ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал асан, Монгол Улсын Гавьяат багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, гадаад бодлого, олон улсын харилцаа, хятад судлалын нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Хэрээд Жамсрангийн Баясах 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.
Ж.Баясах 1956 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо мэндэлсэн, 1973 онд Орос III дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Ленинградын Улсын их сургуулийг дорно дахины түүхч, хятад судлаач мэргэжлээр төгсжээ. 1989 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд “Өмнөд Сүн улсын элч нарын тэмдэглэл” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 2004 онд “Их Монгол Улсын түүхэнд холбогдох хятад сурвалж” сэдвээр түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалсан. Тэр бээр 1993 онд дэд профессор, 2004 онд МУИС-ийн профессор цол хүртэж БНХАУ, ОХУ, Их Британи, БНСУ, Япон зэрэг улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын зочин, хүндэт профессор, гадны 30 гаруй улс оронд уригдан лекц уншсан, орос, англи, хятад хэлийг сайтар эзэмшсэн, удам залгасан эрдэмтэн хүн байлаа.
Эрдэмтэн Ж.Баясах ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд 1979-1982 онд эрдэм шинжилгээний ажилтнаар эрдмийн гараагаа эхлүүлж, 1982-1991 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1991-2015 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд захирал, тэнхимийн эрхлэгч, 2015-2018 онд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд захирлаар ажиллаж байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аюулгүй байдлын ажлын албанд зөвлөх, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын албыг хашиж явсан төрийн зүтгэлтэн хүн байсан.
Доктор, профессор Ж.Баясах ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд захирлаар ажиллах хугацаандаа хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэх, залуу судлаачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалуулах талаар бодитой хувь нэмэр оруулсан, хамт олондоо хүндлэгдсэн удирдагч байв.
Тэр бээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг үүсгэн байгуулагч, олон улсын харилцаа, орон судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, 11 доктор, 70 гаруй магистрын ажлыг удирдан хамгаалуулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, багш хүн байлаа. Түүний Монгол Улс дахь олон улсын харилцааны сургалт, судалгааны салбарт олон зуун боловсон хүчин бэлтгэхэд тэргүүлэн ажилласан гавьяа зүтгэл нь тус салбарыг гадаад, дотоодод хүлээн зөвшөөрөгдөж бэхжин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Доктор, профессор Ж.Баясах эрдэм судлалд оюунаа чилээж Монголын түүх, аюулгүй байдал, гадаад бодлого, Хятад судлалын чиглэлээр идэвхийлэн ажиллаж нэгэн сэдэвт зохиол 11, хамтын бүтээл 19, орчуулгын бүтээл 23, гадаад дотоод эрдэм шинжилгээний хуралд олон удаа илтгэл хэлэлцүүлж монгол, орос, хятад, япон, англи хэлээр эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл нийтлүүлжээ.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1993 онд Засгийн газрын Жуух бичиг, 1995 он Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2002 онд Алтан гадас одон, 2016 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнасан билээ.
Монгол Улсын Гавьяат багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Хэрээд Жамсрангийн Баясахын шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, хүнлэг энэрэнгүй, цайлган цагаан сэтгэл, тайван хүлээцтэй зан чанар, ханагар сүрлэг уужуу амгалан гэгээн дүр тань бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.