжилсэн монголын нам, засгийн бодлого, шийдвэр, ялангуяа ард түмний хөдөлгөөний байр суурийг илэрхийлдэг намын үзэл суртлын зэвсэг болон хувирч байлаа.
“Правда” (“Үнэн”) сонины 1953 оны 9,12 дугаар сард орос хэлээр нийтлэгдсэн Б.Нямсамбуугийн Вьетнам улс байгуулагдсаны 8 жилийн ой, өнөөдөр Вьетнам дахь колоничлолын дайныг зогсоох тэмцлийн өдөр (1 нүүрэнд багтаан), Л.Загдын “Вьетнам дахь түрэмгий дайныг зогсоохыг энх тайвныг эрхэмлэгч ард түмэн шаардаж байна”, Н.Сараагийн “Манай орны эмэгтэйчүүдийн шаардлага”, эмч н.Гээпилийн “Би вьетнамчуудын тэмцэлтэй эв санааны нэгдэлтэй байна”, Д.Шаравын “Чойбалсангийн нэрэмжит аж үйлдвэрийн комбинатын ударник ажилтнууд” зэрэг өгүүлэл, нийтлэл энэ үйл хэрэгт онцгой байр суурь эзэлнэ.
Улс төр-дипломатын харилцааны институц үүссэн нь. Дипломат харилцаа байгуулах хүртэлх үед Монгол-Вьетнамын харилцааны, тухайлбал улс төр-дипломат үйл ажиллагааны бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг хоёр орны намын Төв хороо, Засгийн газар, ГЯЯ-д хариуцаж байлаа. Дипломат харилцаа байгуулах ажлыг тус хоёр улсаас БНХАУ, ЗСБНХОУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газар түр хавсран хариуцаж хамтран амжилттай гүйцэтгэсэн юм. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа байгуулахад оролцсон нийт хүмүүс, үүний дотроос БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Н.Лхамсүрэн, БНАВУ-ын ГЯЯ-ны сайд Хоан Минь Зиам (Hoàng Minh Giám), БНМАУ-аас БНХАУ-д сууж байсан элчин сайд Б.Очирбат, Б.Жаргалсайхан, түр хамаарагч Н.Лувсанчүлтэм, зөвлөх Д.Цэрэндорж, БНАВУ-аас БНХАУ-д сууж байсан элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan), түр хамаарагч Жау Лыөн (Châu Lương), БНАВУ-аас ЗСБНХОУ-д (тэр үеийн албан ёсны нэршлээр) сууж байсан элчин сайд Нгүен Лыөн Бан (Nguyễn Lương Bằng), ЗСБНХОУ дахь Монголын элчин сайдын яамны ажилтан С.Равдан, н.Далхжав, н.Готов, н.Ядамжав, БНХАУ дахь Монголын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга н.Эрэнцэнсодном нар бол Монгол-Вьетнамын харилцааны түүхэнд мөнхөд дурсагдах гавьяат дипломатчид мөн билээ.
1954.09.01 Бээжин хот. Вьетнамын ЭСЯ. Элчин сайдыг түр хамаарагч Н.Лувсанчүлтэмтэй уулзсан ярианы тэмдэглэл. 344/а-178, 34-36-р тал. Элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan): манай хоёр улс нь үүний урд хэдийгээр жинхэнэ дипломат харилцааг байгуулаагүй боловч жинхэнэ харилцаа байгуулсны адил нягт харилцаатай байлаа гэж одоогоос 70 жилийн өмнө хэлж байсантай бид санал нэг байна. Энэ дүгнэлт дээр дурдсан судалгаагаар бүрэн нотлогдож байгаа юм.
Дипломат харилцаа тогтоох санаачилга, үйл явц. Бидний судалгааны үр дүн Монгол, Вьетнам улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох үйл явц дөрвөн үе шаттай явагдсан гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.
Нэгдүгээр үе шат. БНАВУ-ын Ерөнхийлөгч дэлхийн бүх улсын засгийн газарт явуулсан уриалгад БНАВУ-ын Засгийн газраас харилцан ашигтай байдлыг харгалзан, дэлхий дахинд найрамдлыг баттай болгох, ардчиллыг байгуулах үүднээс Вьетнамын тэгш эрх, түүний орон нутаг, үндэсний бүрэн эрхийг хүндэтгэх ямар ч засгийн газартай дипломат харилцаа тогтооход бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү уриалгыг БНАВУ-аас БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох анхны санаачилга буюу санал мөн гэж үзсэн.
Хоёрдугаар үе шат. Вьетнамын Засгийн газрын санаачилга, саналыг хүлээн авч БНМАУ-ын албан ёсны шийдвэр гаргасан үе шат. Ерөнхийлөгч Хо Чи Мин 1950 онд Сталины 70 насны ойгоор Москвад очих үед тэрхүү уриалгыг Москвад сууж байсан манай Элчин сайдын яам хүлээн авсан юм. Энэ нь манай улс Вьетнам улстай дипломат харилцаа тогтоох хамгийн эхний алхам байлаа.
Гуравдугаар үе шат. Элчин сайд нарыг сонгох, томилох, итгэмжлэх жуух бичиг гардуулах. 1955 онд БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-ын УТТ БНМАУ-ын БНХАУ-д суугаа Элчин сайд Баянбаатарын Очирбатыг, БНАВУ-ын ерөнхийлөгч БНАВУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Хоан Ван Хоан (Hoàng Văn Hoan)-ыг тус тус элчин сайдаар томилон хавсран ажиллуулахыг хэлэлцэн тохирч, шийдвэр гаргаж баталгаажуулсан байна.
Дөрөвдүгээр үе шат. Монгол-Вьетнамын харилцааны бодлогын шийдвэрийг зохион байгуулж, хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ЭСЯ-ыг эрх зүйн статусын хувьд байнгын үйл ажиллагааны хэлбэртэй байгуулсан.
Ийнхүү дипломат харилцаа тогтоосон явдал хоёр улсын харилцааны түүхэнд цоо шинэ үеийг нээсэн бөгөөд улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Төрийн тэргүүнүүдийн анхны айлчлалын мөн чанар, онцлог. Вьетнам судлаачид хоёр орны төрийн тэргүүнүүдийн анхны айлчлалын ач холбогдлыг Монгол, Вьетнам бие биеэ танин мэдэх, улс төр, эдийн засгийн салбарт дэмжин туслах явдалд ач холбогдолтой үйл явдал болсон (С.Дашцэвэл, 2005 он), Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулганы чулууг тулалцаж, галыг бадрааж өгсөн (Б.Гантуяа, 2005 он), Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьсан (Б.Цэнгэллхам, 2009 он), хоёр орны ард түмний харилцаанд чин сэтгэлийн халуун дотно уур амьсгалыг бүрдүүлж өгсөн (гурвуулаа, 2019 он) гэж дурдсан байдаг.
Харин бидний судалгаагаар энэхүү улс төрийн харилцааны улс төрийн арга хэрэгсэл дор дурдсан мөн чанар, онцлогтой байдаг. Үүнд:
1. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын хувьд харилцааны субъект нь БНМАУ, БНАВУ, бусад улс төрийн тогтолцооны хувьд ардын ардчилсан улс, түүнийг өндөр, дээд түвшинд төлөөлсөн, Вьетнамын талаас Ерөнхийлөгч, Монголын талаас нам, засгийн тэргүүн албан тушаалтай “нэгдүгээр хүн” байв.
2. Цаг хугацааны хувьд өндөр, дээд түвшний айлчлалын анхных, Вьетнамынх түрүүлж 1955 онд, Монголынх удаалж 1959 онд тус тус хийгдсэн, хоорондоо 4 жилийн давтамжтай байгаа нь тогтвортой байдлыг хангасан, Монгол, Вьетнам улсын хоорондын өндөр, дээд түвшний анхны айлчлал болно.
3. Орон зайн хувьд Ази тивийн Монгол Улс Төв ба Зүүн хойд Азийн, Вьетнам улс Зүүн өмнөд Азид, их гүрэн Хятадын хойно ба өмнөдөд хил залгаа орших байрлалтай, олон улсын харилцааны хоёр талын ангилалд хамаарагдана.
4. Олон улсын харилцаанд эзлэх нөлөө, хөгжлийн түвшнээр Монгол буурай хөгжилтэй бага улс, Вьетнам буурай хөгжилтэй том улс хоёр талын харилцаанд оролцож эхэлсэн.
5. Гадаад бодлогын үзэл баримтлал, зорилгын үндэсний эрх ашгийн асуудлаар ижил байр суурьтай. Энэ цагаас эхлэн өндөр, дээд түвшний айлчлалын субъектүүд яриа хэлэлцээ, хэлэлцээр, арга хэмжээнд хоёр улсын үндэсний ашиг сонирхолд тулгуурлах зарчмыг баримталж эхэлсэн. Монгол, Вьетнамын гадаад бодлого нь социалист системийн болон ЗХУ тэргүүтэй социалист орнуудын гадаад бодлоготой уялдуулан зохицуулагдсан, үндсэндээ Зөвлөлт Оросын гадаад бодлогоор тодорхойлогдож байсан үе.
6. Монгол, Вьетнам улс, МАХН, ВХН, монгол, вьетнам ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай болохыг талууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
7. Гадаадын империалистуудын эсрэг тэмцлийг явуулж, олон жилийн колонийн дарлалыг халж, өөрийн эдийн засгийг сэргээн босгож байгаа ах дүү вьетнамын ард түмэнд материаллаг тусламж үзүүлэх болно гэж монголын нам, засгийн газар албан ёсоор мэдэгдсэн.
8. Монгол-Вьетнамын харилцааны шинэ төрлийн, улс төр-хүмүүнлэгийн харилцааны эхлэлийг тавьсан бөгөөд энэ харилцааны улс төрийн арга хэрэгсэл нь үндсэндээ мал бэлэглэх хэв шинжтэй материаллаг хэлбэрийн бэлэглэл, тусламж нь 90-ээд он хүртэлх харилцааны мөн чанарын нэг гол илэрхийлэл байсан юм.
9. Энэ түүхэн ач холбогдолтой айлчлалаас манай улсуудын харилцаанд нам-улс төрийн шинэ харилцаа үүсэж, түүнээс бусад салбар харилцаанууд шууд хамааралтай хөгжиж эхэлсэн байна.
Дүгнэлт. Өнгөрсөн 70 жилийн түүхэн дэх Монгол-Вьетнамын улс төрийн харилцааг товчхон дүгнэвэл:
а. Манай хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, он удаан жилийн анд нөхрийн нөхөрлөлд тулгуурласан бат бэх үндэс суурьтай;
б. Олон улсын харилцааны орчин цагийн чиг хандлагатай уялдан зохицож, шинэ хэлбэр, утга агуулгаар бүхий л салбарт өргөжин хөгжиж байна;
в. Дэлхийн болон улс үндэстнүүдийн аюулгүй байдлыг тогтвортой хангах, бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм бий болгоход идэвхтэй дэмжин оролцож байна;
г. Хоёр орон улс төрийн өөр өөр тогтолцоотой нь тус тусын хөгжил, харилцаа, хамтын ажиллагаанд саад бэрхшээл, дарамт шахалт болдоггүй, харин төрийн институц хоорондын харилцаа 2000 оноос хойш эрчимтэй өргөжин хөгжиж байна;
д. Хоёр орны гадаад бодлого нь нэгдсэн нэг зорилго, үзэл баримтлалтай, өөр өөрийн өвөрмөц онцлог, өв соёл, уламжлалыг хадгалсан, олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүрэн хангасан учраас манай орнуудын найрамдалт харилцааны үндэс суурь болно.
ОУСХ-ийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын ЭШАА,
доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхам