Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, оросын зарим монголч эрдэмтэн, судлаачдад Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасан байна. Тэдгээрийн дотор ОХУ-ын ШУА-ийн Дорнодахин судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Сергей Львович Кузьминд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
Сергей Кузьмин 1982 онд Москвагийн Багшийн их сургууль төгсөж, ОХУ-ын ШУА-ийн Байгаль орчин судлах хүрээлэнд ажиллаж байхдаа Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедицэд 20 гаруй жил ажиллажээ. Улмаар 2012 оноос хойш ОХУ-ын ШУА-ийн Дорнодахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 1987 онд биологийн ухааны дэд эрдэмтэн, 2017 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрээр 2016 онд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүндэт доктор цол, Монгол Улсын ГХЯ-ны Талархалын бичгээр 2023 онд тус тус шагнагдаж байжээ. Түүнийг Монгол, Орос болон дэлхийн эрдэмтэн судлаачид “Барон Унгерн судлаач” гэдгээр нь сайтар мэднэ. Доктор С.Л.Кузьмин нь Монгол-Орос, Монгол-төвөдийн харилцаа, Монголын түүх судлал болон ОХУ-ын архив дахь Монголын түүхэнд холбогдох шинэ эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, Монгол судлалд үнэт хувь нэмэр оруулж буй нэрт монголч эрдэмтэн билээ.
Эрхэм нэрт монголч эрдэмтэн, доктор Сергей Кузьминдээ Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдмийн хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.
Мэдээ бэлтгэсэн: ЭШТА, доктор (Sc.D) О.Батсайхан