Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” медаль хүртэв
“Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” медаль хүртэв

Монгол Улсын ШУА-ийн төлөөлөгчид БНСВУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академид 9 дүгээр сарын 9-14-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, вьетнам судлаач Б.Цэнгэллхам нар багтав. Энэхүү айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхацсанаараа онцлог боллоо.

Төлөөлөгчдийг БНСВУ-ын НШУА-ийн Дэд ерөнхийлөгч Нгүен Дык Минь хүлээн авч уулзан, шинжлэх ухааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, цаашдын боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Энэ үеэр Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрхлэгч, Монгол дахь Вьетнам судлалын төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Цэнгэллхамд Вьетнамын НШУА-ийн дээд шагнал “Нийгмийн шинжлэх ухааны төлөө зүтгэлтэн” медаль, батламжийг гардуулав. “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”-тай дүйцэхүйц энэхүү шагналыг “Вьетнамын НШУА-ийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, Вьетнам, Монгол хоёр орны хоорондын найрамдалт харилцааг нэмэгдүүлэхэд оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлэн” НШУА-ийн Ерөнхийлөгч Фан Чи Хиү-ийн 1041/QD-KHXH тоот тушаалаар вьетнам судлаач Б.Цэнгэллхамд олгосон байна. Уг шагналыг хамгийн сүүлд 2016 онд Дэлхийн банкны дэд захирал хүртсэн байна.*

Айлчлалын хүрээнд хоёр шинжлэх ухааны академи Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-тай хамтран “Вьетнам-Монголын харилцааны 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав. Хуралд Вьетнамын НШУА-ийн Дэд ерөнхийлөгч Нгүен Дык Минь, Монгол Улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Элчин сайд Ж.Сэрээжав нар мэндчилгээ дэвшүүлж, монгол, вьетнам эрдэмтэн судлаачид хоёр орны харилцаа, улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны ололт амжилт, хэтийн төлөвийн талаар илтгэл тавьж, харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Вьетнамын НШУА-ийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, Угсаатны зүй судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Шашин судлалын хүрээлэн, Угсаатны зүй судлалын музейд зочлон, удирдлагууд болон эрдэмтэн судлаачидтай судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагааны талаар ярилцан, академийн дэргэдэх Сургуулийн захирал, Хэвлэх үйлдвэрийн захиралтай ажлын уулзалт хийв.


* https://vass.gov.vn/

https://vass.gov.vn/

https://chinhsachcuocsong.vnanet.vn/

https://vov.vn/

https://www.facebook.com/messenger_media?attachment_id=3720203934888322&message_id=mid.%24gABzq6-ep-oeYG4dZ0GR6jvRr4wzR&thread_id=8139598272789127

https://www.facebook.com/story.php?story_fbid=909110261250833&id=100064556025518&rdid=q36Skjz15HVqIqvh

https://nhasanbacho.vn/





Бусад мэдээлэл