Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Хятадын харилцааны шинэ эрин: боломж, сорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Энэхүү хурал нь дипломат харилцааны түүхэн ойг ёслон тэмдэглэх хүрээнд 70 жилийн харилцаагаа нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ Монгол, Хятад хоёр ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх арга зам, өргөн боломж байгаа тухай эерэг зөв мэдээлэл, эрдэмтдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх нь хамтарсан эрдэм шинжилгээний хурлын гол зорилго байсан юм.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын талаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС, ШУТИС, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг шинжлэх ухаан, их сургууль, бизнесийн байгууллагын төлөөлөл болсон эрдэмтэд, шинжээчид оролцсон бол БНХАУ-ын талаас БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Ази, Номхон далайн судлалын хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэн, Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, ӨМӨЗО-ны Нийгмийн ШУА-ийн Орос ба Монгол судлалын хүрээлэн, Бээжингийн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэн, багш, судлаачид хүрэлцэн ирж, илтгэлээ хэлэлцүүлэн оролцсон байна.
Ийнхүү хоёр орны 12 эрдэмтэн улс төр, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, соёл, аялал жуулчлалын чиглэлээр сонирхолтой илтгэлээ хэлэлцүүлсэн тус эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг Монголын талаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор (PhD), дэд профессор Д.Шүрхүү (“Монгол-Хятадын харилцааны шинэ үе шат: харилцан ашигтай, хүртээмжтэй хөгжил”), Хятадын талаас БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд судлаач, Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор (PhD) Фань Сяожу (“Зүүн хойд Ази дахь шинэ нөхцөл байдал ба Хятад, Монголын харилцааны ирээдүй”) нар тус тус хэлэлцүүлсэн юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн дарга Д.Даваасүрэн, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндун зэрэг албаны хүмүүс оролцон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн үг хэлсэн билээ.
Энэхүү эмхэтгэлд тус хурлын материалуудыг бүрэн эхээр нь хамруулахыг зорьсон бөгөөд Монголын талын илтгэлийг хятад товчлолын хамт, Хятадын талын оролцогчдын илтгэлийг монгол орчуулгын хамт, холбогдох гэрэл зургийг дагалдуулдан хэвлэсэн байна.