Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил” эрдэм шинжилгээний бага хурал болов
“Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил” эрдэм шинжилгээний бага хурал болов

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Монгол, Японы хооронд соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойн жилд зориулж “Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 10-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв. Тэр бээр уг хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Япон хоёр улсын харилцаа өдгөө Тусгай стратегийн түншлэлийн шат хүртэл амжилттай өрнөснийг дурдаж цаашдын нөхөрсөг харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын талаас Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо нээлтийн үгэндээ соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан олон жилийн турш бүтээсэн баялаг түүхийг эргэцүүлэн харж, үнэлэн дүгнэж, цаашдын хоёр улсын соёлын талаарх судалгааг гүнзгийрүүлэхэд, чухал үйл ажиллагаа болж байгаа тухай онцлон дурдлаа.

   “Монгол-Японы соёлын харилцаа: 50 жил” эрдэм шинжилгээний бага хуралд Япон улсын Кочи их сургуулийн Бүс нутгийн хамтын ажиллагааны тэнхимийн доктор (Ph.D), профессор Минато Күнио, Тайшо их сургуулийн доктор (Ph. D) Шиндо Ацүши нар хоёр улсын соёл, түүхийн тухай судалгааны илтгэлээр оролцсон бол Олон улс судлалын хүрээлэнгээс Гуравдагч хөрш орон судлалын салбарын япон судлаач, доктор (Ph.D), дэд профессор А.Дэлгэрмаа “Монгол-Японы соёлын харилцааны 50 жилийн түүхэн явцыг шинжлэх нь” сэдэвт үндсэн илтгэлээр оролцсон байна. Мөн Монгол Коосэн технологийн коллежийн захирал М.Сэргэлэн тус хуралд оролцож хоёр улсын харилцааны нэг тод өнгө болоод буй Коосэн сургалтын тухай танилцуулж, боловсролын салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн болно. Уг хурлын чиглүүлэгчээр тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Р.Төрдалай, ЭШТА, доктор (Sc.D), профессор О.Батсайхан нар ажиллаж илтгэл тус бүрийг дүгнэн, санал зөвлөмжөө өгч байв.

   Үүнээс гадна Олон улс судлалын хүрээлэн уг эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Монгол-Япон хоёр улсын соёлын харилцааны түүхэн өрнөлийг илтгэх гэрэл зургийн үзэсгэлэн, видео арт мэндчилгээ, Япон сангийн тусламжаар хүлээн авч судалгаа, шинжилгээний ажилдаа ашиглаж буй ном бүтээлээсээ дэлгэн танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон эрдэмтэн судлаач нарт сонирхолтой бөгөөд ойлгомжтой байснаараа онцлог байлаа. Энэ дашрамд, гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол Улсын ДБЭТ, Монгол Улсын Филармони, Монголын Тэшүүрийн холбоо, S&K балетын студи, Япон бүжгийн Азүма урсгалын бүжигчин Азүма Канъя, япон гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нар бүтээлээсээ оролцуулан дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархал илэрхийлж байна.



                                                                        Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын ЭША, доктор (Ph.D), дэд профессор А.Дэлгэрмаа
















Бусад мэдээлэл