Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Буцах замгүй Монгол Улс: Эдийн засаг нь улам доройтсоор, ирээдүйд тэд хаачих вэ?

Хятад блогчин Лю Ваньюэ 5 жилийн өмнө Монголын эдийн засгийн талаар нэлээд дэлгэрэнгүй, эш баримттай өгүүлсэн нийтлэлийг та бүхэнд ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэж байна. Тэрээр 280 мянга орчим дагагчтай, 5 сая гаруй “лайк” авсан, зөвхөн энэ бичвэр нь 8 мянга гаруй сэтгэгдэлтэй ажээ. 5 жилийн өмнөх энэхүү блогчны дүгнэлтээс бид хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг харвал сонирхолтой байх болов уу.


 “Том модны сүүдэрт сэрүүхэн” гэсэн хуучны үг бий. Харин 2 том модны дунд суувал сэрүүцэхээр үл барам бүүр даарч ч мэдэх юм. Өнөөгийн Монгол Улс яг ийм байдалд оршиж байна. Орос, Хятад хоёрын дунд хавчуулагдсан эх газрын энэ улс дайнч үндэстний “эрэлхэг, дайчин” чанараас суралцсангүй, мөн “Хятадын үсрэнгүй хөгжил”-өөс чимхийг ч атгаж амжсангүй, харин “сонголтгүй” газарзүйн байршлын улмаас хөгжих зам нь боогдож, өдөр ирэх тусам улам ядуурсаар байгаа юм.

   Монгол Улсын эдийн засгийн өсөлт олон жилийн турш буурч, ард түмний амьдралын түвшин улам доройтож, бараг сүйрлийн ирмэгт ирээд байгаа. Цаашдаа байдал сайжирсан ч бусад том гүрнүүдээс тусламж гуйх нь тодорхой байгаа. Тэгвэл юу чухамдаа Монголыг өнөөдрийн ийм түвшинд хүргэв? Их гүрнүүдээс тусламж авах боломж хэр байгаа бол?

   • Далайд гарцгүй улсын хязгаарлагдмал байдал

   Дэлхийн 2 дахь том далайд гарцгүй орны хувьд Монголын нэр хүнд асар их, харин дотоодын асуудлыг нь тоолоод баршгүй. Тус улсын хувьд хамгийн том зовлон бол далайд гарах гарц байхгүй.

   Эрчим хүчний 2 их гүрэн - Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монгол Улс байгалийн асар арвин баялагтай. Одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал илрээд байгаа. Үүнээс юуны түрүүнд нүүрс 300 тэрбум тонн, газрын тос 8 тэрбум тонн, зэс, төмөрлөг 2 тэрбум тонны нөөцтэй.....Ийм арвин баялаг нөөцтэй болохоор яг л эрдэнэсийн авдраа сахиж суугаа мэт санагддаг. Энэ бүхнийгээ экспортод гаргавал дуусаад баршгүй эд баялаг олж болох мэт.

   Бүх юм бэлэн ч чадал дутаад байна. Цаашид ч байдал өөрчлөгдөхгүй, учир нь Монгол Улс далайд гарцгүй орон. Далайд гарцгүй болохоор хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж чадахгүй. Зөвхөн асар их зардлаар газрын тээвэр хийж, Орос, Хятад хоёр орны зөвшөөрөл, гааль татварыг давах хэрэгтэй болдог. Зардал чирэгдэл ихтэй тул ашиг ч бага гардаг, өнөөгийн эдийн засгийн хямралын үед дээрх баялгууд нь газрын гүнд “унтаж” байхаас өөр яахав.

   Нөгөө талаар ХАА, МАА-д түшиглэдэг тус улс эх газрын өндөр даралтын нөлөөгөөр хахир хүйтэн, урт удаан өвөлтэй, хүйтний урсгал зэрэг байгалийн хүчин зүйл ХАА, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжилд онцгой нөлөөтэй, байгалийн саад бэрхшээлийг даван туулахад хэцүү, улс орны суурь тогтворгүй байдаг байна.

   Харьцуулах зүйлгүй бол шаналаад байх юу байхав, Монгол Улс газарзүйн тааламжгүй байрлалд 2 их гүрний дунд оршдог нь улам нэрмээс болж байгаа, дуулгавартай, томоотой “дүүгийн” дүрд тоглох л үлдэж байгаа юм. Хэрвээ ах нараа гомдоовол буцах замаа боолгож, тэр үед уйлах газар ч олдохгүй.

   Энэтхэг, Вьетнам, Япон зэрэг далд санаатай, газарзүйн нөхцөл боломжтой улсуудтай харьцуулахад Монгол Улс өөрийн хүч, далд хорон санаа байхгүй, энэ хахир хатуу нутагтаа зүгээр л тайван амьдрах хүсэлтэй. Эдийн засаг тогтвортой, ард түмний амьдрал элбэг хангалуун үед энэ нь мэдээж баярлууштай хэрэг, харин эдийн засаг доройтож, ард түмний амьдрал туйлдаж ядарсан нөхцөлд амь дүйсэн явдал болох нь тодорхой.

   Байнгын амар амгалан, номхон хүлцэнгүй байдал Монголын ард түмэн, засгийн газрын тэмцэх зоригийг мохоож, нэг л өдөр намагт шигдчихэд өөрсдийгөө аврах ч тэнхэлгүй болж, улмаар цаг тухайд нь зохистой арга хэмжээ аваагүйгээс улам л доошоо шигдэн, өөрсдийгөө дотоод сэтгэлдээ булшлахад хүргэсэн байна. Монголд үүссэн энэхүү эмгэнэлт байдалд би лав төдий л гайхахгүй байна.

   • Хөрөнгө оруулалт буурсан нь

   Монгол Улс газарзүйн таагүй байрлалтай учир дандаа ийм хүнд нөхцөлд байсан гэж үү? Яг үнэндээ бас тийм биш юмаа. 2011 онд Монгол Улс эдийн засгийн гайхамшгийг үзүүлж, тухайн үед дэлхийн эдийн засаг сайнгүй ч харин АНУ, Япон зэрэг орнууд Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсны дүнд Монгол Улсын ДНБ 17.29% руу үсэрч, эдийн засгийн өсөлтөөр тухайн ондоо дэлхийд тэргүүлж байв.

   Нэгэн цагт Монгол Улс дэлхийн олон орны анхаарлыг татаж, хөрөнгө оруулагчид тийшээ хошуурч байсан. “Түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэдэгчлэн гэнэт баяжсан баялгийн эзэд алт мөнгөндөө цохиулж ухаан нь балартсан уу, Монгол Улс магтаалд живж байсан. Ганц жил мандан бадарсны эцэст Монгол Улс 2012 онд “Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль баталж, ид буцалж байсан уул уурхай, цахилгаан холбоо, санхүү зэрэг салбараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн салбарт хамааруулж, хөрөнгө оруулагчид руугаа хүйтэн ус цацсан. Гадныхан ч өөрсдийн хүчин зүтгэл, хөрөнгө мөнгөө усанд урсгачихыг хүсээгүй, Монголд хөрөнгө оруулах санаагаа таягдан хаяж, бүх хөрөнгөө хамж аваад тус улсаас гарч одов. Гадаадын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний эрэлт үгүй болж, хувьцааны зах зээлээс бодит хөрөнгө оруулалт хүртэл Монголын эдийн засаг ангалд унаж, дотоодын нөхцөл байдал улам хүндэрсэн юм. Монголын засгийн газар ч гэнэтийн өөрчлөлтөд ихэд цочирдон, алдагдлаа нөхөх үүднээс сангийн яамнаас мөнгө хэвлэж, эдийн засгаа сэргээх оролдлого хийсэн ч ханшны уналт, барааны үнийн өсөлтийг зогсоож чадаагүй.

   2014 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 7.8% болтлоо буурч, сүүлийн 15 жил дэх хамгийн доод түвшинд хүрсэн бол 2015 онд бүүр 2.3% хүртлээ уруудав. Удаах жилүүдэд нь байнга сөрөг үзүүлэлттэй гарч, амьдрал “өдрөөс өдөрт” уруудах хандлага руу орсон байна. Гартаа байгаа сайн хөзрөөрөө Монгол Улс сайтар тоглолт хийж чадаагүй. Түүнчлэн “Далайд гарцгүй орны” эдийн засгийн мөрөөдлөө биелүүлж чадаагүй төдийгүй, өрийн дарамт, ард түмний бухимдал, уур хилэнгээс гадна ядуурал хоосролтой үлдэв.

   • “Сэтгэл хоёрдсон” гуйлт

   Монгол Улс зөвхөн тус улсын засгийн газрын хүчээр гадаад, дотоод хүндрэл бэрхшээлээ даван туулна гэвэл бүтэшгүй. Зайлшгүй аль нэг их гүрэн, тогтвортой гадаад хүчин зүйлээр 11 жил үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлээс гарах юм. Газарзүйн байрлалаар авч үзвэл, хамгийн эхний сонголт мэдээж Хятад болон Орос улс байх бөгөөд аль нэгний дэмжлэг л чухал байгаа юм.

   Магадгүй Хятадын харьяанд байснаа санасан хорсол, “гол гаргасан” гэмшил, цаашлаад Япон, БНСУ-тай тогтоосон найрсаг харилцаа болон эдийн засгийн их гүрэн болох мөрөөдлөөс үүдэлтэй байх, Монгол Улс Хятадыг өөрийн найдаж болох ар тал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин Америкийн хаясан чидун модны мөчрөөс зууралдах болсон билээ.

   2019 оны 8 сарын 8-нд АНУ-ын БХЯ-ны сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж, Монголын талын өндөр албаныхантай уулзсан бөгөөд хоёр тал “Гуравдагч хөрш”-ийн харилцааг гүнзгийрүүлэх нэгдсэн ойлголтод хүрсэн. “Шинэ хөрш” Америктаа найрсаг сэтгэлээ илэрхийлэх үүднээс Монгол Улс Эсперт морь бэлэглэсэн нь “найрсаг харилцаа”-г бататгаж буй сэтгэлийн илэрхийлэл болсон юм.

   Монгол Улс Хятадын өгсөн ховор шороог АНУ-д бэлэглэж болно, мөн хоёр улсын үзэглэсэн нэгдсэн ойлголтоо хоромхон зуур мартчихаж ч болно. Мөн оны 9 сарын 3-нд Эсперийн айлчлал өндөрлөөд сар ч болоогүй байхад Монгол Улсын ерөнхийлөгч нийслэл Улаанбаатар хотод ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, эдийн засаг, батлан хамгаалах салбарын олон гэрээг үзэглэсэн бөгөөд хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулах, батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэхээ амлаж, 2 орны харилцааг шинэ шатанд гаргасан.

   Монгол Улсын энэхүү үйлдлийг “онц сайн” гэж дүгнэж болох юм. Түрүүхэн нь АНУ-тай толгой хүзүү холбож явснаа төд удалгүй Оросын гараас зүүгдээд, зүү орох зайгүй даган гүйсэн энэхүү түргэн хувьсалтыг хүмүүс хараад гайхаж мэдэхээр байсан. Гэхдээ Монгол Улсын өнөөгийн байдлыг харвал тэдний далд санааг бас тааж болмоор санагдана.

   АНУ-ын хувьд Хятад, Оросын хөгжлийг боож, хоёр орны харилцаанд яс хаях байнгын бодолтой. Дээрх хоёр орны дунд оршдог Монгол Улс хамгийн чухал “цэг” гэдэг нь эргэлзээгүй, АНУ хэрвээ зөв ашиглаж чадвал Монголд үзүүлж буй зээл тусламжаа эргүүлээд авчих төдийгүй улс төрийн ашиг хонжоо ч хүртэж болох юм. Энэ бол нэг их хүч хөрөнгө шаардахгүй, харьцангуй таатай алхам тул АНУ мэдээж салахыг хүсэхгүй. Гэхдээ АНУ хичнээн сайн сайхнаар мөрөөдөж, том том урхи тавьсан ч “хол” гэсэн ганцхан үгийг давж гарахад хэцүү юм.

   Хэрвээ Монгол, Америкийн нөхөрлөл Оросын талын уур хилэнг өдөөвөөс Америкийн өгөх тусламжаас Оросын арми, их буу түрүүлээд хүрчих талтай. Монгол Улсын засгийн газар хичнээн “гэнэн” ч гэлээ ийм том эрсдэлийг тооцоолж чадна. Ийм учраас монголчууд сэтгэлээ дэлгэн АНУ-тай хамтарч ажиллах боломжгүй, хаа нэгтээ өөрийн “гүн хайр”-аа илчилж, зарим нэгэн эдийн засгийн тусламж хүртчихвэл болох нь тэр.

   Уулын бартай тулалдаад хумсны сорвигүй үлдэнэ гэж юу байхав. Монгол Улс дэндүү сайн сайхнаар төсөөлж байгаа ч бодит байдал огт эсрэгээрээ юм. Иран, Иракийн дайнд хамгийн анх Ирак улс Америкийн дэмжлэгийг авч байсныг сана, дараа нь нүүрээ буруулсан Ливи улсыг бас санаарай. Америк гэдэг тийм ч “зөөлөн боорцог биш”, харин Хятад шиг өгөөмөр улс дэлхийд хэр олон байдаг юм бол. Монголчууд ачийг умартаж, нүүр буруулсан ч бид ийм тайван амгалан байсаар л байгаа.

   Жаахан алдаан дээр Америкийг буруутгах оролдлого хийвэл тэд долоовор хуруугаараа эдийн засгийн хориг тавьчихад л Монгол Улс элгээрээ мөлхөнө. Харин Оросууд даарин дээр нь давс нэмж, уснаас татаж гаргахгүй бол Монгол Улс магадгүй бүрмөсөн дампуурлаа зарлаж, дэлхийн газрын зурагнаас арчигдаж болзошгүй. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийг санаж, ядаж нэг талаа барин дэм тус хүртэж чадваас, хэсэгтээ зүдэрсэн ч удаан тогтвортой хөгжлийг олж болох юм. Энэ шаардлагад нийцэх хүмүүс Америкчууд биш гэдэг нь харагдаж байна.

   Үнэндээ Монгол Улсын ойрын арван хэдэн жилийн хөгжлийн замналыг нарийн судлаад үзвэл, зорилго, зорилтоо зөв сонгоогүй, эдийн засгийн бодлого, дипломат үйл ажиллагаа зэрэг нь өөрсдийн санаанд хэт найдсан, бүх талын бодомж гаргалгаа байхгүй зэрэг сул тал харагддаг. Энэ нь хөгжлийн хангалтгүй эрч хүч, тогтворгүй үндсэн нөхцөл байдалд хүргэдэг. Хэрэв АНУ, Хятад, Орос зэрэг томоохон гүрэн дайралт хийвэл энэ нь тус улсын хувьд сүйрлийн гамшиг болно.

   Монгол Улсын эн тэргүүнд хийх ёстой ажил бол өөрийн улсын нөхцөл байдал, байр суурьт дахин үнэлгээ өгөх, өнөө цагт өөрт нь хамгийн их дутагдаад байгаа зүйлээ тодорхой болгох, Хятад, Оросын дунд оршдог нарийн чимхлүүр газарзүйн харилцаагаар дамжуулан тэнцвэрт байдалд хүрэх явдал юм. АНУ хичнээн дургүйцэж, хүчтэй хориг арга хэмжээ авсан ч Хятад, Орос хоёр гүрний дэмжлэгийг хүлээж чадвал нөхцөл байдал тэгтлээ хүндрэхгүй. Эс тэгвээс Хятад эсвэл Оросыг гомдоосон эсэхээс үл хамааран, аль нэг тал нь гадаад харилцаагаа тасалбал амьдралынх нь тал хувь үгүй болно. "Гуравдагч хөрш", хоёр талын харилцаа зэргийг яриад ч хэрэггүй.

   Үнэндээ энэ орчлон дээр “мухар зам” гэж байдаггүй, “гарах зам” л гэж бий. Хэзээ ч бууж өгөхгүй, шаргуу суралцвал өөрийн гэрэлт замыг олно. Хятад улс хагас зуун жилийн дарлал зовлон, дайны гал дундаас босч ирсэн. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил, үндэстний бийлэгжүү, хүчирхэг байдлыг 30 гаруйхан жилд босгож болдог. Энэ бүхэн нь хэзээд нугарашгүй итгэл найдвар, ялагдах дургүй эрч хүчинд л оршдог юм.

   “Өгөөмөр хүмүүс дайсангүй, зоригтой хүмүүс айдасгүй” . Энэ ертөнц хэнийг ч илүү хайрлаагүй. Зөвхөн өөрийн сонголтоо сайтар харах хэрэгтэй. Хэрэв Монгол Улс өөрөө хүсвэл өнөөгийн зовлон бэрхшээлийг ардаа орхиж, дахин өндийж ирэх нь гарцаагүй.

Эх сурвалж: https://www.toutiao.com/

https://www.facebook.com/munkhjargal.munkhuu.3


Орчуулсан Д.Мөнхжаргал







Бусад мэдээлэл