Япон улсын Кочи их сургуулийн Боловсрол, судалгааны тэнхимийн Бүс нутгийн судалгаа хариуцсан доктор, профессор Минато Күнио тус хүрээлэнгийн урилгаар 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Орчин цагийн Япон дахь нээлттэй эх сурвалжид үндэслэсэн монгол судлал” сэдвээр эрдэмтэн судлаачдад лекц уншив.
Профессор М.Күнио нь Зүүн Азийн бүс нутаг судлал, Монгол судлал, дата боловсруулалтын чиглэлээр голлон судалгаа хийдэг эрдэмтэн юм. Тэр бээр лекцэдээ Азийн улс орнууд дахь нээлттэй эх сурвалжид үндэслэн судалгааны хөгжлийн чиг хандлага, Япон дахь орчин цагийн Монгол судлалд нээлттэй судалгааны дата, эх сурвалжийг хэрхэн ашиглаж, үр дүнд хүрч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид Монгол судлал, Монголын нийгмийг судлах боломжийн талаар эрдэмтэн судлаачидтай дэлгэрэнгүй ярилцлаа.
Тус арга хэмжээнд хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас гадна япон хэл-орон судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд хүрэлцэн ирж оролцлоо. Лекцийн төгсгөлд хүрээлэнгийн ЭНБД доктор Р.Төрдалай профессор М.Күниод лекц уншсанд талархал илэрхийлэн хүрээлэнгийн япон судлаач эрдэмтдийн сүүлийн үеийн зарим бүтээлээс бэлэглэв.