Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар манай хүрээлэнгийн ахмад ажилтан, доктор, профессор Дулбаагийн Алтайд “Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн” цол хүртээлээ.
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Алтай нь эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээллийн байгууллагад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, онол практикийн ач холбогдол бүхий зохиол бүтээл туурвиж, нийтийн хүртээл болгосны зэрэгцээ улс төр, нийгмийн ажлын арвин баялаг туршлага хуримтлуулан дотоод, гадаадад танигдсан шилдэг тэргүүний судлаачдын нэг юм.
Тэрбээр нэгэн сэдэвт бүтээл 7, хамтын бүтээл, эмхтгэл, гарын авлага 14, хянан тохиолдуулсан бүтээл 11, суурь судалгааны ажил, хамтарсан грант, захиалгат төсөл 10, гадаад, дотоодод нийтлүүлсэн өгүүлэл 38, эрдэм шинжилгээний 30 гаруй хурлын илтгэл хэлэлцүүлжээ.
ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн нийт хамт олныхоо өмнөөс доктор, профессор Д.Алтайд халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.
Мэдээ бэлтгэсэн: доктор Д.Батжаргал