Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ДИЛОВ ХУТАГТ ба ОУЭН ЛАТТИМОР: ТИВ ДАМНАСАН ӨВ” олон улсын хурал болов
“ДИЛОВ ХУТАГТ ба ОУЭН ЛАТТИМОР: ТИВ ДАМНАСАН ӨВ” олон улсын хурал болов

   2026 оны 5 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд “ДИЛОВ ХУТАГТ ба ОУЭН ЛАТТИМОР: ТИВ ДАМНАСАН ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо Монголын Үндэсний музейд болж, тус хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцов.

   Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас:

  • Др. Равдангийн Болд (Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд)
  • Академич Цэдэндамбын Батбаяр (Латтимор судлалын нийгэмлэг)
  • Др. Оохнойн Батсайхан (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Төрийн соёрхолт түүхч)

   АНУ-аас:

  • Проф. Кристофер Этвүүд (Пенсильванийн их сургууль)
  • Др. Мягмарын Саруул-Эрдэнэ (Конгрессын номын сан)
  • Др. Дашдоржийн Дотно (Харвардын их сургууль)
  • Анн Латтимор Прайс (Оуэн Латтиморын ач охин)

   Их Британи улсаас:

  • Проф. Каролина Хамфри (Кембрижийн их сургууль)
  • Бие даасан судлаач Сью Бёрн

   Япон улсаас:

  • Проф. Тоба Байгаль (Обирин их сургууль) нарын нийтдээ 18 эрдэмтэн илтгэл тавив.

   Хурлын үеэр “ДИЛОВ ХУТАГТ ба ОУЭН ЛАТТИМОР: ТИВ ДАМНАСАН ӨВ” түүхэн баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэж, нийтэд нэг сар үзүүлэх юм байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсын архив, номын сан, АНУ-ын их сургууль, Конгрессын номын сан, Латтиморын гэр бүл, Завхан аймгийн музей зэрэг олон байгууллага, хувь хүмүүсээс ирүүлсэн баримт, захидал, гэрэл зургууд зэрэг ховор үзмэрүүд дэлгэгджээ.

   Энэхүү үзэсгэлэн, хурлыг “Дилов хутагт” сан, Америкийн Монгол судлалын төв, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулжээ.

   Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс Дилав хутагт Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг эх оронд нь авчран монголын ард түмэнд өгч буйгаа мэдэгдэж, Завхан аймгаас сонгогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшинд гардуулан өгсөн нь үнэхээр содон үйл явдал болов.

   Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалахаар болсон Дилав хутагт Жамсранжавын хөөргийг монголчууд ихэд шимтэн үзэж сонирхож байлаа.

   Энэ хөөрөг Монгол Бурханы шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Жамсранжавын өвөрт Хятад, Өвөр Монгол, Төвөд, Энэтхэг, Тайвань, Америк зэрэг олон улс дамнан явсаар ийнхүү өгөөмөр сэтгэлтнүүдийн ачаар эх орондоо иржээ.

   Дилав хутагт Жамсранжавыг АНУ-д урьж, насан турш нөхөрлөсөн монголч эрдэмтэн, судлаач Оуэн Латтиморын туурвисан “Нүүдэлчид ба хувьсгалчид” номыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс 1994, 2024 онуудад монгол хэлээр хөрвүүлэн хэвлэсэн болно.














Бусад мэдээлэл