Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
“Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

   Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Тус ойд зориулсан хурлын хамтран зохион байгуулагчаар Архивын Ерөнхий Газрын Үндэсний Төв архив, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Улаанбаатар дахь “Русский Дом” буюу Оросын шинжлэх ухаан соёлын төв болон “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл ажиллав.

   Энэ удаагийн хуралд Монгол, Оросын ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн зэрэг 80 гаруй төлөөлөл оролцсон байна.

   Түүхэн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлаар хоёр орны харилцааны түүхэн замнал, ололт амжилт, сургамжийг эргэн дүгнэж, өнөөгийн хамтын ажиллагааны байдал, цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцлээ.

   Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Содномсамбуугийн Дэмбэрэл болон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар үг хэлсэн юм.

   Хурал “Монгол-Оросын харилцаа: Түүх, уламжлал, өв”, “Монгол-Оросын харилцаа: Орчин үе, хэтийн төлөв” гэсэн хоёр үндсэн хуралдаантайгаар зохион байгуулагдав. Үдээс өмнөх хуралдаанаар ХХ зууны эхэн үеийн хоёр орны харилцаа, Монгол-Зөвлөлтийн 1921 оны гэрээ, Хиагтын түүх, архитектурын өв, цэргийн салбарын хамтын ажиллагаа, Зөвлөлтийн анхны монгол судлаачдын шинжлэх ухааны өвийн талаар санал солилцлоо. ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Эдийн засгийн хүрээлэнгийн Судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Хейфец Б.А., эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D) Чернова В.Ю., эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Доржиева В.В. болон ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Их Сургуулийн профессор, доктор Кузьмин Ю.В. цахимаар оролцож илтгэл хэлэлцүүлсэн бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын орон нутаг судлах музейн Ховор номын тасгийн эрхлэгч Чагдурова М.М., эрдэм шинжилгээний ажилтан Бальдирова М.Д. нар хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлэв.

   Үдээс хойших хуралдаанаар Монгол-Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Хятад-Монгол-Оросын гурван талт харилцаан дахь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломж, архивын болон технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг авч үзсэн байна.

   Хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд судалгаанд үндэслэсэн санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллага, бодлого боловсруулагчдад хүргэх, хоёр орны харилцааны судалгааны цаашдын чиглэл, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход хувь нэмэр оруулахыг зорьж байна.

   Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан уншигчдын хүртээл болгохоор зэхэж буй “Монгол-Оросын харилцаа: Баримт бичгүүд (1912-2026)” нэртэй баримт бичгийн эмхэтгэл бүтээлийг танилцуулсан юм. Монгол, Орос хоёр улсын харилцааг иж бүрэн харуулсан энэхүү түүхийн лавлах болох баримт бичгийн эмхэтгэл нь хоёр орны харилцааны түүх, геополитик, орчин үеийн Монголын түүх судлаач, эрдэмтэн, багш, оюутан, сонирхогч хэн бүхэнд өгөөжтэй бүтээл байна гэдгийг онцоллоо.

   Түүнчлэн, “Монгол Улс-ОХУ-ын найрамдал, нөхөрлөл-105” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг хурлын үеэр дэлгэсэн юм. Тодруулбал, Монгол улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 35 жил, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан Улаан-Үд хотын Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Монгол Улс-ОХУ-ын найрамдал, нөхөрлөл-105” сэдэвт гар зургийн уралдаан зарласан аж. 2026 оны 04 дүгээр сард зарласан энэхүү уралдаанд 126 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг "Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд дэлгэн, хуралд оролцогчдод сонирхууллаа.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭША Б.Хишигжаргал
 









Бусад мэдээлэл