Энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хамтарсан судалгааны сэтгүүл гаргах ажлын явц, Зүүн хойд Азийн бүс нутгийн олон улсын харилцаа, “Ковид-19” цар тахлын үеийн хоёр улсын эдийн засаг, нийгмийн байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо. Мөн “Ковид-19” цар тахлын дэлхийд болон бүс нутагт үзүүлж буй нөлөө, бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж саналаа солилцов.
Цахим хурал ажил хэрэгч уур амьсгалд болж, ойрын хугацаанд хамтран ажиллах чиглэл дээр харилцан тохиролцов. ШУА-ийн ОУХХ, Төв, Зүүн Европ судлалын Монголын Холбоо хамтран гаргадаг “Central and Eastern Europe" сэтгүүлийн 5 дахь тусгай дугаарыг 2020 онд багтаан “Монгол-Унгарын харилцаа” сэдвээр хоёр талын судлаачдын хамтын оролцоотойгоор бэлтгэн хэвлүүлэхээр болов.
Тус цахим хуралд БНУУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн, доктор Обрушански Борбала, БНУУ-ын талаас Гадаад харилцаа, худалдааны хүрээлэнгийн захирал, доктор Мартон Угрошди, тус хүрээлэнгийн стратеги хариуцсан дэд захирал Тамаш Барани, ахлах судлаач Ласло Ваша, БНУУ-ын ШУА-ийн судлаач Шольц Зилаги, Будапештын Бизнесийн сургуулийн судлаач Шава Молдиз нар оролцов.
Цахим хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор (PhD) Д.Золбоо удирдан явуулж, тус хүрээлэнгийн Гуравдагч хөрш судлалын Салбарын эрхлэгч, Төв Зүүн Европ судлалын Монголын Холбооны тэргүүн доктор (PhD), профессор Д.Алтай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор (PhD) Д.Шүрхүү, эрдэм шинжилгээний ажилтан докторант Л.Бямбаханд нар оролцсон байна.
Мэдээ бэлтгэсэн: Л.Бямбаханд