Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Олон улс судлал 2021: Монголын орос судлал” эрдэм шинжилгээний хурал болов
“Олон улс судлал 2021: Монголын орос судлал” эрдэм шинжилгээний хурал болов

    ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Олон улс судлал 2021: Монголын Орос судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг танхим, цахим хосолмол хэлбэрээр зохион байгуулж, Төв ба Зүүн Европ судлалын Монголын холбоо, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Архивын ерөнхий газар болон ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлэн оролцлоо.

    Тус хурал нь “Монголын Орос судлал”, “Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй явагдсан ба хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нээж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо удирдан явуулав.

    Хурлын үндсэн илтгэгчээр Төв ба Зүүн Европ судлалын Монголын холбооны тэргүүн, доктор (Ph.D) Д.Алтай “Монгол Улс дахь Орос судлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайхан “Монголын Орос судлалд тулгарч буй асуудлууд”, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) А.Нямдолжин “ОХУ-аас Монголын талаар баримталж буй бодлогын зарим шинэ хандлага: Оросын Монгол судлаачдын судалгааны үр дүнгээс” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

    Түүнчлэн Монгол Улсын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, профессор Ё.Максим нар болон ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар дээрх сэдвийн хүрээнд судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хуралд оролцсон эрдэмтэн судлаачдын илтгэлүүд “Олон улс судлал 2021: Монголын Орос судлал” хурлын эмхэтгэл болон хэвлэгдэх юм.






Бусад мэдээлэл