Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эмгэнэл
Эмгэнэл

  •   Санжийн Дамдинсүрэн
  • (1931-2023 он)   

   

    Бидний дотны нөхөр, эрхэм багш Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Санжийн Дамдинсүрэн 92 насандаа таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.   

    С.Дамдинсүрэн 1931 оны 12 дугаар сарын 3-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд мэндэлсэн, 1940-1943 онд Бөхмөрөн сумын бага сургууль, 1943-1946 онд Улаангом хотын 7 жилийн дунд сургуулийг тус тус төгсөж, 1946-1948 онд Багшийн сургууль, 1955-1959 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр дүүргэжээ.

    Тэрбээр 1948-1955 онд дунд сургуулийн багш, 1959-1966 онд МУИС-д багш, хичээлийн эрхлэгч, 1966-1969 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид аспирант, 1969 оноос МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1974 оноос тус институтийн хэлтсийн  эрхлэгч, 1984-1990 онд мөн институтийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Нийгмийн ухааны институт, Улсын Архивын хэрэг эрхлэх газар, 1996-2000 онд ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төвд секторын эрхлэгч, 2000-2009 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

    С.Дамдинсүрэн нь 1969 онд “МАН-аас олон улсын коммунист хөдөлгөөнтэй тогтоосон холбоо (1921-1940)” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1985 онд “Монгол дахь хувьсгалт өөрчлөн байгуулалт дэлхийн хувьсгалт үйл явцын бүрэлдэхүүн хэсэг” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

    Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дамдинсүрэн нь ХХ зууны Монголын түүх, Монгол-Зөвлөлтийн харилцаа, Монгол-Оросын харилцааны асуудлаар олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, салбарын судлаач нарынхаа дунд “Коминтерн Дамдинсүрэн” хэмээн үнэлэгдэн хүндлэл хүлээж явсан нэгэн байлаа.

    Тэрбээр МАХН, төрийн гадаад бодлогын үйл ажиллагаатай холбогдсон асуудлуудыг судалж “МАХН-аас Олон улсын коммунист хөдөлгөөнтэй холбоо тогтоож хөгжүүлсэн нь” /1929-1940/ (УБ. 1971), “Цогтой эх оронч, тууштай интернационалч” (УБ, 1973), “Монгол ардын хувьсгал бол дэлхийн хувьсгалт үйл явцын бүрэлдэхүүн хэсэг мөн” (УБ, 1983), “Монгол дахь нийгмийн өөрчлөн байгуулалт ба дэлхийн хувьсгалт үйл явц” (УБ, 1988), “Монголын тусгаар тогтнол, эрин зууны баталгаажилт” (УБ, 2001) зэрэг хэд хэдэн нэг сэдэвт болон хамтын бүтээл туурвисан байна.

    С.Дамдинсүрэн нь Монголын гадаад харилцаа, түүхийн асуудлаар гадаад, дотоодын эрдэмтдийн хамт 30 гаруй нэгэн сэдэвт хамтын бүтээл 100 гаруй эрдэм шинжилгээний, 80 гаруй сурталчилгааны өгүүлэл бичиж нийтлүүлсний зэрэгцээ МАХН-ын товч түүх, дэлгэрэнгүй түүх зохиох ажилд зохиогч, редактораар оролцож, 20 гаруй ном, судалгааны эмхэтгэлүүдийг шүүн нягталсан байна.

    Мөн МАХН-ын гадаад бодлогын асуудал боловсруулах ажлын хэсэгт ажиллан санал боловсруулж, 1930-1940-өөд онд хилсээр хэлмэгдсэн нам, төрийн зарим зүтгэлтний намын гишүүний болон намтрыг тодруулах, нэр төрийг сэргээх түүхчдийн хэсэгт ажилласан байна.   

    Өөрчлөн байгуулалтын үзэл санааг тусгасан “Улс төрийн шинэ сэтгэлгээ”, “МАХН ба Коминтерний харилцааны түүхийг судлах арга зүйн зарим асуудал”, “МАХН-ыг шинэчлэх боломж", "МАХН-ын уламжлал ба шинэчлэл”, “МАХН-ын үндэсний ардчилсан үзэл баримтлалыг боловсруулсан түүхийн асуудал” зэрэг хэд хэдэн өгүүлэл бичиж, лекц, яриа хийж, нам, улсын түүхийн асуудлаар явагдсан ярилцлагуудад оролцон нэлээд шинэлэг санал бодол илэрхийлж байсан юм. Түүнчлэн МАХН-ын XX, XXI их хурлуудын баримт бичгүүдийг боловсруулах, сурталчлах ажлын хэсгүүдэд ажиллаж, Намын мөрийн хөтөлбөр, Ардын хувьсгалын 70 жилийн ойн сэдэв боловсруулах ажлуудад оролцож байжээ.

    С.Дамдинсүрэн дотоод, гадаадын олон тооны эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумд оролцож, судалсан сэдвээрээ илтгэл тавьж, үг хэлсэн байна.

    Доктор С.Дамдинсүрэн нь ОХУ-ын архивт Коминтерн, Монгол БХК(б)Н-ын харилцааны асуудлаар судалгаа хийж, нууц, хаалттай байсан олон мянган шинэ баримт илрүүлэн архивын фондыг баяжуулж “Коминтерн ба Монгол” УБ, (1996), “БХК(б)Н-ын баримт бичигт Монголын тухай” 3 боть эмхэтгэлийг хэвлүүлэхэд голлон удирдаж ажилласан байна. Түүний судалгааны бүтээлүүд болон архивын баримтын эмхэтгэлүүд XX зууны Монголын түүх судлалын сурвалж хэрэглэгдэхүүнийг баяжуулж түүхэн үнэнийг сэргээх түүхийн зангилаа асуудлуудыг тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.   

    Мөн тэрбээр ШУА-ийн Зүүн хойд Ази судлалын төв болон Олон улс судлалын хүрээлэнд Орос судлалын салбарт ажиллаж байхдаа тус хүрээлэнгийн Орос судлалын салбарыг цаашид бие даасан бүтэц болон хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд Монгол-Оросын харилцааны зарим асуудлыг шинэлэг байр сууринаас авч үзсэн “XX зууны Монгол” (УБ, 1995 он), “Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл” (УБ, 1999 он), “Россия и Монголия. Новый взгляд на историю взаимоотношений двух стран” (М., 2001 г.) “Зүүн хойд Ази ба Монгол” (2003 он) зэрэг эрдэм шинжилгээний хамтын бүтээл хэд хэдийг туурвиж нийтлүүлсэн юм.

    Түүний хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол (2022), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2005), “Алтан гадас” одон (1981), "Хөдөлмөрийн хүндэт медаль" (1971) болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж байв.

    Монгол Улсад гадаад харилцааны түүх, олон улс судлалыг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн эрдэм судлалын бүтээл, удирдан зохион байгуулах авьяас чадвараараа үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн С.Дамдинсүрэнгийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

2023-05-31


Бусад мэдээлэл