Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

   Монгол, Хятадын хооронд “Найрамдал, харилцан туслалцах гэрээ” байгуулсны 65 жилийн ой энэ 2025 онд тохиож байна. Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “БНМАУ, БНХАУ-ын Найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Дорно дахин судлалын хүрээлэн, Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран  5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

   Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь 1960 онд хоёр улсын найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулах үйл явц, ач холбогдол, мөн тухайн үеийн олон улсын нөхцөл байдал хийгээд 1950, 1960-аад оны БНХАУ-ын гадаад бодлого болон өнөөгийн хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцааны тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, олон нийтэд танилцуулах, холбогдох салбарын судлаачдын байр суурь, санал бодлыг солилцоход чиглэгдсэн болно.

   Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин хэлсэн үгэндээ 1960 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, “БНХАУ, БНМАУ-ын Найрамдал, харилцан туслалцах гэрээ”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь Хятад, Монгол хоёр улсын харилцааны түүхэн дэх чухал тэмдэглэлт үйл явдал төдийгүй хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны чухал бэлгэдэл болсон юм” хэмээн онцлон тэмдэглэв.

   Мөн тус гэрээ байгуулагдах үйл явц, ач холбогдлын тухайд ШУА-ийн ОУСХ-ийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Базардорж “...Хоёр улсын өнөө хүртэл хөгжсөн найрамдалт харилцааны үндсэн суурь болох гол баримт нь яах аргагүй 1960 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээ болно. Энэ гэрээ нь хожим 1994 онд Монгол, Хятадын харилцаа шинэ цаг үед шилжиж, харилцааг шинэ шатанд тодорхойлсон “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г байгуулахад үндсэн суурь баримт бичиг болж түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн гэрээний ач холбогдлын талаар дурдсан байна.

   “БНМАУ, БНХАУ-ын Найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын талаас Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын талаас ЭСЯ, “Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи зэрэг төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, олон улсын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцов.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-ийн Хятад судлалын салбарын ЭША, магистр С.Батдорж








Бусад мэдээлэл