Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНСУ-ын Засгийн газрын “Бизнесийн үнэлгээний систем”
Alternate Text

    Манай улсад бизнес эрхлэгчдийн шударга бус үйл ажиллагааг хязгаарлах, шударга өрсөлдөөнийг дэмжих төрийн зохицуулалтын механизм үгүйлэгдэж байна уу гэлтэй. Их хэмжээний өртэй компаниа зориудаар дампууруулаад, өөрийн болон ойр дотнын хүний нэр дээр шинэ компани үүсгэн байгуулж бизнес эрхлэх явдал цөөнгүй байдаг нь үүний илрэл юм. Ялангуяа барилгын салбарт энэ явдал газар авсан. Компани дампуурсан тохиолдолд ажилчид, туслан гүйцэтгэгчид цалингаараа хохирч үлддэг. Цаашлаад татвар, нийгмийн даатгалын өр төлбөр төлөгдөхгүй үлдэх нь түгээмэл. Үүнээс үүдэн нийгэм, эдийн засагт гарах сөрөг нөлөө, хор хохирлыг тооцож үзвэл чамгүй өндөр дүн гарах нь тодорхой.

    БНСУ-д ч мөн адил жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд компанийг зориудаар дампууруулан бусдыг хохироох явдал багагүй тохиолддог аж. Энэ асуудлыг тус улсын Засгийн газар “Бизнесийн үнэлгээний систем” гэх хяналт, үнэлгээний механизмаар дамжуулан зохицуулж байна. Энэхүү үнэлгээний механизмыг хэрэгжүүлж буй барил нь сонирхолтой.

    БНСУ-ын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрүүдийн дотор бодлогын санхүүжилт томоохон байр суурь эзэлдэг байна. Бодлогын санхүүжилт буюу урт хугацаатай, өндөр дүнтэй бизнесийн зээлийн хүү нь БНСУ-ын Төв банкны бодлогын хүүгээс бага байдаг онцлогтой. 2024 онд Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яам нь шинэ бизнесийг дэмжихэд 3.7 их наяд воны бодлогын санхүүжилт олгохоор зарлаад байна.[1] Туйлын таатай нөхцөл бүхий бодлогын санхүүжилтийг авах сонирхол бизнес эрхлэгчдэд асар өндөр байдаг учир уг зээлд хамрагдах нөхцөл шалгуураар дамжуулан Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яам нь шударга өрсөлдөөнийг хангахад чиглэсэн зарим зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Үүний томоохон жишээ нь тус яамнаас Хууль зүйн яамтай хамтран хэрэгжүүлдэг “Бизнесийн үнэлгээний систем”  юм.[2] Уг үнэлгээний систем нь бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих, шударга бус үйл ажиллагааг хязгаарлах зорилго агуулдаг.

    Урьд нь дампуурсан компанийн захирал шинээр үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэрээр бодлогын санхүүжилт авах хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү үнэлгээний системээр зайлшгүй дамжих журамтай. “Бизнесийн үнэлгээний систем”-ээр шалгуулан тэнцсэн тохиолдолд бодлогын санхүүжилт авах эрх нээгдэнэ. Уг үнэлгээний систем нь хоёр шат дамжин хэрэгждэг. Эхний шатанд өмнө дампуурсан компани нь санхүүгийн тайлан тооцоог шударгаар хийдэг байсан эсэх, зориудаар дампууруулсан эсэх, ажилчдыг үндэслэлгүй халсан эсэхийг шалгаж үнэлнэ. Хууль зөрчөөгүй буюу эхний шатанд тэнцсэн тохиолдолд тухайн компанийн бизнесийн ирээдүй, технологийн түвшин зэргийг үнэлэн зэрэглэл тогтоож бодлогын санхүүжилт, сургалт зөвлөгөө болон бусад дэмжлэгийг хэрэгжүүлэгч агентлагуудаар дамжуулан ялгавартай олгодог байна.[3] Мөн хоёр шатанд тэнцсэн этгээдийн нэр дээр бүртгэлтэй сөрөг мэдээлэл буюу өмнөх компани нь өр төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн, дампуурсан тухай мэдээллийг устгаж зээлжих зэрэглэлийг ахиулж өгдөг байна. Бизнесийн зөвшөөрөл олгох төрийн захиргааны байгууллага нь өмнө хийж байсантай ижил төрлийн бизнес эрхлэх хүсэлтийг компани дампуурсан цагаас хойж 3 жилийн дараа авдаг журамтай. 2023 оноос “Бизнесийн үнэлгээний систем”-ээр үнэлүүлж тэнцсэн аж ахуйн нэгжид өмнөхтэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шууд олгох болжээ.

    БНСУ-ын Засгийн газар нь “Бизнесийн үнэлгээний систем”-ийг шударга бус үйлдлийг хязгаарлахыг сацуу хууль журмаа мөрдөн шударга үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг урамшуулан дэмжих хөшүүрэг болгон ашиглаж байна. Үүнийг хэрэгжүүлснээр бизнесийн орчин сайжрах, орлогын тэгш бус хуваарилалт буурах, үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүнд өсөх зэрэг олон эерэг үр дагавар гарна. Тиймээс олон талын ашиг тустай уг үнэлгээний системийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлага байна. Зээлийн шалгуур болгон мөн зарим төрлийн бизнес эрхлэх зөвшөөрлийн шалгуур нөхцөл болгон уг үнэлгээний аргыг ашиглаж болох юм.


  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар


[1] ’24년 정부·지자체 3조 7,121억원 창업지원 | 정책뉴스 | 정책정보 | 정부24 (gov.kr)
[2] 성실경영 평가제도 (naver.com)
[3] 대표 사이트 (rechallenge.or.kr)




Бусад мэдээлэл