Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд - 100 жил” эрдэм шинжилгээний хурал болов
“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд - 100 жил” эрдэм шинжилгээний хурал болов

   Монгол сурагчид Герман, Франц улсад боловсрол эзэмшиж эхэлсний нэгэн зуун жилийн ойд зориулсан “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд - 100 жил” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Герман, Франц улсад анх суралцсан монгол сурагч, оюутан, багш нарын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд хамтран санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсролын яам, ХБНГУ болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс зэрэг байгууллагуудын хамтын дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

   Хурлыг морин хуурын аялгуугаар эхлүүлсний дараа Шинжлэх Ухааны Академийн Дэд Ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр XX зууны эхэн хагаст Монгол Улс Герман, Франц зэрэг Өрнөдийн орнуудтай тогтоосон харилцаа нь 1911, 1921 оны үндэсний хувьсгалуудын залгамж, тусгаар тогтнолоо баталгаажуулах үндэсний эрх ашигтай холбоотой байсныг онцолсон.

   Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Коринн Пэрера Да Силва, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Соёлын атташе нар мэндчилгээ дэвшүүлэв.

   Хурал хоёр хэсэгтэй бөгөөд нийт 18 илтгэл, танилцуулга тавигдсан. Нэгдүгээр хэсэгт “Герман, Францад одсон багш, сурагчдын Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг тодотгох нь” сэдэвт үндсэн илтгэлийг боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Ц.Дэлгэрсайхан танилцуулсан бөгөөд 1920-30-аад оны гадаад бодлого ба Монгол-Германы харилцаа, оюутан, сурагчдад оногдсон улс төрийн хэлмэгдүүлэлт, Д.Нацагдорж судлал, Германд суралцсан анхны таван эмэгтэйн амьдрал зэрэг сэдвээр илтгэл тавигдсан. Хоёрдугаар хэсэгт анх суралцагчдын үр хүүхэд, ач зээ нар өвөг дээдсийнхээ үйл хэрэг, дурсамжаа хуваалцсан бөгөөд “Гунгаажавын Батсүх – Анхны сурагчаас Ардын багш” номын нээлт боллоо.

   Хурлын төгсгөлд хоёр хэсгийн дүгнэлтийг танилцуулж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хаалтын үг хэлэв.

   Герман, Францад амжилттай суралцсан 45 орчим сурагч, оюутан XX зууны Монгол Улсын хөгжил дэвшилд салбар бүрдээ үнэлж барамгүй хувь нэмэр оруулж, өнөөгийн Герман, Франц улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьсан анхдагчид байсныг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар онцлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын зүгээс өмнө судлагдаагүй түүхэн баримтыг судалгааны эргэлтэд оруулж, эрдэмтэд, олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулахад түлхэц болохуйц арга хэмжээ боллоо.






















































Бусад мэдээлэл