Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Солонгос судлалын 16 дахь удаагийн олон улсын хурал болж өндөрлөв
Солонгос судлалын 16 дахь удаагийн олон улсын хурал болж өндөрлөв

   Япон улсад төвтэй Солонгос судлалын олон улсын нийгэмлэг (ISKS) болон Монгол Улсын их сургууль, Олон улс судлалын хүрээлэнгээс хамтран солонгос судлалын 16 дахь удаагийн олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2025 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг хурлыг Солонгос судлалын олон улсын нийгэмлэг 1988 оноос эхлэн дэлхий олон оронд ээлж дараагаар зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх буюу 15 дахь удаагийн хурлыг Япон улсын Осака хотноо 2022 онд хийсэн юм. Улмаар 16 дахь удаагийн ээлжит хурлыг энэ жил Монгол Улсад зохион байгууллаа.

   Энэ удаагийн хуралд БНСУ, Япон, Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, Австрали, ХБНГУ зэрэг дэлхийн 15 орны 180 гаруй солонгос судлаачид оролцон улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм, соёл, хэл шинжлэл, түүх, угсаатан судлал зэрэг олон чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцон, эрдэм мэдлэгээ хуваалцлаа. Уг хуралд БНСУ-ын Ханшин их сургуулийн профессор Ан Бен Вүү, Ослогийн их сургуулийн профессор Владимир Тихонов (박노자) зэрэг олон улсад нэр хүндтэй солонгос судлалын мэргэжилтнүүд оролцсон юм.

   Уг хурал нь Өмнөд болон Умард солонгос судалдаг судлаачид нэг дор цуглан Солонгосын хойгийн аюулгүй байдал, энх тайван, нэгдэл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг харилцан хэлэлцэх боломжтой байдгаараа онцлогтой. Монгол Улсын хувьд 16 дахь удаагийн энэхүү олон улсын хурал нь өнөөг хүртэл солонгос судлалаар зохион байгуулагдсан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, олон салбарыг хамарсан, хамгийн том арга хэмжээ боллоо.

   Монгол Улсын талаас МУИС болон Шинжлэх ухааны академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Олон улсын Улаанбаатар их сургуулийн солонгос судлаачид оролцон илтгэл хэлэлцүүлж, судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Уг хурал нь Монгол Улсын төдийгүй дэлхийн солонгос судлалд багагүй хувь нэмэр оруулсан, ихээхэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.



Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-гийн Гуравдагч хөрш
орон судлалын ЭША Д.Мягмар
 











Бусад мэдээлэл