Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай
БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай

    Манай улсын гуравдагч хөрш БНСУ-ын хүн амын тоо 2020 оноос буурч эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 51,6 сая байгаа бол 2070 он гэхэд 37,7 сая болно гэж тус улсын статистикийн төв газраас тооцоолсон байна . Хүн амын тоог бууруулж буй гол хүчин зүйлд  солонгос иргэдийн өндөр насжилт буюу хүн амд эзлэх өндөр настны тоо нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн төрөлт багассан явдал, мөн гадаад шилжилт хөдөлгөөн зэргийг хамруулна. Тус улсын нийт хүн амд эзлэх 65-аас дээш настны тоо 2020 оны байдлаар 15,7 хувь байсан бол 2070 онд 46,4 хувь болж нэмэгдэх төлөвтэй. Солонгосын дайны дараах "baby boom" цаг үед төрсөн хүүхдүүд өндөр насны тэтгэвэрт гарч эхэлснээр нийт хүн амд эзлэх өндөр настны тоог ийнхүү нэмэх болжээ. Мөн тус улсын нэг эмэгтэй 2002 онд жилд дунджаар 1,3 хүүхэд төрүүлдэг байсан бол 2020 онд энэ тоо буурч 0,84 болсон . Ийнхүү хүн амын тоо бууралтын гол шалтгаан нь тус улсын хүн амд эзлэх өндөр настны тоо нэмэгдсэнээс үүдэн нас баралтын тоо жил ирэх тутам нэмэгдэж, нөгөө талаар солонгос эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх сонирхол багассанаас үүдэн шинээр төрөх хүүхдийн тоо буурч байгаад оршино. Хүн амын тоо буурах нь улс орны эдийн засаг, нийгэмд олон төрлийн сөрөг үр дагаврыг дагуулдаг. Үүнд эдийн засгийн талаас ажиллах хүчний хомсдол, нийгмийн халамжийн өндөр зардал, дефляци, түүнээс үүдэн эдийн засаг агших, мөн нийгмийн талаас иргэдийн амьдралын идэвх сулрах, хувиа хичээх үзэл давамгайлах, гэр бүлийн амьдрал зохиох сонирхол буурах зэргийг хамруулж болно.    

    Хүн амын өсөлтийг дэмжиж, хаяанд тулаад буй сөрөг үр дагавруудаас сэргийлэхийн тулд тус улсын засгийн газраас нийгэм, эдийн засагт чиглэсэн олон арга хэмжээ авч байна. БНСУ нь хамгийн олон монгол иргэн оршин суугаа гадаад орны хувьд эдгээр арга хэмжээнүүдийн дундаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд чиглэсэн зарим арга хэмжээ анхаарал татлаа. БНСУ-ын засгийн газраас хэрэг зөрчил гаргалгүй хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн хүүхдүүдэд албан ёсоор оршин суух зөвшөөрөл, мөн эцэг эхчүүдэд нь асран хамгаалагчийн виз олгож байна. Хууль бусаар оршин суугаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч угтаа энэхүү арга хэмжээ нь хүн амын бууралтыг сааруулахад чиглэнэ. 2021 оноос эхлэн Солонгост төрөөд 15-аас дээш жил оршин суусан хүүхэд болон тэдний асран хамгаалагчид оршин суух эрх олгож эхэлсэн. Тэгвэл энэ жилээс дээрх журмаа хөнгөвчилж тус улсад төрөөд 6 жил амьдарсан, эсвэл 6 хүртэл насандаа БНСУ-д ирж 6-гаас дээш жил оршин суусан хүүхдүүдэд 18 нас хүртлээ хуулийн дагуу оршин суух, сурч боловсрох эрх, мөн тэдний эцэг эхэд дээрх хугацаанд хүүхдийн асран хамгаалагчаар оршин суух албан ёсны эрхийг олгож байна. Хэдийгээр уг арга хэмжээ нь 2025 он хүртэл хүчинтэй ч гарах үр дүнгээс нь хамаараад Солонгосын засгийн газраас сунгах, эсвэл агуулга болон хэлбэрийг нь өөрчлөн үргэлжлүүлэх магадлалтай. 2021 оны дүнгээр тус улсад 37,000 орчим монгол иргэн байгаагийн 16,000 нь хууль бусаар оршин сууж байна. Мөн тэдний 5000 орчим нь 0-19 насны хүүхдүүд юм. Солонгосын засгийн газрын энэхүү арга хэмжээний хүрээнд олон жил хууль бусаар ажиллаж амьдарсан өсвөр насны хүүхэдтэй монгол иргэд амар тайван амьдрах, БНСУ-ын хил гаалиар чөлөөтэй нэвтрэх эрхтэй болж буй нь сайшаалтай. Гэвч улс орны хэмжээнд авч үзвэл энэхүү бодлого нь Монгол Улсад ашиггүй харин ч багагүй хохирол дагуулахаар байна.

    Нийгмийн талаас нь харвал 18 нас хүртлээ өндөр хөгжилтэй, дэд бүтэц, боловсролын тогтолцоо, амьдрах орчин нөхцөл сайтай Солонгос улсад солонгос хэлээр  сурч, нийгэмшсэн хүүхдүүд Монгол Улсдаа ирж амьдрах, иргэнших магадлал тун бага, эсрэгээрээ Солонгос улсын иргэн болох магадлал тун өндөр. Энэ нь Монгол Улсын хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Эдийн засгийн талаас харвал гэр бүлээрээ, хүүхдүүдийн хамт тус улсад оршин суугаа иргэд хөдөлмөрлөж олсон орлогын дийлэнхийг эргээд Солонгос улсад зарцуулдаг. Тиймээс Монгол Улсыг чиглэх валютын хэмжээ буурна. Олон арван сая хүн амтай Зүүн өмнөд Азийн орнуудад уг арга хэмжээний сөрөг нөлөө тун бага ч цөөн хүн амтай Монгол Улсад харьцангуй хүнд тусах төлөвтэй. Энэ эгзэгтэй цаг үед монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах нь туйлын оновчгүй шийдвэр болно. Түүний оронд бид БНСУ-д хууль бусаар оршин суугаа монголчуудаа эх оронд нь ирүүлэхэд илүүтэй анхаарах ёстой. Үүний тулд бид ойрын хугацаанд БНСУ-д хууль бусаар болон хөдөлмөрийн гэрээгээр амьдардаг иргэдийг эх орондоо ирэхэд нь ажлын байраар хангах талаар дорвитой арга хэмжээ авах, гэрээт ажилчдыг Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр ажиллуулах, Солонгост төрж өссөн хүүхдүүдийг эх орондоо ирэхэд нь нийгэмших, дасан зохицоход нь туслах зэрэг арга хэмжээ авч болно. Үндсэндээ Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ дэлхий жишгийг давж байж иргэдийн гадаад руу чиглэсэн урсгал зогсоно.


  •  ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн  Бүс нутаг, олон талт хамтын
  • ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар


Бусад мэдээлэл