Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай ба дэлхийн стратегийн хүрээлэн хамтран Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын тинк танк форум-2026: XXI зуунд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх арга зам ба боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ш.Ариунаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ли Шюэсун нар үг хэлэв.
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ энэ сарын эхээр Бишкек хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Хятадын төрийн тэргүүнүүд уулзаж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрсэн. Төрийн тэргүүнүүдийн хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд хоёр тал хамтран хүчин чармайлт гаргах шаардлагатайг онцоллоо. Монгол Улсаас бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн либералчлалын шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тээвэр, эрчим хүчний дэд бүтцийн харилцан холболтын салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Цаашид хоёр улс харилцан итгэлцэл, зөвшилцөлд тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Ариунаа Хятад улс дэлхийн улс орнууд, ялангуяа хөрш орнуудтай хөгжлийн боломжоо идэвхтэй хуваалцаж байгаа бөгөөд олон монгол залуус Хятадад боловсрол эзэмшин, эх орондоо эргэн ирснийхээ дараа улсынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцлов. Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи олон жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн, энэхүү хамтын ажиллагаа нь сүүлийн жилүүдэд чухал үр дүнд хүрч байгааг онцлов. Энэхүү форумыг хамтын ажиллагааны шинэ боломж болгон ашиглаж, хоёр орны эрдэмтэн судлаачид шинэ санал санаачилгууд гарган, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн удирдлагаар хоёр орны харилцаа тогтвортой, хөгжлийн эерэг чиг хандлагыг хадгалж ирснийг онцлов. Хоёр улс харилцан хөгжлийн стратегиа уялдуулан ажиллаж байгаа нь тодорхойгүй байдал нэмэгдэж буй дэлхий ертөнцөд тогтвортой байдлыг бий болгоод зогсохгүй, дэлхий нийтэд, ялангуяа Монгол Улсад “Хятадын боломж 2.0”-ыг авчирч байна гэв. Олон улсын байдал улам бүр төвөгтэй, хувьсамтгай болж буй өнөө үед энх тайвныг хамгаалах, иргэншлүүдийн харилцан солилцоог дэмжих, хамтын хөгжлийг хэрэгжүүлэх нь Хятад, Монголын өмнө тулгамдсан нийтлэг зорилт бөгөөд илүү нягт хамтын ажиллагаагаа өрнүүлэх шаардлагатайг онцлов.
БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ли Шюэсун хэлэхдээ Монгол Улс болон Хятад нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг дэмжигч идэвхтэй хүчин гэдгийг онцлов. Хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаатай байж үл итгэлцэл, үл ойлголцлыг даван туулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжуулан тогтворгүй, өөрчлөлт ихтэй дэлхийд тогтвортой байдал, эерэг эрч хүчийг бий болгож байна. Цаашид хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, Хятад-Монголын хувь заяаны хамтын цогцыг байгуулах үйлсийг хамтран урагшлуулахын тулд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай академик яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, өндөр чанартай хамтарсан судалгаа шинжилгээ хийж, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оюуны хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тус форумын үеэр Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай ба дэлхийн стратегийн хүрээлэн хоорондын Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү форумын үндсэн илтгэлийг Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд Г.Батсүх, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, судлаач Ли Шянян, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал асан, судлаач Д.Шүрхүү, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай ба дэлхийн стратегийн хүрээлэнгийн судлаач Шюй Липин нар тавив.
Хоёр улсын эрдэмтэн судлаачид тус форумын хүрээнд 1. “Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо ба худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа”, 2. “Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа солилцоо ба экологийн соёл иргэншил” гэсэн хоёр үндсэн асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.
“Монгол-Хятадын тинк танк форум-2026: XXI зуунд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх арга зам ба боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь Монгол, Хятадын судалгааны байгууллагуудын харилцаа холбооны гүүр болж, хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Мөн форумын хүрээнд гарсан санал, зөвлөмжүүд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг ухааны дэмжлэг, бодлогын лавлагаа болох юм.

