Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" (ЯПОН УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" (ЯПОН УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)

Япон улсын коронавирусын эсрэг халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг товч танилцуулъя.

    Халдвар хамгааллын чиглэл:

- Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

- Халдвар дамжих эрсдэл бүхий ажлын байр тухайлбал, Өндөр настны асрамжийн газар, халдвартай иргэдийг тусгаарлаж буй Түр тусгаарлах байр зэрэгт роботуудыг ашиглах, техник хэрэгслүүдийг роботжуулах ажлыг нэвтрүүлж байна.

- Томоохон үйлчилгээний газруудад хүний оролцоогүй халуун хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлсэн.

    - Нийтийн хоол, үзвэр үйлчилгээний газруудад ухаалаг утсанд суурилсан тусгай аплекейшний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн бүртгэлийг хийж буй нь тухайн үйлчилгээний газарт халдварын тохиолдол илэрвэл халдвар цааш дамжихаас богино хугацаанд сэргийлэх үүднээс тухайн газраар үйлчлүүлсэн бусад үйлчлүүлэгчдэд өөрийгөө хянах, хөдөлгөөнөө хязгаарлах талаар сэрэмжлүүлэг илгээх, шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах зэрэг давуу талуудыг олгож байна. 

    - Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ард иргэддээ ухаалаг утсандаа Хавьтлыг баталгаажуулах аплекейшн COCOA -ийг суулгаж гадуур гарахдаа өөрийн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Халдварын батлагдсан тохиолдолтой ойролцоогоор 1 метрийн зайд 15 минут буюу түүнээс дээш хугацаанд ойрхон байсан эсэхийг Хавьтлыг баталгаажуулах аплекейшн COCOA илрүүлэх ажээ. 


    Нийгмийн хамгааллын чиглэл:

 - Япон улсын эдийн засагт жижиг дунд үйлдвэрүүд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ойролцоогоор 3 сая 580 мянга гаруй жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Япон улсын Засгийн газар коронавирусын халдварын тархалтын нөлөөгөөр уналтад ороод байсан эдийн засгаа сэргээхийн тулд жижиг дунд үйлдвэрүүдэд Тогтворжуулах мөнгөн тусламж 2 сая иэнийн дэмжлэг үзүүлж байна. Жижиг дунд үйлдвэрүүдийн өнгөрсөн оны мөн үеийн худалдаа, орлогын хэмжээг энэ оны мөн үетэй харьцуулан худалдаа, ашиг орлого нь буурсан жижиг дунд үйлдвэрүүдэд дээрх тусламжийг үзүүлж байна. 

    - Бэлэн мөнгөний дутагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай жижиг дунд үйлдвэрт хүүгүй зээл олгож байна. Ялангуяа Япон улсын Засгийн газраас маск, амьсгалын аппарат зэрэг эмнэлэгийн багаж хэрэгслийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар зорьж, дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж байна.


Ашигласан эх үүсвэр

    1. https://www.kantei.go.jp/jp/singi/novel_coronavirus/taisaku_honbu.html Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт

    2. https://www.mhlw.go.jp/stf/newpage_10829.html Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт 

    3. http://twitter.com/mhlwitter  Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны twitter хаяг 

    4. http://www.mhlw.go.jo.facebook/ Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны facebook хаяг 

    5. http://www.youtube.com/user/MHLWchannel/ Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны youtube хаяг 

    6. https://corona.go.jp/expert-meeting/ 


Танилцуулга мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын

салбарын эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэм


Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (БНХАУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (АНУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (ОХУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (БНТУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (БНСВУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (ХБНГУ-ын жишээгээр)

Ковид-19: халдвар хамгааллын олон улсын туршлага (БНСУ-ын жишээгээр)



Бусад мэдээлэл