Хурлыг нээж ШУА-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Aкадемич Г.Чулуунбаатар, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Үндсэн илтгэлийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Шүрхүү “Монголын Хятад судлалын тулгамдсан асуудлууд” сэдвээр хэлэлцүүлж, Хятад судлалыг эрчимжүүлэх шаардлага, хөгжүүлэх арга замын талаар тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэв. Мөн Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн Их сургууль зэрэг судалгааны төв, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш нар, төрийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох төрийн бус байгууллагуудын судлаачид оролцож, “Хятадын аюулгүй байдлын номлол, судалгааны тойм”, “Монгол дахь Хятад судлалын боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн байдал”, “Монгол-Хятадын шинжлэх ухааны хамтын ажиллагаа: Хятадын бодлого” зэрэг сэдвээр БНХАУ-ын улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлууд, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, Монгол-Хятадын харилцааны олон талт асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал дүгнэлтээ солилцов.
Мөн хурлын үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр академичийн эрдэм судлалын 9 ботийг Монгол судлалын Үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монгол судлалын шилдэг өв” цувралд анх удаа цогцоор нь эмхэтгэсэн 9 боть номын нээлт боллоо.
Хуралд оролцогсод энэ удаагийн хурлын ач холбогдол, үр дүнг өндрөөр үнэлж, цаашид уламжлал болгон зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн дүгнэлээ.
Мэдээ бэлтгэсэн Б.Баяржаргал