Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болов
“Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болов

    Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэгш ой 2024 онд тохиож байна. Энэхүү 50 жилийн хугацаанд Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт бэхжин хөгжиж, манай хоёр улс нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцаагаа ахиулан хөгжүүлсээр байна.

    Үүний тод илрэл бол 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал хийж, хоёр тал харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой болсон юм.

    Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгуулав.

    Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монгол Улс, ХБНГУ-ын харилцааны түүхэн уламжлал, өнөө үеийн улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, байгаль хамгаалал, хөгжлийн хамтын ажиллагааны салбар дахь Монгол-Германы ард түмний хамтдаа бүтээсэн ололт амжилтын талаар дүгнэн хэлэлцэхээс гадна ирэх 50 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагын талаар судалгааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн байна.

    Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцсон бол ШУА-ийн Дэд Ерөнхийлөгч, доктор Ц.Цэрэндорж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Хамтын ажиллагаа хариуцсан дарга Удо Вебер үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

    “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын талаас Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам, Соёлын яам, ШУА, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ШУА-ийн Газарзүй Гео-экологийн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Инженер, технологийн сургууль, СУИС-ийн Дүрслэх урлагийн Академи, Урчуудын эвлэлийн хороо, ХБНГУ-ын талаас Улаанбаатар дахь ЭСЯ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Конрад Аденаурын Сан, Шпаркассэ сан зэрэг Монгол-Германы төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, соёл, олон улсын байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, төлөөлөгчид оролцлоо.

    Үүнээс гадна тус эрдэм шинжилгээний хуралд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Европ-Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо зэрэг хоёр талын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааны тод өнгө, холбох гүүр болж буй байгууллагуудын удирдлага, төлөөлөл илтгэлээ хэлэлцүүлж, санал дүгнэлтээ танилцуулав. Нийтдээ тус эрдэм шинжилгээний хуралд үндсэн 8 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 16 панелист урилгаар оролцож, хэлэлцсэн илтгэлүүдтэй холбогдуулан санал дүгнэлтээ танилцуулсан нь эрдэм шинжилгээний хурлын цаг үеийн агуулга, ач холбогдлыг улам бүр тодотгож өгсөн болно.

    Зохион байгуулагчдын зүгээс Монгол-Германы орчин үеийн харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн ахмад дипломатчидаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн багш, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулж, нэгдсэн хэлэлцүүлэг амжилттай явагдлаа.

    Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ онд хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, эрчим хүч, байгаль хамгаалал, шинжлэх ухаан, боловсрол, соёл зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрэн тэлж, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй цаг үед энэхүү эрдэм шинжилгээний хурал хоёр улсын эрдэмтдийн оролцоотой зохион байгуулагдсан нь чухал ач холбогдолтой болж байгааг ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлон тэмдэглэсэн болно.

ШУА-ИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН





Бусад мэдээлэл