БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 онд албан үүргээ хүлээн авсны дараа БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, умардын улс орнуудтай (ОХУ болон өмнө нь социалист системтэй байсан Төв Азийн улс орнууд) нийгэм, эдийн засгийн харилцаагаа сайжруулах замаар зах зээлийн шинэ орой зай бүрдүүлэх зорилго бүхий “Шинэ умардын бодлого”-ыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Шинэ умардын бодлого нь өмнөх Ерөнхийлөгчдийн санаачлан хэрэгжүүлж байсан Умардын бодлого, Нарны элч бодлого, Евроазийн Торгоны зам, Евроазийн санаачилга зэрэг бодлого хөтөлбөрүүдийн үргэлжлэл гэж үзэж болно.
Уг бодлого нь нэгдүгээрт, БНАСАУ-тай улс төрийн найрсаг, тогтвортой харилцааг бий болгох замаар цөмийн зэвсгийн аюул эрсдэлийг бууруулах, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар төмөр замын дамжин тээвэр хийх боломж бүрдүүлэх зорилго агуулдаг. Хоёрдугаарт, ОХУ тэргүүтэй умардын 14 оронтой улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар БНСУ-ын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн орон зайг тэлэх, мөн байгалийн нөөц баялаг бүхий эдгээр улс орнуудаас дотоодын аж үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн эх үүсвэр бүрдүүлэх зорилго агуулдаг.
Шинэ умардын бодлого нь хамтын ажиллагааны гол субъект болох ОХУ-тай далайн тээвэр, байгалийн хий, хөдөө аж ахуй, усан онгоцны үйлдвэрлэл зэрэг 9 чиглэлээр хамтран ажиллах зорилтуудыг тавьсан. Энэ хүрээнд Умардын форум, ОХУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хэлэлцээр, ОХУ, БНСУ-ын орон нутгийн хамтын ажиллагааны форум зэрэг хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгож, хөдөө аж ахуй, далайн тээвэр, усан онгоцны үйлдвэрлэлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байсан боловч “Ковид-19” цар тахал, Орос-Украйны дайн зэргээс үүдэн Шинэ умардын бодлогын хэрэгжилт зогсонги байдалд орсон юм. АНУ тэргүүтэй барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг тавьсан улс төр, эдийн засгийн хоригт БНСУ нэгдсэн, үүнээс үүдэн бодлогын гол субъект болох ОХУ нь БНСУ-ыг “найрсаг бус улс”-аар тооцсон нь уг бодлогын хэрэгжилт зогсох үндсэн шалтгаан болжээ. Өнөөгийн байдлаар БНСУ-ын цөөн тооны аж ахуйн нэгж Сибирийн бүс нутагт бага хэмжээний газар түрээслэн хөдөө аж ахуйн бизнес эрхэлж байгааг эс тооцвол бусад салбарын хамтын ажиллагаа дорвитой үр дүнд хүрээгүй байна.
Олон улсын геополитикийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий уг төслийг зогсоох нь БНСУ-д ашиггүй аж. Тиймээс БНСУ-ын Эдийн засаг, нийгэм хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгээс уг төслийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын тухай судалгааг 2022 онд хийсэн байна. Судалгаанд үндэслэн дараах хэдэн зөвлөмжийг гаргажээ. Үүнд, Нэгдүгээрт, БНСУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын шууд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх боломжгүй болсон учир төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх. Хоёрдугаарт, Монгол Улс, Казахстан, Узбекистан зэрэг Төв Азийн улс орнуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах. Гуравдугаарт хамтран ажиллах улс орнуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ хүрээнд Монгол Улс болон Төв Азийн бусад орнуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудыг судалсан байна.
Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны боломж
Судалгааны хүрээнд хоёр орны өнөөгийн хамтын ажиллагаанд СВОТ анализ хийж, давуу тал, сул тал, боломж, эрсдэлийг улс нэг бүрээр, мөн хоёр улсын хувьд авч үзсэн байна.
Давуу тал: БНСУ-ын хувьд хөгжлийн туршлага, өндөр технологи, санхүүгийн чадварыг оруулсан бол Монгол Улсын хувьд эрчим хүчний болон байгалийн арвин их нөөц баялаг, Ази, Европ тивийг холбосон газарзүйн ашигтай байршил, ОХУ болон БНХАУ-ын том зах зээлийн дунд байрладаг нь гол давуу тал гэж үзжээ. Мөн Монгол Улсад оршин суугаа солонгос хэлтэй олон тооны ажиллах хүч, солонгосын бараа бүтээгдэхүүнд эерэг хандлага бүхий монгол хэрэглэгчдийг багтаажээ. Монгол Улсын ДНБ-ий 24.1%, аж үйлдвэрлэлийн 56.5%, экспортын 93%-ийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг бол БНСУ-ын аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Энэ нь хоёр улсын хувьд давуу талдаа тулгуурлан, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг илтгэж байна гэжээ.
Сул тал: БНСУ-ын хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тухай нарийн судалгаа, бодитой мэдээллийн дутмаг байдал нь гол сул тал аж. БНСУ нь Монгол Улстай холбоотой мэдээллийн томоохон баазыг бий болгосон боловч ерөнхий мэдээллээс хэтрэхгүй учир түүнд үндэслэн шийдвэр гаргавал хоёр улсын хамтын ажиллагаанд саад болох магадлалтай. Мэдээллийн дутмаг байдал, зах зээлийн эрэлт, хэрэгцээ тодорхойгүй байх нь Монгол Улсын зах зээлд нэвтрэхээр зорьж буй БНСУ-ын аж ахуйн нэгжүүдэд томоохон саад болдог байна. Монгол Улсын хувьд зам тээврийн дэд бүтэц хоцрогдсон, судалгаа хөгжүүлэлтийн бааз суурь муу, авлига газар авсан, мэргэшсэн ажиллах хүч дутагдалтай байдаг сул талтай аж. Хоёр улсын хувьд хөрөнгө оруулалтыг дэмжих суурь тогтолцоо бүрдээгүй нь хамтын ажиллагааны гол сул тал юм.
Боломж: БНСУ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Шинэ умардын бодлогыг санаачлан, умардын улс орнуудтай харилцах механизмыг бүрдүүлсэн. Энэ хүрээнд 2021-2025 онд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх гол улсаар Монгол Улсыг сонгосон нь тус улсын хувьд хамтын ажиллагааны гол боломж юм. Монгол Улсын хөгжлийн стратеги, түүний дотор хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хот болон дагуул хотуудын хөгжил, ногоон хөгжил, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд БНСУ-тай хамтран ажиллах боломжтой. Монгол Улсын Засгийн газар нь 2021 оноос жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүгээр дэмжих арга замыг судалж, 2022 оноос хөнгөлөлттэй зээлийн бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг дагаад технологи, тоног төхөөрөмж, хүний нөөцийг хөгжүүлэх шаардлага бий болно гэж таамаглаж байна. Мөн Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн шинэчлэл, хуулийн хамрагдах хүрээг өргөжүүлсэн явдал нь хамтын ажиллагааны томоохон боломжийг нээж өгсөн. Төмөр зам, авто зам, агаарын тээвэр зэрэг тээвэр логистикийн салбар, эрчим хүчний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, хот төлөвлөлт, ногоон хөгжил, төрийн удирдлагыг дэмжихээр болсон. Түүнчлэн цахим засаглал хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх зэргээр хөрөнгө оруулалт, дижитал салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилж байгаа нь хоёр талын харилцаанд эерэг өөрчлөлтийг авч ирнэ гэж найдаж байна. Эдгээрээс гадна 2021 оны 9 дүгээр сард хоёр улс хамтын ажиллагаагаа шат ахиулан Стратегийн түншлэлд хүрсэн явдал нь цаашдын хамтын ажиллагаанд гол хүчин зүйл болох болно.
Аюул: Монгол Улсын хувьд төсвийн тогтворгүй байдал болон цаг уурын өөрчлөлт нь гол аюул юм. Монгол Улс уул уурхайн экспортын өсөлтийг дагаад төсвөө нэмдэг, бууралтыг дагаас төсвөө танадаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар нь ажиллаж байгаа боловч уул уурхайд суурилсан эдийн засгийн бүтцээс шалтгаалан дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Үүний зэрэгцээ гол мөрөн ширгэж, газрын хөрс хуурайших зэргээр уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байна. Энэ нь байгаль, цаг уурын нөлөөнд эмзэг хөдөө аж ахуй, дэд бүтэц, барилгын салбарын хөгжилд саад болох аюултай. Дэлхийн банкны 2022 оны тайланд Орос-Украйны хямралаас үүдсэн эрчим хүчний үнийн өсөлт, төлбөрийн саатал, БНХАУ-ын гааль, тээвэр логистикийн шударга бус зохицуулалтын нөлөөнд Монгол Улс автах эрсдэлтэй гэж анхааруулжээ. Энэхүү нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын Засгийн газрын төсвийн алдагдал нэмэгдэж, гадаад өр төлбөрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
Хамтын ажиллагааны цаашдын чиг баримжаа
Свот шинжилгээнд үндэслэн Монгол Улс, БНСУ-ын цаашдын хамтын ажиллагааны цаашдын чиг баримжааг тодорхойлжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол Улс нь хөгжлийн шинэ стратегийг сонгосон учир Монгол Улсын эрэлт хэрэгцээ, БНСУ-ын чадамжид үндэслэн хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлүүдийг шинээр тогтоох шаардлагатай. Алсын хараа 2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Цахим үндэстэн 2022-2027 дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд үндэслэн дараах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой юм. Үүнд, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр логистик, аялал жуулчлал, ногоон хөгжил, хот байгуулалт, засаглал, эрүүл мэндийн салбарыг оруулж болно.
Хоёрдугаарт, Сонгосон чиглэлүүдээр хэрхэн хамтран ажиллах арга барилыг тодорхойлох шаардлагатай. Монгол Улс нь хөгжлийн шинэ стратегид заасан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн боломж хязгаарлагдмал. Тиймээс БНСУ-ын зүгээс хөгжлийн хамтын ажиллагаа, мэдлэг хуваалцах төсөл, төр-хувийн хэвшлийн түншлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг аргуудыг ашиглах боломжтой. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын дэд бүтэц, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хөнгөлөлттэй зээл, боловсрол, эрүүл мэнд, засаглал, ногоон хөгжил, хөдөө аж ахуйн салбарт буцалтгүй тусламжийн төслүүдийг дэмжих боломжтой. Мэдлэг хуваалцах төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон хөгжил, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах нь зохистой. Тээвэр, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хот байгуулалт, ногоон хөгжил, засаглалын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглаж болно. Эцэст нь хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэй.
Гуравдугаарт, хамтын ажиллагааны бүтцээ илүү бат бөх болгох шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн шинэ стратегийн хүрээнд хоёр улсад хамтран ажиллах илүү өргөн боломж бүрдэж байна. Энэ нөхцөлд БНСУ нь Монгол Улстай зөвлөлдөх механизмаар дамжуулан хамтын ажиллагааны бүтцийг сайжруулах нь зүйтэй. Илүү олон чиглэлд хамтын ажиллагааны байр сууриа хуваалцах, хамтын ажиллагаанд саад болж буй хүчин зүйлсийг арилгах, Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлэх нь чухал.
Дөрөвдүгээрт, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих механизм бий болгох хэрэгтэй. Хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд гаалийн саад тотгорыг бууруулахаас гадна хөрөнгө оруулалт, үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шат ахиулна. Тиймээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг БНСУ-ын талаас тууштай дэмжих нь чухал.
Цаашдын хамтын ажиллагааг сайжруулах тухай санал
Шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол Улстай холбоотой мэдээллийн дутмаг байдал нь хоёр улсын харилцаанд томоохон саад болдог. Тиймээс Монгол Улсын шинэ соргог, үнэн бодит мэдээлэл цуглуулж, төр болон хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй мэдээлэл олгох төвийг үүсгэн байгуулах шаардлагатай. Мэдээллийн төв нь КОТРА, КОЙКА, КОПИА, Солонгосын аялал жуулчлалын корпорац, Солонгосын нүүрсний агентлаг, Ойн газар зэрэг Монгол Улс дахь БНСУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудаас бодит мэдээллийг цуглуулж, цэгцлэн, мэдээллийн бааз суурь бий болгоно. Улмаар төр болон хувийн хэвшлийнхэнд бодит мэдээллийг олгох нь хамтын ажиллагааг сайжруулахад тус болно.
Хоёрдугаарт, хоёр улсын хамтын ажиллагааны арга барилыг тодорхойлох судалгааг бодлогоор дэмжих шаардлагатай. Монгол Улсын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжлийн хамтын ажиллагаа, төр болон хувийн хэвшлийн түншлэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа гэсэн үндсэн гурван хэлбэрийн аль нь ямар салбарт тохиромжтойг тодорхойлох нь зөв. Үүний тулд Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрүүдийг илүү нарийн судлах шаардлага байна. Судалгааг Монгол Улс дахь БНСУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудаар дамжуулан хийх нь зүйтэй.
Гуравдугаарт, хоёр улсын хамтын ажиллагааны бүтцийг бэхжүүлэх үүднээс зөвлөлдөх механизмыг сайжруулах, идэвхжүүлэх шаардлагатай. Өнөөгийн байдлаар хоёр улсын Хууль зүйн яам хооронд байнгын зөвлөлдөх механизм ажиллаж байна. Уг зөвлөлдөх механизм нь хоёр улсын хамтын ажиллагааг ерөнхийд нь авч хэлэлцдэг боловч салбар тус бүрийн нарийвчилсан асуудлуудыг орхидог. Тиймээс хамтын ажиллагааг нарийвчлан хэлэлцэх, сайжруулах үүднээс шаардлагатай салбар бүрээр зөвлөлдөх дэд механизмуудыг бий болгох нь үүнийг шийдвэрлэх арга байж болно. Мөн өнөөгийн Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтад хувийн хэвшлийн оролцоо бага учир Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны хороо, Монгол-Солонгосын эдийн засгийн форум зэрэг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмын төлөөллийг оролцуулах нь илүү өгөөжтэй байж болох талтай.
Дөрөвдүгээрт, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих механизм болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дэмжих шаардлагатай. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон хөшүүрэг болно.
Тавдугаарт, Орос-Украйны дайны нөлөөг бууруулах Монгол Улсын төлөвлөгөөг нягтлах шаардлагатай. Монгол Улс нь Орос-Украйны аль нэг талыг дэмждэггүй, энхийг эрхэмлэдэг бөгөөд бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Уг дайны нөлөөгөөр Монгол Улс нь зарим төрлийн барааны нийлүүлэлтийн доголдол, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцын хөөргөдөл, валютын хомсдол зэрэг асуудалд өртсөн. Үүнээс үүдэн Монгол Улсын эдийн засгийн хөрш орнуудаас хараат байдлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Европын холбооны улсуудтай зам тээврийн салбарт хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн дотоодын зарим улс төрчдийн зүгээс дайны нөлөөг хохирол багатай туулах үүднээс Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах, Швейцарын холбооны улсын банк санхүүгийн системийг нутагшуулах, төмөр замын хос шугамтай болох, Эгийн голын усан цахилгаан станцыг хурдлуулах зэрэг саналыг дэвшүүлж байна. 2022 оны 4 дүгээр сард Европын холбооны зүгээс ОХУ-д тавьсан хориг Монгол Улсын эдийн засагт ноцтойгоор нөлөөлсөн тохиолдолд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Мөн Франц улсын зүгээс хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний бие даасан байдлаа хангахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх тухай байр сууриа илэрхийлсэн. Энэ нөхцөлд Орос-Украйны дайны нөлөөтэй холбоотой Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний өөрчлөлтийг нухацтай ажиглаж байх нь хамтын ажиллагаанд тустай.
Шинэ умардын бодлогыг дэмжих үндэслэл
Умард зүгт зах зээлээ тэлэх, БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахад чиглэсэн БНСУ-ын Засгийн газрын бодлого амжилт олбол Монгол Улсад олон талын ашигтай. Хоёр Солонгосын харилцаа сайжирч, БНАСАУ-ын нутгаар төмөр замын болон авто замын дамжин тээвэр нээгдвэл Монгол Улсаас БНСУ руу уул уурхайн түүхий эд болон бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэх, нөгөө талаар БНСУ-ын бараа бүтээгдэхүүн Монгол Улсад илүү хямд өртгөөр, богино хугацаанд нэвтрэх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд олон талын дэвшил гарах боломжтой. Тухайлбал уул уурхайн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, Монгол Улсын дорнод бүс дэх ХАА-н үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа бодитоор хэрэгжих боломжтой. Тиймээс Монгол Улс нь БНСУ-ын Умард зүгт чиглэсэн бодлого хөтөлбөрийг бүх талаар дэмжих нь зүйтэй.