ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалын “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн ярилцлага.
- Баасан гарагт Трамп, Путин нар Аляска мужид уулзахаар боллоо шүү дээ. Судлаачийн байр сууриас хэрхэн харж байна вэ?
- Олон улсын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудад мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй ирэх баасан гараг буюу наймдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Аляска мужид уулзахаар төлөвлөлөө.
Уулзалтын талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч баасан гараг, буюу наймдугаар сарын 8-нд өөрийн Truth Social платформ дээр зарласан.
Энэ нь түүний өнгөрөгч долоодугаар сард В.Путинд хандан нэн даруй гал зогсоох тухай сануулга өгсөн боловч хэрэгжээгүйн улмаас сая уулзалтын товыг зарлахын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 7-нд Д.Трампын томилсон төлөөлөгч Стив Виткофф ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсаны дараа хийгдсэнээрээ онцлог юм. Товыг В.Путины гадаад бодлогын туслах Юрий Ушаков маргааш нь буюу наймдугаар сарын 9-ний өдөр хариу мэдэгдэл хийн баталгаажуулснаар Д.Трампын санаачилгаар энэ удаагийн уулзалт зохион байгуулагдахаар болж байна.
Уулзалтын гол зорилго нь Украинд үргэлжилж буй дайныг зогсоох тухай талууд зөвшилцөлд хүрэх явдал бөгөөд уулзалт болох газраа Аляскад сонгосон нь мэдээж нэн тэргүүнд түүхэн талаасаа ач холбогдолтой. Нэгдүгээрт, 1867 онд Оросын Эзэнт Гүрэн АНУ-д уг газрыг тухайн үед 7.2 сая ам.доллароор (өнөөгийн 150-160 орчим сая ам.доллар) худалдсан түүхтэй. Энэ газрыг сонгосон нь Д.Трампын талаас буулт хийсэн дохио байх боломжтой хэмээн Азийн зарим шинжээчид онцолж байгаа юм. Хоёрдугаарт, Ю.Ушаков мэдэгдэлдээ өдгөө Аляска болон Арктикийн бүс нь хоёр улсын эдийн засгийн ашиг сонирхлын уулзвар бөгөөд, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой бүс нутаг гэсэн байна. Ташрамд тэрээр дараагийн уулзалтыг ОХУ-д хийхээр урилга хүргүүлсэн тухай мөн дурдсан байгаа юм. Хувь судлаачийн хувьд энэ удаагийн уулзалт түүхэн ач холбогдолтой байж болох ч, геополитикийн хувьд эрсдэл дагуулах болов уу гэж бодож байна.
Д.Трамп өөрийн засаглалын эхний бүрэн эрхийн хугацааны үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй “найрсаг” харилцаа тогтоохыг эрмэлзэж байсныг 2018 онд болсон Хельсинкийн дээд хэмжээний уулзалт дээр түүний хэлсэн үгээс нь бид мэднэ. Харин энэхүү уулзалтын тухайд олон улсын эрх зүй талаасаа Украины бүрэн эрхт байдалд эрсдэлтэй. Тухайлбал, өмнө нь Д.Трампын зүгээс В.Путинд Украины Донецк, Луганскын бүс нутаг буюу Донбассыг ОХУ өөртөө нэгтгэн, Херсон, Запорожье мужийг Украинд үлдээх санал дэвшүүлж байсан нь олон улсын эрх зүйн хувьд НҮБ-ын Дүрэм, 1994 оны Будапештын санамж бичиг дэх заалтуудтай зөрчилдөж байгаа.
Уулзалтын тов гарсантай холбогдуулан АНУ-ын Дайн судлалын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр тус уулзалт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд илүү ашигтай байж болох бөгөөд тус улсын геополитикийн нөлөөг бэхжүүлэх боломж өгөх магадлалтай гэж үзсэн байгаа юм. Мөн Европын Холбоо болон Украины зүгээс уулзалтыг “Украиныг оролцуулахгүйгээр шийдвэр гаргах боломжгүй” хэмээн шүүмжилж байгаагаас үзэхэд одоогоор үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. БНХАУ-ын зарим шинжээчид энэ талаар дурдахдаа АНУ, ОХУ-ын харилцааг сэргээх замаар Д.Трамп өөрийн амжилтыг харуулахыг зорьж байгаа бол ОХУ-ын зүгээс АНУ, Европын Холбоо, Украины хоорондох харилцааг сулруулахыг хүсэж байж магад гэсэн байр суурьтай байгаа юм.
- Энэ уулзалтын үр дүнд АНУ, ОХУ-ын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол, энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
- Энэ удаагийн уулзалт АНУ, ОХУ-ын харилцаанд богино хугацааны эерэг өөрчлөлт авчирч болох ч урт хугацааны найдвар бага байна. Хэрэв дайнд гал зогсоох тохиролцоонд хүрч чадвал хоёр улсын харилцаа нааштай болж, эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулах, улмаар хоёр тал өмнө нь ярьж байсан Арктикийн бүс дэх эрчим хүч болон байгалийн баялгийг олборлох салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж нээгдэж болох байх. Өмнө хэлсэнчлэн, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өмнөх бүрэн эрхийн хугацааны үеэсээ В.Путинтэй найрсаг харилцаа тогтоохыг эрмэлздэг байсны хувьд энэ удаагийн уулзалт хамгийн сүүлд хоёр улсын удирдагчид 2019 онд Их 20-ийн чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойших анхны албан ёсны уулзалт болж буй. Гэвч энд АНУ, ОХУ-ын харилцааны гүнзгий зөрчил, тухайлбал Украин дахь дайн, НАТО-гийн тэлэлт, Арктикийн бүс дэх их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, ОХУ, БНХАУ-ын харилцаа зэрэг асуудлууд байгааг мартаж болохгүй байх. Өрнөдийн шинжээчид В.Путин энэхүү уулзалтыг ашиглан АНУ, Европын Холбооны харилцаанд хагарал үүсгэн, ОХУ-ын байр суурийг бэхжүүлэхийг оролдох бөгөөд Д.Трампын дэвшүүлсэн газар нутаг наймаалцах санал нь ОХУ-ын талд ашигтайгаар эргэвэл олон улсын тавцан дахь АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн таамаглалтай байна. Улмаар БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Олаф Шольц тэргүүтэй өрнөдийн удирдагчид Д.Трампын уг саналыг “түрэмгийллийг урамшуулж байна” хэмээн шүүмжилж, үүнээс үүдэн АНУ өөрийн холбоотнуудтайгаа зөрчилдөж болзошгүйг анхааруулаад байгаа. Ерөнхийдөө энэ удаагийн уулзалт хоёр талын харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикт урт хугацаанд байсан зөрчил хэвээр үлдэх байх.
- Уулзалтын үр дүнд хоёр улсын эдийн засгийн хориг арга хэмжээний талаар яриа өрнөх болов уу?
- Уулзалтад АНУ болон ОХУ-ын хооронд эдийн засгийн хориг арга хэмжээний талаар яриа хэлэлцээ өрнөх магадлал өндөр байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сая наймдугаар сарын 8-ны өдөр Truth Social дээрээ Украин дахь дайныг нэн даруй зогсоохгүй бол ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн ч энэ хугацаа хэдийн өнгөрч, одоогоор шинэ хориг тавигдаагүй байна. Уулзалт дээр хориг арга хэмжээг сулруулах, эсвэл бүр цуцлах тухай хэлэлцээ явагдаж болох бөгөөд энэ нь дайны гал зогсоох тохиролцооны нэг хэсэг байх магадлалтай. Гэхдээ ОХУ-ын зүгээс хориг арга хэмжээнд дасан зохицсон байр суурьтай байгаа. Учир нь ОХУ-ын эдийн засаг өдгөө БНХАУ, БНЭУ, БНТУ зэрэг улсуудтай хийсэн худалдаагаар тогтворжсон гэж үзэж байгаа. Уулзалтад В.Путины зүгээс хориг арга хэмжээг сулруулахыг дэмжиж болох ч, Арктикийн бүс дэх газрын тос, байгалийн хийн хайгуулын чиглэл дэх хамтын ажиллагааг түлхүү сонирхох болов уу гэсэн шинжээчдийн таамаг бас байна.
Мөн Д.Трампын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг дарамт болгон ашиглахыг оролдож болох ч хэрэв буулт хийж, хоригийг сулруулбал ОХУ-ын эдийн засагт түлхэц болно. Гэвч яриа хэлэлцээнд Украиныг оролцуулахгүй бол хориг сулрах магадлал бага хэмээн шинжээчид үзэж байгаа ба учир нь энд Европын Холбоо болон АНУ-ын Конгресс хатуу байр суурь баримталж байгаа юм. Д.Трамп дараагийн уулзалтад Украиныг оролцуулж магадгүй гэж саяхан хэлсэн. Энэ тухайд ОХУ-ын судлаач К.Блохин хориг арга хэмжээ сулрах эсэх нь Украин улсыг яриа хэлэлцээнд оролцуулах эсэхээс ихээхэн хамаарна гэсэн байна лээ. Энэ ч үнэн байх, учир нь хэрэв дараагийн уулзалтад АНУ Украиныг оролцуулахаас татгалзвал АНУ-ын Конгресс болон Европын Холбооны зүгээс ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээ үргэлжлэх, эсвэл бүр чангарах эрсдэлтэй юм.
- Украин болон НАТО-гийн талаарх байр суурьт өөрчлөлт гарах болов уу?
- Уулзалтын дүнд Украин болон НАТО-гийн талаарх байр суурьт өөрчлөлт гарах боломжтой ч, энэ нь Украинд эргээд сөрөг нөлөөтэй. Д.Трампын наймаалцах санал Украин дахь АНУ-ын бодлогын өөрчлөлтийг илтгэж байгаа бөгөөд олон улсын эрх зүйн хувьд зөрчилтэй гэдгийг би өмнө нь дурдсан. Мэдээж Д.Трампын саналыг Украины ерөнхийлөгч В.Зеленьский эрс эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Харин НАТО-гийн тухайд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин НАТО-гийн дорно зүг дэх тэлэлтийг хүчтэй эсэргүүцдэг бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НАТО-г “хуучирсан” гэж шүүмжилж, 2017-2021 онд НАТО-д олгох АНУ-ын санхүүжилтийг хязгаарлах алхмуудыг хийж байсан. Энэ удаагийн уулзалт дээр Украины НАТО-д элсэх боломжийг хязгаарлах, эсвэл бүр цуцлах тохиролцоо гарах магадлалтай.
- Гуравдагч орнууд уулзалтыг хэрхэн хүлээж авах бол?
- Гуравдагч орнуудын хариу үйлдэл янз бүр байна. Тухайлбал, Украины зүгээс энэ уулзалтыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ерөнхийлөгч В.Зеленьский "Украиныг оролцуулалгүй гаргасан шийдвэр бол хүчингүй шийдвэр" гэж мэдэгдсэн.
Европын Холбооны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, “түрэмгийллийг урамшуулахгүй”, Украиныг яриа хэлэлцээнд заавал оролцуулах ёстой хэмээсэн. БНХАУ, БНЭУ зэрэг улс эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд хориг арга хэмжээг сулруулахыг хүсэж байгаа байх. ОХУ-ын холбоотнууд уг уулзалтыг ОХУ-ын байр сууриа бэхжүүлэх боломж хэмээн эергээр харж байх шиг байна. БНХАУ-ын шинжээчдийн зүгээс АНУ, ОХУ-ын хоорондох харилцааг зөөллөх нь тус улсын эрчим хүчний аюулгүй байдалд тустай, ялангуяа Арктикийн нөөцийн хамтын ажиллагааг тогтворжуулах боломж гэж үзэж байгаа ч амжилттай болох эсэх нь тодорхойгүй гэж харж байна. Харин БНЭУ-ын хувьд хуваагдмал байр суурь ажиглагдсан буюу зарим нь тус улс АНУ-тай холбоо тогтоож, бүс нутаг дахь БНХАУ, ОХУ-ын нөлөөг сөрөхийг дэмжиж байгаа бол зарим нь Д.Трампын тарифын бодлогыг шүүмжилж, БНХАУ, ОХУ-тай тэнцвэртэй харилцах бодлого баримтлахыг санал болгож байгаа юм. Япон, БНСУ зэрэг улсуудын тухайд ерөнхийдөө уг уулзалтыг дайныг зогсоох боломж хэмээн үзэж, энхийг дэмжиж байгаа ч, АНУ-ын бодлогоос болгоомжилсон шинжтэй байна.