Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Турк улсын эрчим хүчний салбарын хөгжил: Газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагааны туршлага
Турк улсын эрчим хүчний салбарын хөгжил:  Газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт,  тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагааны туршлага

   Бүгд Найрамдах Турк Улс өнгөрөгч 20 гаран жилийн хугацаанд ЭЗХАХБ-ын гишүүн орнууд дундаас эрчим хүчний эрэлт хамгийн ихтэй, хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж буй орон болжээ. Энэ хугацаанд цахилгаан эрчим хүч, байгалийн хийн эрэлтийн өсөлтөөрөө Турк улс, БНХАУ-ын дараа дэлхийд 2 дугаарт бичигдэх болов.

   Нефть болон байгалийн хийн баталгаажсан нөөцийн ойролцоогоор 60 орчим хувь байдаг газар нутагтай Бүгд Найрамдах Турк улс хөрш залгаа оршдог бөгөөд өөрийн бүс нутагтаа байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний хамгийн том зах зээл болсон билээ. Нөгөө талаас Турк улсын эрчим хүч, байгалийн хийн хэрэгцээний 67,8 хувийг гадаад улс орноос хангадаг тул тус улсын эрчим хүчний салбарын хувьд олон улсын харилцаа онцгой ач холбогдолтой бөгөөд олон улсын харилцааны өрнөл хөгжил тус улсын эрчим хүчний салбарын стратеги, түүний хэрэгжилтэд шууд нөлөө үзүүлдэг юм.

   Гадаад улс орнуудаас эрчим хүчний хамааралтай байдлаа бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүй байдлыг бэхжүүлж, нөөцийг төрөлжүүлэх нь Турк улсын эрчим хүчний салбарын стратегийн гол зорилтуудын нэг юм.[1] Тус улс нь бүс нутгийн болон олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах цаашлаад бүс нутаг дамнасан эрчим хүчний худалдаа, тээвэрлэлтийн төв сүлжээ болох зорилготой. Турк улсын эрчим хүчний салбарын стратеги, түүний хэрэгжилтэд олон улсын харилцаа, бүс нутгийн яриа хэлэлцээрийн ач холбогдол их, шууд нөлөө үзүүлдэг бөгөөд тус улсын эрчим хүчний салбарын стратегийн баримт бичгийг дараах үндсэн агуулгаар тодорхойлж болох юм. Үүнд:

  1. Эрчим хүч, байгалийн хийн өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээ, салбарын гадаад улс орнуудаас хараат байдал зэргийг харгалзан үзэж, нийлүүлэлтийн маршрут, эх үүсвэрийн тоо, төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах
  2. Бүс нутгийн болон дэлхий нийтийн түвшинд эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах
  3. Бүс нутаг дамнасан эрчим хүчний худалдаа, тээвэрлэлтийн төв сүлжээ болох
  4. Эрчим хүч, түүний нийлүүлэлтийн сүлжээг бий болгох бүх шатанд тогтвортой хөгжил, нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад анхаарах,
  5. Орон нутгийн болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх
  6. Атомын цахилгаан станцыг эрчим хүчний хувилбарт эх үүсвэр болгон хөгжүүлэх

   БНТУ-ын хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд сүүлийн жилүүдэд ихээхэн ач холбогдол өгч байна. 2022 онд баталсан “Үндэсний эрчим хүчний салбарын төлөвлөлт” баримт бичигт дотоодын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх нь бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлжээ.[2] Турк улс сэргээгдэх эрчим хүчний суурилуулсан хүчин чадлаар Европт 5-р байр, дэлхийд 11-р байр руу ахисан бөгөөд 2025 он гэхэд суурилуулсан эрчим хүчний 60-аас илүү хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авах зорилт тавьжээ. 2024 онд гаргасан “Сэргээгдэх эрчим хүчний салбарын замын зураглал 2035” хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт 108 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг 2035 он хүртэл 4 дахин нэмэгдүүлэх, 30 GW-аас 120 GW хүргэх зорилт тавьжээ.

   Турк улс өөрийн оршин буй бүс нутаг хийгээд бусад бүс нутаг дамнасан эрчим хүчний худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, дамжуулалтын төв болох зорилгыг бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлж буйг дээр товч дурдсан билээ.

   Дээр дурдсан бодлогын зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгалийн хий, нефть дамжуулах хоолойн олон мега төслүүдийг амжилттай төлөвлөж, барьж байгуулан, өдгөө ашиглаж байгаа билээ. Эдгээр стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, ашиглалт, засвар арчлалт зэрэг бүх үе шатанд оролцож, салбарын томоохон тоглогч, үндэсний компани болсон, 50 гаран жилийн туршлагатай БОТАШ компанийн үйл ажиллагаа, туршлагыг судлан үзэх нь чухал ач холбогдолтой.

Газрын тос, байгалийн хийн хоолойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Туркийн төрийн өмчит БОТАШ компани нь 1974 онд байгуулагдсан бөгөөд анх байгуулагдахдаа БНТУ, Ирак улсын засгийн газар хооронд 1973 онд байгуулсан Ирак улсаас боловсруулаагүй газрын тос тээвэрлэх, дамжуулах хоолой барих гэрээний үндсэн дээр байгуулагдаж байжээ. Харин 1995 онд БНТУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр эрх зүйн статусаа өөрчлөн төрийн өмчит компани болсон бөгөөд өдгөө 3000 гаруй ажилтантай, Турк улсдаа эхний тавд ордог тэргүүлэгч компаниудын нэг юм.[3] Туркийн Эрчим хүчний яамны харьяанд ажилладаг, харин стратегийн ач холбогдлыг нь харгалзан захирал, орлогч захирал нарыг Турк улсын Ерөнхийлөгч шууд томилдог байна. Тус компани нь:

  • Газрын тос, байгалийн хийн тээвэрлэлт, дамжуулах хоолойн үйл ажиллагаа,
  • Шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болон түүнийг дотоодын зах зээлд хуваарилах, ачих, тээвэрлэх терминалын үйл ажиллагаа
  • Усан терминалын үйл ажиллагаа
  • Газрын тос, байгалийн хийн хоолойн барилга байгууламж, инженерчлэл, хөрс, геологийн судалгаа хийхээс гадна эдгээртэй холбоотой бүх шатны төсөл боловсруулах
  • Борлуулалт, Хадгалалт, Тээвэрлэлт зэрэг цогц үйл ажиллагааг эрхэлдэг байна.

   БОТАШ компанийн мэдээлснээр 2024 онд Турк Улс 51.9 тэрбум м3 байгалийн хий импортолсноос дотоодын хэрэгцээнд 53.4 тэрбум м3 байгалийн хийг худалдан авч, түгээсэн бол энэ 2025 онд ойролцоогоор 58,2 м3 хүрэх хүлээлттэй байна.[4] Сүүлийн жилүүдэд тус компани нь олон улсын чанартай дамжуулах хоолойн төсөл хэрэгжүүлэхээс гадна газрын тос болон байгалийн хий хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Тухайлбал, 2020 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 6%-аар нэмэгдэж, 3.2 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Дотоодын хэрэглээ нэмэгдэх хэрээр байгалийн хий хадгалах байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3 төсөл хэрэгжүүлж байгаа юм. 2024 онд Туз Голд 600 сая см3 багтаамжтай газар доорх байгууламжийг нэмэгдүүлж 1,2 тэрбум см3 болгон өргөтгөсөн бол, 263.000 см3 багтаамжтай шингэрүүлсэн хий хадгалах, тээвэрлэх усан онгоц (Floating storage and Regasification Unit - FSRU)-ыг 3 болгохоор зорилт тавин ажиллаж, 2024 оны байдлаар Сарос, Дөртёл гэсэн 2 терминал дээр амжилттай хэрэгжүүлээд байна.[5] Үүнээс гадна Силиври мужид 2.8 тэрбум см3 багтаамжтай газар доорх байгууламжаа 4,6 тэрбум м3 багтаамжтай байгууламж болгон өргөтгөсөн байна.[6] БОТАШ компанийн бие даан бүтээн байгуулсан байгалийн хий дамжуулах хоолойн мега төслүүдийн байршил, (Зураг.1) жишээ болгон сонгосон төслүүдийн товч танилцуулгыг оруулав.[7]

Зураг 1. БОТАШ компанийн бүтээн байгуулсан байгалийн хий дамжуулах хоолойн төслүүдийн байршил [8]

   Газрын тос дамжуулах хоолой. Тус компани нь Ирак-Туркийн чиглэлийн Киркук-Жейхан 900 км хоолойн шугам, Турк доторх газрын тосны Жейхан-Кырыккале 457 км, Батман-Дөртёол, Шелмо-Батман хоолойн шугамууд зэрэг нийт газрын тосны 4 мянган км урт хоолойн шугамыг өөрийн газар нутгаар дайруулан тавьсан. Ирак-Туркийн чиглэлийн Киркук-Жейхан хоолойгоор жилд 70,9 сая тонн, Жейхан-Кырыккале хоолойгоор 7,2 сая тонн, Батман-Дөртёолоор 4,5 сая тонн, Баку-Тбилиси-Жейхан хоолойгоор дунджаар 50 сая тонн газрын тос тус тус дамжуулдаг. Иракийн газрын тосыг өөрийн нутгаар дамжуулж буйн хувьд зохих түрээс авдаг.

   Дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой. БОТАШ компани нь олон улсын чанартай Баку-Тбилиси-Жейхан, Арабын хийн хоолойн шугам (Сири-Турк), Туркийн урсгал (ОХУ-Турк), ТАNAP (Азербайжан-Европ), Набуккогийн (Турк-Австри) зэрэг Туркийн нутгаар дайрч өнгөрч буй 20 мянга гаруй км урт хийн хоолойн төслүүдийг хариуцдаг. Одоогийн байдлаар Оросоос татсан Транс Балканы 845 км хоолой (1987 онд байгуулсан), Иранаас эхтэй 1600 км урт Табриз-Догубаяазит (Зүүн Анатолийн)-ын хоолой, 2003 онд Оросоос эхтэй 750 км урт Цэнхэр урсгалын хоолой, Азербайжанаас эхтэй 430 км урт Өмнөд Кавказын хоолой, мөн Турк-Грекийн хооронд холбосон 296 км урт (210 км Туркийн нутгаар) Интерконнектор хоолойг тус тус хариуцан ажиллуулж байна.

   Транс Анатолийн хийн хоолой (TANAP). Азербайжаны “Шах Дениз” орд газраас эхтэй 1850 км үргэлжилсэн Транс Анатолийн хийн хоолой (TANAP)-н төслийг 2018 онд ашиглалтад оруулсан. Тус хоолой нь Өмнөд Кавказийн хоолойн үргэлжлэл болж Туркийн нутгаар 20 мужийг дайран өнгөрч Турк, Грекийн хил дээр Транс Адриатик хоолой (TAP)-той залгагддаг. БОТАШ компани нь “TANAP” төслийн 30 хувийг эзэмшдэг бол Азербайжаны “SOCAR” 51 хувийг, үлдсэн хэсгийг “British Petroleum” эзэмшдэг, жилдээ 16 тэрбум м3 хийг тээвэрлэж, үүний 6 тэрбум м3-ыг Туркийн дотоодын хэрэглээнд худалдан авч, үлдсэн 10 тэрбумыг Европ руу нийлүүлэх, чингэхдээ гэрээнд заасан нөхцөлөөр дамжин өнгөрүүлэхэд тодорхой төлбөр авдаг. Тус хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлж, 2023 онд 24 тэрбум м3, 2026 онд 31 тэрбум м3 байгалийн хий дамжуулахаар төлөвлөж буй аж. ТANAP төсөлд ойролцоогоор 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан гэх бөгөөд нийт 1 сая 280 мянган тонн бүхий 160 мянган ширхэг 36-56 инчийн голчтой Х70 ган хоолой угсарсан байна. Хоолойг угсрах, ган хоолойг үйлдвэрлэх зэрэг ажилд 15 мянган хүн шууд болон шууд бус байдлаар оролцсон бол тус хоолойг дагуулан байрлуулсан шахалтын (off-take) 2 станц, компрессорын 2 станц, тоолуурын 4 станц, хоолойг цэвэрлэх (pigging) 11 станц, 49 блок хавлагын станцууд дээр ажиллах 600 гаруй ажлын байрыг буй болгосон байна. Эдгээр ажиллах хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх байнгын ажиллагаатай сургалт үйлдвэрийн төвүүд ажиллаж байна.

   ОХУ-Турк байгалийн хий дамжуулах хоолой (Баруун шугам) Эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох, нээн илрүүлэх ажлын үр дүнд 1984 оны 9-р сарын 18-нд БНТУ, хуучнаар ЗХУ хооронд байгалийн хий тээвэрлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар энэхүү томоохон төслийн үйл ажиллагаа эхэлжээ. Ийнхүү засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдсэнээс хойш БОТАШ компани 1985 онд нарийвчилсан судалгаануудыг хийж, дамжуулах хоолойн замын зураглал тодорхой болжээ. Улмаар 1986 онд Анкара хотноо Боташ компани, ЗХУ-ын Союз Газ Экспорт компанитай 25 жилийн хугацаатай байгалийн хий худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1987 оноос эхлэн худалдан авсан байгалийн хийн хэмжээ улам бүр нэмэгдсээр, 1993 онд дээд хэмжээндээ буюу жилд 6 тэрбум m³-т хүрч байсан ажээ.

   Цэнхэр урсгал байгалийн хий дамжуулах хоолой (Цэнхэр урсгал) 1997 оны 12-р сарын 15-нд БОТАШ болон Газ-экспорт ХХК-ийн хооронд 25 жилийн хугацаатай байгуулсан байгалийн хий худалдах, худалдан авах гэрээний дагуу Оросын Холбооны Улсаас Хар далайн ёроолоор дамжин өнгөрөх хоолойгоор Турк Улсад байгалийн хий нийлүүлж байна. Тус гэрээний дагуу жил бүр 16 тэрбум m³ байгалийн хийг Турк улсад нийлүүлдэг юм. Нийт 1213 км үргэлжлэх уг хоолой нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд 380 гаруй км хоолой нь Турк улсын хойд хэсгээр буюу Хар далайн доогуур үргэлжилдэг ажээ.Тус байгалийн хийн хоолойн ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хэсэг болон Хар далайн ёроолоор дамжин өнгөрөх хэсгийн санхүүжилт, барилга угсралтыг ОХУ-ын Газпром, Турк улсын газар нутаг дээгүүр өнгөрөх хоолойн хэсгийн санхүүжилт, барилга угсралтыг БНТУ-ын БОТАШ компани хариуцан гүйцэтгэсэн байдаг. Цэнхэр урсгал байгалийн хийн хоолойн Туркийн газар нутаг доторх хэсэг нь Самсунгаас эхлэн Амася, Чорум, Кыраккалеар дамжин Анкара хотод хүрч, байгалийн хий дамжуулах үндсэн хоолойтой холбогддог байна. Дамжуулах хоолой 2003 оны 2-р сарын 20-нд бүрэн ашиглалтад орсон ч 2005 оны 11-р сарын 17-нд албан ёсны нээлтийн ажиллагаа болсон юм.

   Зүүн Анатолийн Байгалийн хий дамжуулах гол шугам (Иран, Турк) 1996 оны 8-р сарын 8-нд Иран, Туркийн засгийн газар хооронд жилд 10 тэрбум м3 байгалийн хий худалдах, худалдан авах гэрээ байгуулж байжээ. Энэ төслийн хүрээнд нийт 1491 км урт, 48 болон 16 диаметр хэмжээтэй байгалийн хий дамжуулах хоолой Туркийн зүүн болон зүүн өмнөд хэсгийн мужууд болох Эрзурум, Сивас, Кайсэриг дайран Анкара болон бусад том хотуудад хүрдэг юм. 2001 оны 6-р сарын сүүлээр бүх хоолойн систем хий авах боломжтой болсон бөгөөд Ираны Базарган дахь станцын угсралт дууссантай холбогдуулан 2001 оны 12-р сарын 10-нд Иранаас байгалийн хий дамжуулан авах ажил эхэлжээ.

   2025 оны 8-р сард БНТУ-ын Ерөнхийлөгчийн захирамжаар мөн зүүн Анатолийн буюу харьцангуй сэрүүн уур амьсгалтай мужууд болох Ван, Агри, Малатяа Элази зэрэг мужийн өрх, аж ахуйн нэгжүүдийг хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбох 335 км урт байгалийн хий дамжуулах хоолойн барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд БОТАШ компани голлон гүйцэтгэх ажээ.[9]

Дүгнэлт

   Байгалийн хий бол шатдаг төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс хүн төрөлхтний эрүүл мэнд, агаар мандал, уур амьсгал, хүрээлэн буй байгаль орчинд хамгийн хор хөнөөл, аюул багатай түүхий эд юм. Тийм ч учраас өндөр хөгжилтэй улсууд сүүлийн жилүүдэд атомын эрчим хүч, нүүрсний хэрэглээнээс аажмаар татгалзаж, оронд нь байгалийн хийн эрчим хүчний хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлж байна.

   Турк улс эрчим хүчний салбар, тэр дундаа газрын тос, байгалийн хийн хоолойн барилга байгууламж, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагааг олон арван жил хийсэн туршлагатай БОТАШ компаниар дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойг өөрийн газар нутаар дамжуулан татаж, үүнээс чамгүй ашиг орлого олж ирсэн, тэр дундаа энэ салбарт ОХУ-тай, тэр дундаа Газпром компанитай 40 гаран жил хамтран ажилласан арвин туршлага хуримтлуулсныг БОТАШ компанийн гардан гүйцэтгэсэн мега төслүүдийн талаарх дээрх товч мэдээллээс харж болно. Иймд Монгол Улсын “гуравдагч хөрш” орнуудын нэг Турк улсын энэ салбарт хуримтлуулсан туршлагаас дараах онцлох санаануудыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Үүнд:

   а. Туркийн нутаг дэвсгэрээр тавигдсан газрын тос, байгалийн хийн хоолойн нэлээд хэсэг нь цельсийн хасах 30-35 хэм хүртэлх эрс тэс уур амьсгалтай, гурван мянга хүртэлх км үргэлжлэх уулархаг, өндөрлөг газар нутгийг дайруулан татсан нь манай улсын газарзүй, эрс тэс уур амьсгалын онцлогтой төстэй.

   б. Орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан дамжуулах ган хоолойг үйлдвэрлэх стандарт, чанар байдлыг ихэд харгалздаг, Туркийн тал хоолойг өөрсдөө үйлдвэрлэдэг, бусад орны хоолойн чанар байдлыг сайтар судалсан туршлагатай ажээ.

   в. Өөрийн нутгаар хоолойг дамжуулан тавихад уг хэсгийг хариуцсан төрийн өмчит хамтарсан компани байх эсэх, оролцооны байдлаас шалтгаалан хувь хэмжээг хэрхэн тогтоох, хоолой нь гаднын өмч байх эсэх, эхлэлийн үед “бүх юм сайхан байж болох” ч удаан хугацааны үйл ажиллагааны явцад гарч болзошгүй “бүрэн эрх зөрчигдөхгүй байх” эрх зүйн үндэслэлийг сайн суулгаж өгөх шаардлагатай байдаг байна.

   г. Газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг хэвийн явуулахад аюулгүй байдлыг нь хангах, хамгаалалтын үүрэг нь хоолойг ажиллуулахаас дутахгүй чухал ач холбогдолтойг БОТАШ компанийн инженерүүд онцлон анхааруулдаг. Тус компани эдгээр үүргийг дангаараа хариуцдаг аж. Эл зорилгоор хоолойг дагуулан шилэн кабел буюу fiber sensing суулгахын зэрэгцээ дроноор алсын зайнаас байнгын ажиглалт явуулдаг. Хамгаалалтын SCADA тусгай программ хангамжийг өөрсдөө зохион бүтээж, ашигладаг (зарим улс орон хоолойг хамгаалахын тулд цэргээ бусдын нутагт оруулах санал тавьж байсныг дурдаж байв).

   в. Нэн ялангуяа газар нутгаараа дамнуулан хоолой тавиулсны төлбөр, түрээсийн асуудлаар тохиролцоход бэлтгэгдсэн мэргэжилтэн, хуульч нарын үүрэг их тул эртнээс мэргэшүүлэх, дадлагажуулах, туршлага судлуулах шаардлагатай байдаг, нэг талын давуу байдалд автахгүй байх, дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг нарийн тооцож, энэхүү үнэ, төлбөрийг өөрт ашигтайгаар байнга өөрчилж байхад анхаарах шаардлага гардаг байна.

   д. Дамнуулан тавьсан хоолойноос байгалийн хийг тухайн улс авч ашиглах эсэх, хэрэв тийм бол энэ нь холбогдох үнэ болон уг хоолойноос хий авах станцууд байгуулах зэргээр техникийн асуудлууд гардгийг оновчтойгоор шийдэх хэрэгтэй байдаг байна.

   е. Дамжуулах хоолой нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд чингэхдээ өөрийн мэдлийн сургалтын төвийг байгуулж, байнгын сургалт, дадлага хийлгэх шаардлагатай байдаг тул нэн тэргүүнд хоолой тавигч талаас хэт хамааралтай болохгүйн тулд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх дээр тусгайлан анхаарах шаардлагатай.

   Турк улсын байгалийн хийн хоолой барих, ашиглах, тэр дундаа БОТАШ компанитай холбогдож, шаардлагатай мэдээлэл, судалгааг эхлүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 2 дугаар сард БОТАШ төрийн өмчит компанийн төвд зочилж,[10] дамжин өнгөрөх хоолойн чиглэлээр туршлага судлах нь зүйтэй хэмээн уулзалтын үеэр тохиролцож байв. Туркийн Эрчим хүчний дэд сайд Надир Алпаслантай Монгол Улсаас БНТУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд 2021 оны 2 дугаар сард уулзаж, түүний зөвшөөрч, зөвлөснөөр БОТАШ компанийн дэд захирал Талха Памукчутай уулзаж, эхний ээлжид дамжин өнгөрөх хийн хоолойн асуудал эрхэлсэн Шадар сайдын ажлын албаны төлөөлөл, БОТАШ компанийн хооронд цахим уулзалт хийж, туршлагын талаар мэдээлэл авахаар тохиролцож, эхний алхмуудыг хийсэн байдаг.



Эх сурвалж
  1. https://www.mfa.gov.tr/turkiye_nin-enerji stratejisi.tr
  2. https://enerji.gov.tr/Media/Dizin/EIGM/tr/Raporlar/TUEP/T%C3%BCrkiye_National_Energy_Plan.pdf
  3. https://www.botas.gov.tr/pages/corporate/258
  4. Туркийн Үндэсний Их Хурлын дэргэдэх Төрийн Санхүүгийн Хорооны 2024 оны жилийн эцсийн хяналтын сонсголд БОТАШ компанийн хийсэн танилцуулга,
  5. БОТАШ 2024 Алманак, хуудас 143
  6. БОТАШ 2024 Алманак, хуудас 134-135
  7. https://enerji.gov.tr/bilgi-merkezi-dogal-gaz-boru-hatlari-ve-projeleri
  8. https://www.botas.gov.tr/Sayfa/dogal-gaz-ve-petrol-boru-hatlari-haritasi/781
  9. https://enerjirehberi.com.tr/2025/08/18/botastan-dogu-anadoluya-335-kilometrelik-yeni-dogalgaz-yatirimi/
  10. https://www.tr.mongolianembassy.com.tr/hbr_360_deputy-prime-minister-of-mongolia-he-enkhtuvshin-ulziisaikhan-visited-turkey


ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрхлэгч,
ЭШАА, доктор (Ph.D)Ч.Цэрэннадмид


Бусад мэдээлэл