Вэбсайтын цэс
Хэлний сонголт
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ БАРААЛХАВ
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ БАРААЛХАВ

    ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Япон судлалын секторын эрдэмтэн судлаачдын гүйцэтгэж буй Японы хөгжлийн туршлага, сургамжийн талаарх цуврал судалгааны ажлын үр дүн, сүүлийн үед шинээр боловсруулсан санал зөвлөмжийг танилцуулах зорилгоор БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга, доктор С.Мөнхбат, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, тус хүрээлэнгийн Япон судлалын секторын эрхлэгч, доктор Б.Сэржав нар 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав.
    Уулзалтын үеэр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд Япон судлал, Япон-Монголын харилцаа, Японы хөгжлийн туршлагын чиглэлээр гүйцэтгэсэн суурь судалгааны төсөл, грант, түүний үр дүнд буй болсон ном бүтээлээ товчлон танилцуулсан байна. 
    УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс хүрээлэнгийн Япон судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг өндрөөр үнэлсэн төдийгүй 2021 оны УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр зарласан “Япон лугаа адил” хөгжинө хэмээх үндэслэл, УИХ-аас баталсан “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн хүрээнд ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн багш, судлаачдаас захиалгаар гүйцэтгүүлэх шаардлагатай байгаа судалгааны төсөл, грантын талаар эрдэмтэдтэй санал бодлоо солилцон ярилцав.
    УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд, Японы туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын жишээг тодорхой дурдаад Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг энэхүү зорилттой хэрхэн уялдуулах талаар судлаачдын нэгдсэн байр суурьтай танилцах, төрийн бодлогод тусгах талаар илүүтэй анхаарах үүднээс Япон болон Зүүн хойд Азийн улсуудыг судалдаг эрдэмтэн судлаачдыг хамруулсан эрдэм шинжилгээний холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд санаачлан зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газар, Боловсрол, Шинжлэх ухааны яам, хүрээлэн хамтран зохион байгуулах нь чухал болохыг онцлов.



Бусад мэдээлэл