Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хэлмэгдсэнийх нь 90 дэх жилийн хүрээнд 2020 оны 9 сарын 4-ний өдөр “Егүзэр хутагт: түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Нийслэлийн Хангарьд ордоны хурлын танхимд боллоо.
Тус хурлыг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс, Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэг, Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийд зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.
Товчхон: Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/-ны нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг. 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан угтсан бөгөөд Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн сууж байжээ. 1930 оны зун баривчлан хорьсон бөгөөд Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган мөн оны 9 дүгээр сарын 30-нд цаазалжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгосон байна.
Хуралд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорнодахины хүрээлэнгийн профессор, нэрт монголч эрдэмтэн Сергей Львович Кузьмин “IV Егүзэр хутагт Ж.Галсандашийн талаарх Оросын архивт хадгалагдаж буй баримт, материалуудын тухай”, ХБНГУ-ын нэрт монголч профессор Удо Баркманн “Егүзэр хутагт Галсандаш, Эрэгдэндагва нарыг шүүсэн шүүхийн ажиллагаанд хийсэн задлан шинжилгээ ба улс төрийн үндэслэл”, Япон улсын Шизүока их сургуулийн профессор Акира Оно “Чойбалсан ба Өвөр Монгол: Чойбалсан Өвөр Монголын улс төрийн элч нарт юу хэлэв” сэдвээр онлайнаар сонирхолтой илтгэлүүд тус тус тавив.
Мөн Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайхан “Хэлмэгдэл ба цагаатгал: дүн шинжилгээ хийхүй”, Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш “Егүзэр хутагтыг хөнөөснөөр лам нарын хядлага эхэлсэн нь” сэдвээр тус тус үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв.
МУИС-ийн профессор, доктор З.Лонжид “Бурханы шашин ба улс төрийн хэлмэгдүүлэлт”, Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүлэгч, доктор, профессор Жамичой С.Баатар “Улс төрийн залхаан цээрлүүлэлт: улс төр, эдийн засгийн учир шалтгааны харилцан хамаарлын тухайд”, судлаач, доктор (Ph.D) Х.Мөнхбаяр “Егүзэр хутагтыг хэлмэгдүүлсэн нь”, Монгол Улсын Боловсролын их сургуулийн профессор Л.Алтанзаяа “Монгол улсын зүүн хязгаар дахь сайд Егүзэр хутагтын үйл хэрэг”, МУИС-ийн Түүхийн тэнхим, доктор Д.Дашдулам “Улс төрийн хэлмэгдүүлэлт: Монголын зүүнтнүүд”, Буддын гүн ухааны Анги дамбын лхаарамба Д.Жавзандорж “Дээдэс лам нарын ач гавьяа”, МУБИС-ийн доктор, профессор Ч.Болдбаатар “Хятад сайд Чэнь Лү-гийн тэмдэглэл дэх Егүзэр хутагтад холбогдох мэдээ, баримт", МУИС-ийн профессор Ж.Урангуа “Монгол улсын Засгийн газраас Өвөр Монгол руу илгээсэн 6 удаагийн захидлын агуулгыг нэхэн шинжлэхүй /1911-1914 он/", Нийслэлийн Архивын газрын ЭША, МУИС-ийн түүхийн тэнхимийн докторант М.Лхамжав “Дагаар орох хөдөлгөөнд сайд Егүзэр хутагт Галсандашийн гүйцэтгэсэн үүрэг”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Б.Нацагдорж “Егүзэр хутагтын шавийн харьяат буриадууд”, Монголын Үндэсний Музей эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Баярмаа “Халхын Сэцэн хан аймгийн Егүзэр хутагтын шавийн тухайд”, ШУА-ийн Түүх, угсаатаны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Да.Эрдэнэбат, эрдэм шинжилгээний ажилтан Г.Баттүшиг "Шударга баатар Бавуужаваас Егүзэр хутагт Галсандаштай харилцсан захидлуудаас...", ТЕГ-ын Тусгай архивын судлаач, докторант Н.Батболд “Ёнзон хамбын хэрэгт холбогдож хэлмэгдсэн засаг ноёд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Нийтдээ 18 эрдэмтэн судлаачид илтгэл тавив.
Хурлаар ХХ зууны Монголын түүхэнд учирсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний учир шалтгаан, хэлмэгдэгсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийн сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх асуудал хэрхэн явагдаж ирсэнд дүн шинжилгээ хийсэн байдал, Хэлмэгдэлд өртсөн лам нарын асуудал, түүний дотор Зүүн хязгаарын сайд, Егүзэр хутагтыг хэлмэгдүүлэн цаазалсан тухай, Егүзэр хутагтын намтар, улс төр, шашны үйл ажиллагаа, Егүзэр хутагтын өвөр монгол, буриад шавь нарын тухай, Егүзэр хутагт Галсандаш Шударга Баатар Бавуужав нарын харилцааны талаар зэрэг түүх, шашны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, V Егүзэр хутагт Данзанлувсанванжил нар оролцож үг хэлэв.
Хурлын үйл ажиллагаанд ШУА, МУИС, МУБИС, Цагаатгалын комисс, Үндэсний төв архив, Тагнуулын Ерөнхий газар, Гандантэгчэнлин хийд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэг зэрэг байгууллагуудын 100 гаруй эрдэмтэн, багш, судлаачид оролцжээ.