Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Олон улсын мэдээллийн Академийн жинхэнэ гишүүн, доктор (Sc.D), профессор Лувсангийн Хайсандайн 80 насны ойн баяр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр ШУА-ийн салбар хүрээлэнгүүд тэр дундаа Дорно дахин судлалын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнд 40 гаруй жил тэр дундаа захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай удирдах албан тушаал хашиж, Монголын гадаад бодлого, олон улс судлалын чиглэлээр эрдмийн 14 нэг сэдэвт зохиол туурвиж, 10 гаруй хамтын бүтээлд зохиогч, ерөнхий редактороор оролцон, 180-аад эрдэм шинжилгээний өгүүлэл туурвин хэвлүүлжээ.
Түүний 40 гаруй бүтээл нь ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк, Тайвань зэрэг улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдэж байв. Тэрээр олон арван доктор, магистрын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж эрдмийн замд оруулсан багш билээ.
Доктор Л.Хайсандайгийн бүтээлийг гадаадын олон оронд өндрөөр үнэлдэг юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 2013 онд “Найрамдал” одон, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн дээд шагнал “Академич Крачковскийн алтан медаль”-иар тус тус шагнажээ.Эдгээр баярт үйл явдал нь Монголын ШУА-ийн эрдэмтдийн хувьд анхных нь билээ.
Эрдэмтэн Л.Хайсандай багшдаа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүрээлэнгийн хамт олноос нь.