Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.Цэнгэллхам: Вьетнамын хөгжлийн туршлага, хөрөнгө оруулалт татаж буй арга зам сонирхол татдаг
Б.Цэнгэллхам: Вьетнамын хөгжлийн туршлага, хөрөнгө оруулалт татаж буй арга зам сонирхол татдаг

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч, Монгол дахь Вьетнам судлалын төвийн захирал, доктор, дэд профессор Б.Цэнгэллхамаас тодрууллаа.

-Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ямар ямар түүхэн үйл явдлууд илүү тодотгодог вэ?

-Монгол-Вьетнамын харилцаа дундад эртний үеэс эхлэлтэй бөгөөд энэ харилцаа хоёр орны ард түмний хоорондын чин сэтгэлийн найрсаг харилцаа болж чадсанаараа онцлогтой юм. Монгол Вьетнамын харилцаа их эртний уламжлалтай, бүр XIII зууны үеэс эхлэлтэй гэж үзэж болно.

“Юан улсын судар”, “Аннамын тэмдэглэл”, “Их Вьет улсын бүрэн тэмдэглэл” зэрэг түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээр 1251-1371 оныг хамарсан 120 жилийн хугацаанд Монголын эзэнт гүрэн ба Их Вьет, Чампа улсуудын улс төр, эдийн засаг, соёлын хэлхээ холбооны үндэс суурь тавигдсан байна.

Түүнчлэн манай хоёр улс дипломат харилцаа тогтоохоос өмнө дотно харилцаж байсан байдаг. Тухайлбал, Вьетнамын ард түмний эх орноо чөлөөлөх шударга тэмцлийг 1950-иад оны эхнээс БНМАУ тууштай дэмжиж, Францын зэвсэгт түрэмгийллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа эсэргүүцэн шүүмжилж байжээ.

Бээжинд байсан БНМАУ, БНАВУ-ын ЭСЯ ойр харилцаатай байсан бөгөөд бие биеийнхээ улс орны тухай мэдээллийг солилцож, тус тусын төр засгийн холбогдох байгууллагуудад илгээж байсан нь дипломат харилцаа тогтооход чухал бэлтгэл болсон. Тэр үед Монгол, Вьетнам хоёр улс албан ёсны харилцаа тогтоогоогүй байсан ч бие биеэ ах дүү социалист орон хэмээн хүндэлж, үндэсний баярыг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээж дуу хөгжим, фото зургийн үзэсгэлэн Ханой, Улаанбаатарт гаргаж байсан байдаг.

-Тэгэхээр хоёр орны дипломат харилцаа тогтоох үйл явц хэрхэн өрнөсөн байдаг вэ?

-Бидний судалгаагаар, Монгол, Вьетнам улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох үйл явц үндсэн дөрвөн үе шатыг дамжиж явагдсан байна.

Нэгдүгээр үе шат. БНАВУ-ын Ерөнхийлөгч дэлхийн бүх улсын засгийн газарт уриалга явуулсан. Уг уриалгадаа БНАВУ-ын Засгийн газраас харилцан ашигтай байдлыг харгалзан, дэлхий дахинд найрамдлыг баттай болгох, ардчиллыг байгуулах үүднээс Вьетнамын тэгш эрх, түүний орон нутаг, үндэсний бүрэн эрхийг хүндэтгэх ямар ч засгийн газартай дипломат харилцаа тогтооход бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү уриалгыг БНАВУ-аас БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох анхны санаачилга буюу санал мөн гэж үзсэн.

Хоёрдугаар үе шат. Вьетнамын Засгийн газрын санаачилга, саналыг хүлээн авч БНМАУ-ын албан ёсны шийдвэр гаргасан үе шат. Ерөнхийлөгч Хо Чи Мин 1950 онд Сталины 70 насны ойгоор Москвад очих үед тэрхүү уриалгыг Москвад сууж байсан манай Элчин сайдын яам хүлээн авсан юм. Энэ нь манай улс Вьетнам улстай дипломат харилцаа тогтоох хамгийн эхний алхам байлаа.

Гуравдугаар үе шат. Элчин сайд нарыг сонгох, томилох, итгэмжлэх жуух бичиг гардуулах. 1955 онд БНМАУ-ын АИХ, МАХН-ын ТХ-ын УТТ БНМАУ-ын БНХАУ-д суугаа Элчин сайд Баянбаатарын Очирбатыг, БНАВУ-ын ерөнхийлөгч БНАВУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Хоан Ван Хоан (Hoаng Văn Hoan)-ыг тус тус элчин сайдаар томилон хавсран ажиллуулахыг хэлэлцэн тохирч, шийдвэр гаргаж баталгаажуулсан.

Ингээд эцэст нь, Монгол-Вьетнамын харилцааны бодлогын шийдвэрийг зохион байгуулж, хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ЭСЯ-ыг эрх зүйн статусын хувьд байнгын үйл ажиллагааны хэлбэртэй байгуулсан. 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон явдал хоёр улсын харилцааны түүхэнд цоо шинэ үеийг нээсэн. Улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

-Хоёр улсын харилцааны хэтийн төлөвийг та хэрхэн үзэж байна вэ?

-Монгол, Вьетнам хоёр улс эх орноо бүтээн байгуулах, хөгжүүлэх их үйлсэд үргэлж бие биеэ дэмжин, тусалсаар ирсэн уламжлалтай. Мөн өндөр, дээд болон бүх түвшний харилцан солилцоо тогтмолжин, хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол улам бэхжиж, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимжиж байна.

Дэлхий даяаршиж буй өнөө үед Зүүн Өмнөд Азид АСЕАН-ы нөлөө, нэр хүнд өсөж, Зүүн Азийн орнуудтай чөлөөт зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр урагшилж байгаа тул Монгол-Вьетнамын харилцаа хэтийн асар их ирээдүй, нөөц бололцоог агуулж байна. Вьетнам орны хөгжлийн туршлага, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж буй арга зам бидний анхаарал сонирхлыг зүй ёсоор татаж байна. Ногоон хөгжил, тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр бид хамтарч ажиллах хэрэгтэй байна.

Монгол, Вьетнам хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, барилга, зам, далайн тээвэр, усан боомт, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөгжүүлэх боломж байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг гүн боловсруулж экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтарч ажиллах, тухайлбал, арьс шир, ноос ноолуур, малын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн болон биотехнологийн үйлдвэрлэлийн салбарт Вьетнам улстай хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

-Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хоёр улсын иргэдийн харилцаа маш чухал үүрэгтэй. Хоёр улсын найрсаг харилцааг илтгэх монгол морины тухай зэрэг олон сонирхолтой түүх яригддаг. Энэ талаар та сайхан дурсамж хуваалцах байх. Ер нь хоёр орны иргэд хоорондын харилцаа ямар байдалтай өрнөж байна вэ?

-Манай хоёр орны харилцаа бол ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, он удаан жилийн нөхөрлөлд тулгуурласан бат бэх үндэс суурьтай. Олон жилийн дайнд нэрвэгдсэн Вьетнамын эдийн засаг туйлын хүнд байсан учраас ах дүү социалист орнууд түүний дотор Монгол улс 1950-иад оны дунд үеэс эхлэн Вьетнамын ард түмэнд эд материалын тусламж үзүүлж эхэлсэн.

БНМАУ-ын Засгийн газар Вьетнамын ард түмэнд туслах Комисс 1958 онд байгуулсан. 1958 оны 9 дүгээр сард болсон МАХН-ын Төв Хорооны Хурлаас анхны бэлгийн мал хүргэх ажлыг Протоколд тэмдэглэж, Намын ТХ-ны гишүүн, БНМАУ-ын ХШЯ–ны сайд Ж.Жамьянг Комиссын даргаар томилсон. 1959 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид БНАВУ-д найрсаг айлчлал хийх үедээ 100 мянган толгой малыг бэлэг болгон өгөхөөр шийдвэрлэсэн юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1959 оны 9-р сарын 26-ны өдрийн тогтоолоор 1959-1965 онд Вьетнамд нийлүүлэх буцалтгүй тусламжийн 100 мянган толгой малаас үхэр 54, тэмээ 21, адуу 364 толгой, хонь 13748, ямаа 813 толгой бүгд 15000 толгой малыг 2,3 сая төгрөгийн зардалд багтаан Вьетнамын талд 1959-1982 онд шилжүүлэн өгчээ.

Монгол улсаас Вьетнамд МАА-н салбарыг хөгжүүлэх чиглэлээр ийнхүү чин сэтгэлийн тусламж үзүүлсэн нь Вьетнамын ард түмэнтэй ах дүүгийн барилдлагыг улам бататган гүнзгийрүүлсэн юм.

Энэ үед Вьетнамын Ерөнхийлөгч Хо Чи Мин "Бидэнд ах дүү монгол нөхөд тусламжийн халуун гараа сунгаж, чин сэтгэлийн асар их тусламж үзүүлж байна. Монгол улс манай улсаас юу л хэрэгтэй байна, түүнийгээ нэрэлхэлгүйгээр хэлээд аваарай. Бид хамтдаа хөгжиж дэвших учраас манай эд баялаг бол танайх л гэсэн үг. Хэрвээ нутаг орондоо хэрэгтэй гэвэл манай одос үхрээс авч өсгөж туршаарай" гэж хэлж байжээ.

Бэлгийн малын эхний ээлжийг хүргэсэн багт ажилласан Л.Мажигсүрэн, Г.Мягмаржав нарын ахмад дайчид “Бэлгээ хүргэж ирээд, илтгэл бичихдээ нэг морь алдсанаа хэлэхэд “Тоогүй юм болж, чамтай хариуцлага тооцох болжээ” гээд намын байгууллагын товчооны хурлаар оруулж хэлэлцээд сануулга өгч байсан тухай тэрбээр дурсан бичсэн байдаг юм.

- Монгол морины хил дамнан гүйсэн гайхамшигт түүх байх нь. Тэр дурсамждаа юу гэж бичсэн байдаг вэ?

- Үнэхээр эх орноо зорьж гүйсэн монгол морины тухай домог шиг түүх ингэж, энд мэндлэх учиртай байж л дээ. Энэ тухай “Бид 10 дахь хоног дээрээ Хятад, Вьетнамын хил дээр вагоноо сольсон юм. Вьетнамын вагон жижиг, зам нарийн болохоор энэ ажил хийгдэх болсон.

Энэ зогсоол дээр 1 хонгор морины ногт мултарч, хойд талын модтой ууланд алдсан. Хонгор морины ногт нь мултраад, бид гүйцээгүй алдчихсан. Хонгор морь эх орноо зорьж гүйсээр ирэхэд нь хилийн цэргүүд тороо тас хайчлаад оруулсан гэдэг юм. Тэр морь Хятадын Шар мөрөн, Хөх мөрнийг гатлаад намаг шалбааг, араатан амьтныг гэтлээд эх орондоо ирсэн байж билээ.

Энэ үе нь 1959 оны 11 дүгээр сарын 20-дын үе байсан... Морь маань 1960 оны 4, 5 дугаар сарын заагаар өвөлжөөнийхөө орчимд тун их ядарсан, шарх сорвинд баригдсан юм ирлээ гэж байсан. Очиж үзмээр л санагдсан, бага даргад ямар бололцоо олдох билээ. Эх орон гэдэгт адгуус хүртэл вагоноор 10 хонож хүрсэн замыг хагас жилийн дотор туулаад, дуудагдаад ирдэг агуу юм даа. Монгол адуу ухаантай, чадалтай гэдгээ үзүүлсэн дээ” хэмээн дурсан бичсэн байдаг.

-Ер нь вьетнам хүмүүс ямар онцлогтой ард түмэн бэ?

-Миний бодлоор тусгаар тогтнол, эрх чөлөөний урт хугацааны тэмцлийн хүнд бэрх он жилүүдийг даван туулсан болохоор тэр юм болов уу, вьетнам хүмүүс үндсэрхэг, тэвчээртэй, дайчин, туйлын хөдөлмөрч, нэгдэж нягтарч чаддаг агуу ард түмэн.

-Вьетнамын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалын үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ. Ямар ач холбогдолтой айлчлал болох бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 дүгээр сард Вьетнам Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр, 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам улсад хийгдсэнээрээ онцлог байсан. Мөн Монгол-Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагааны маш өргөн цар хүрээтэй асуудлаар харилцан ярилцсанаараа онцлог болсон.

Хамгийн гол нь энэ онд тохиож буй Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэн, хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, Хамтарсан мэдэгдэл гаргасан. Мөн манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлсэн нь харилцааны түвшнийг ахиулахад бодит хувь нэмэр орууллаа. Вьетнамын тал ч манай ерөнхийлөгчийг дээд түвшинд хүндэтгэн хүлээн авсан нь энэхүү айлчлалын ач холбогдлыг өндөр өргөсөн, маш чухал айлчлал боллоо хэмээн үзэж байна.

БНСВУ-ын Ерөнхийлөгч, Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам өмнө нь Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байхдаа манай улсад айлчилж байсан, манай улсыг мэддэг.

Өнгөрсөн онд манай улсын ерөнхийлөгчийн хийсэн төрийн айлчлалаар санал нэгдсэн, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр төрийн тэргүүн нар тодорхой шийдэлд хүрэх байх гэж судлаачийн хувьд хүлээж байна.

-Вьетнам улсын ШУА “Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” шагналаа танд саяхан хүртээсэн. Хамгийн сүүлд 2016 онд Дэлхийн банкны ерөнхийлөгч энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан юм билээ. Вьетнам судлалаар хэдэн жил ажиллаж байна вэ, яагаад энэ улсыг сонгосон бэ?

-Би 1997 оноос Вьетнам улсын Ханойн Үндэсний их сургуульд 5 жил суралцсан. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
“Вьетнамын НШУА-ийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, Вьетнам, Монгол хоёр орны найрамдалт харилцааг нэмэгдүүлэхэд оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлэн” Нийгмийн ШУА-ийн ерөнхийлөгч Фан Чи Хиү-гийн 1041/QD-KHXH тоот тушаалаар “Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” хэмээх өндөр нэр хүндтэй шагналаар саяхан шагнагдсандаа ихээхэн баяртай байна.
Манай хүрээлэн 56 жилийн түүхтэй. Энэ хугацаанд вьетнам судлал хийгдсээр ирсэн түүхтэй. Вьетнам судлалын анхдагч эрдэмтэн бол С.Дашцэвэл доктор юм. Энэ хүний эхлүүлсэн судалгааг үргэлжлүүлэн, вьетнам судлаачаар ажиллаж байгаа хоёр дахь хүн нь би билээ.
Хоёр улсын боловсролын гэрээний дагуу Засгийн газрын тэтгэлгээр тус оронд суралцаж, боловсрол эзэмшин, вьетнам хүн, оронтой холбогдсоны хувьд вьетнам судлалаар ажиллаж байгаагаараа үргэлж бахархаж явдаг, цаашид ч улам хичээн ажиллах болно.
-Баярлалаа, танд.

Эх сурвалж: https://montsame.mn/











Бусад мэдээлэл