Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АНУ-ын Элчин сайд тус хүрээлэнд зочлов
АНУ-ын Элчин сайд тус хүрээлэнд зочлов

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Майкл С.Клечески, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга, хатагтай Андреа Гүүдмэн нар 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочлон тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. 

Уулзалтын үеэр захирал, доктор Д.Золбоо байгууллагын үйл ажиллагааны онцлог хийгээд сүүлийн жилүүдэд тус хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын хүрээнд АНУ-ын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хэвлэгдсэн бүтээл, албан сэтгүүлийнхээ талаар тоймлон танилцуулахын зэрэгцээ цаашид энэ чиглэлээр төлөвлөж буй зарим зорилтоо танилцууллаа. 

Эрхэмсэг ноён, Элчин сайд М.Клечески хоёр талын харилцаанд дипломатууд, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг оролцоо өндөр байсаар ирснийг онцлон дурдаад уг сувгаар дамжуулан Монгол-Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны холбоо харилцааг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах бүрэн боломжтой болохыг онцлов.

Мөн уг уулзалтын үеэр Элчин сайд М.Клечески АНУ-ын бүс нутагт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн болон Америкийн тинк танк хүрээлэнгүүдийн хоорондын хамтын ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд, тэрбээр хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын сонирхсон зарим асуултад хариулт өгч тус байгууллагын зарим салбар, номын сангийн үйл ажиллагаатай танилцсан байна.




Бусад мэдээлэл