Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХАРИЛЦАА ХАГАС ЖАРАНД” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулав
“МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХАРИЛЦАА ХАГАС ЖАРАНД” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулав

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимээс хамтран “Монгол Улс, БНСУ-ын харилцаа хагас жаранд” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурал 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тэгш ойг тэмдэглэх ажлын хүрээнд “отгон” болсон энэхүү хурлаар хоёр орны өнгөрсөн 30 жилийн харилцаа, хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэж, ирээдүйн төлөв хандлагыг тодорхойлох, Монгол Улс дахь Солонгос судлалаар судалгаа хийж ажилладаг эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, олон нийтэд сурталчлан таниулах, шийдвэр гаргагчдад зөвлөмж болгох зорилгоо амжилттай биелүүлсэн хэмээн хуралд оролцогсод санал нэгдэв.

    Хурлын үйл ажиллагааг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж, УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга Д.Өнөрболор, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Б.Очирхуяг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хун нар мэндчилгээ ирүүлсэн нь хурлын ач холбогдлыг илтгэсэн хэмээн үзэж болно. 

    Тус эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, их, дээд сургуулиудын Солонгос судлал болон Зүүн хойд Азийн бүс нутаг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв. 

    Хөл хорионы улмаас Google Meet апп ашиглан цахим хэлбэрээр явагдсан энэ хурлаар хоёр талын харилцаанд холбогдох улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, Солонгосын хойгийн хурцадмал асуудал, худалдаа, түүх, соёл, иргэд хоорондын харилцаа, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шашин зэрэг нийгмийн олон салбарыг хамарснаараа урьд өмнөх хурлуудаас онцлог болов. Сангийн яам, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Удирдлагын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ гэх мэт олон байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

    Зохион байгуулагчид илтгэлүүд болон хэлэлцүүлгийн тэмдэглэлийг 2021 оны эхний улиралд эмхэтгэл болон хэвлэж, оролцогчдоос гаргасан саналуудыг нэгтгэн боловсруулж бодлого боловсруулагчдад зөвлөмж зөвлөмж хэлбэрээр хүргэхээр тогтсон байна. 

Мэдээ бэлтгэсэн: И.Энхболд



 




Бусад мэдээлэл