Гренланд арал нь Арктикийн бүсэд орших, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том арал бөгөөд газар зүйн байршил, байгалийн нөөц, батлан хамгаалах стратегийн ач холбогдлоороо их гүрнүүдийн анхаарлыг урт хугацаанд татсаар ирсэн билээ. Хойд Атлантын, Арктик болон Евроазийг холбосон стратегийн зангилаа бүсэд оршдог энэхүү арал нь зөвхөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал төдийгүй өргөн хүрээний геополитикийн ашиг сонирхлын огтлолцлын нутаг дэвсгэр юм.
АНУ-ын хувьд Гренланд арал нь Арктикийн аюулгүй байдал, Хойд Атлантынхны тэнгисийн орон зайн хяналт, пуужингаас сэрэмжлүүлэх тогтолцоо, сансрын тандалт, олон улсын худалдааны урсгалтай шууд уялдсан чухал бүс нутаг юм. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гренланд арлыг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн нь гэнэтийн улс төрийн мэдэгдэл бус, харин АНУ-ын үндэсний аюулгүй байдал, геополитикийн урт хугацааны ашиг сонирхолтой нягт холбоотой асуудал хэмээн үзэх үндэслэлтэй болно.
АНУ, Гренланд арал болон Данийн Хаант Улсын түүхэн харилцааг авч үзвэл, Дэлхийн II дайны үед нацист Герман Данийг эзлэн авснаар түүний колоничлолд байсан Гренланд арлыг нацистуудын довтолгооноос хамгаалах шаардлага үүссэнээс эхлэлтэй юм. Ийнхүү Дани улсаас АНУ-д суух элчин сайд Хенри Каффманын санаачилга дор АНУ, Жеймс Монрогийн номлолд тулгуурлан 1941 онд батлан хамгаалах гэрээг байгуулсан юм.
Тус гэрээгээр АНУ-д Гренланд арал дээр батлан хамгаалах дэд бүтэц байгуулах, цэргийн хүчин байршуулах зэрэг эрх зүйн үндэс тавигдсан бөгөөд 1945 оны байдлаар тус арал дээр 13 цэргийн бааз, 4 тэнгисийн флот, 5800 гаруй цэргийн албан хаагч байршсан байв. Дайны дараа АНУ Гренландыг орхих төлөвлөгөөтэй байсан ч хүйтэн дайн эхэлж, ЗХУ анхны цөмийн зэвсгээ туршсанаар стратегийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн юм. Зөвлөлтийн алсын зайн тусгалтай бөмбөгдөгч онгоцнууд Арктикийн бүсээр дамжин хойд Америкт довтлох аюул нүүрлэсэн нь Гренландын арлыг АНУ болон НАТО-гийн хувьд аюулгүй байдал, стратегийн чухал бүс болгосон байна.
Ийнхүү 1951 оны дөрөвдүгээр сарын 27-нд Данийн Хаант Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар хамтран XIV зүйл бүхий Гренландын “Батлан хамгаалах хэлэлцээр”-т гарын үсэг үзэглэсэн билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд арлын баруун хойд хэсэгт Туле агаарын баазыг (одоогийн Питуффик сансрын бааз) байгуулсан нь өнөөдрийг хүртэл Гренланд дахь АНУ-ын цорын ганц байнгын ажиллагаатай цэргийн бааз хэвээр байна.
1951 оны дээрх хэлэлцээр АНУ-ын Гренланд дахь уламжлалт бодлогыг тодорхойлсон юм. АНУ нь Гренланд арлыг Данийн нутаг дэвсгэр болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, аливаа цэргийн үйл ажиллагаа нь Данийн Засгийн газрын зөвшөөрөл, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжинэ гэдгийг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Гренланд дахь оролцоо газар нутгийг эзэмших зорилготой бус, харин олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн, НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, улмаар тус аралтай харилцаагаа энэ хүрээнд бэхжүүлэхээр заасныг харуулж байна. Харин энэ зарчим, агуулга хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн геополитик, хүчирхэг гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт сүүлийн 10 орчим жилийн хугацаанд гарсан томоохон өөрчлөлт, технологийн үсрэнгүй хөгжил зэрэгтэй уялдан хэрхэн өөрчлөгдсөнийг АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлого, стратегийн баримт бичгүүд, НАТО-гийн стратегийн үзэл баримтлалд тодорхой агуулгаар туссан байдгийг дор хураангуйлан оруулав.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа 2022 онд Арктикийн бүс нутагт хэрэгжүүлэх үндэсний стратегийн баримт бичгээ /“National Strategy for the Arctic Region”/ баталсан бөгөөд уг баримт бичигт Арктикийг стратегийн өрсөлдөөн эрчимжиж буй бүс хэмээн тодорхойлж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг хангах шаардлагатай тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, Гренланд арлыг онцлон нэрлээгүй боловч хойд Атлантын болон–Арктикийн бүс нь бүхэлдээ АНУ-ын эх газрын аюулгүй байдал, батлан хамгаалах, эрт сэрэмжлүүлэх чадавхыг нэмэлдүүлэх чухал зангилаа бүс хэмээн тодорхойлжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны 2024 оны Арктикийн бүсийн стратеги /“DoD Arctic Strategy”/ баримт бичигт Гренланд дахь Питуффик сансрын баазыг НАТО-гийн агаар-сансрын хамгаалалтын чухал бүрэлдэхүүн хэмээн онцолж, Арктикийн эх газрын батлан хамгаалалтын “фронтын шугам” гэж онцолжээ. Үүний нэгэн адил НАТО-гийн Стратегийн үзэл баримтлал - 2022-т /“Strategic Concept”/ Хойд Атлантын болон Арктикийн бүс нутаг бол эвслийн аюулгүй байдлын салшгүй хэсэг хэмээн тус тус тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дахин сонгогдон 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос үүрэгт ажлаа хүлээн авснаар АНУ–Данийн харилцаа хурцдаж, АНУ Гренланд арлыг худалдаж авах эсвэл ямар ч аргаар хамаагүй буюу цэргийн хүч ашиглан, өөртөө хавсарган нэгтгэх боломжийг үгүйсгэхгүй гэдгээ илэрхийлэх болсон нь АНУ Дани, Гренланд төдийгүй НАТО-гийн холбоотнуудтайгаа зөрчилдөхөд хүргэсэн.
Мөн тэр бээр уг байр сууриа анхныхаа бүрэн эрхийн хугацаанд буюу 2019 онд илэрхийлж байсан ч олон улсын шүүмжлэлд өртөн бодит алхам болгон хэрэгжүүлээгүй юм. Харин ерөнхийлөгчийн энэ удаагийн илэрхийлж буй байр суурь нь АНУ Арктик болон Гренландын асуудлаар баримталж ирсэн олон улсын эрх зүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхэд тулгуурласан уламжлалт гадаад бодлогоосоо ухарч, НАТО-гийн холбоотнуудтайгаа зөрчилдөхөд хүргэлээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг авч үзвэл:
Нэгдүгээрт: Арктикийн бүс нутаг дахь ОХУ, БНХАУ-ын үйл ажиллагаа, сонирхол эрчимжиж, АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон худалдааны ашиг сонирхолд нөлөөлж буй байдал.
Хоёрдугаарт: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Арктик, Гренланд аралд тэнгисийн худалдааны шинэ гарцууд үүсэх боломжтой болж, газрын ховор элемент, байгалийн баялаг олборлох боломж нэмэгдсэн зэргийг нэрлэж болох юм.
Арктикт хамгийн том газар нутгийн эзэмшилтэй улс бол ОХУ бөгөөд тус улсын хилийн шугам Арктикийн эргийн шугамын 50 гаруй хувийг хамардаг. Уг бүс нутгийн нефть, байгалийн хий, газрын ховор элемент, алт, цайр, уран зэрэг стратегийн баялаг нь Орос улсын эдийн засаг, урт хугацааны хөгжлийн бодлогод чухал ач холбогдолтой, юм. Цэрэг, батлан хамгаалах салбарын тухайд ОХУ 2021–2023 оны хооронд Арктикт 20 гаруй томоохон сургуулилалт зохион байгуулж, нислэг, далайн хяналт, стратегийн баазын чадавхаа сайжруулах үйл ажиллагаа хийжээ. Мөн “Северный морской путь” буюу Хойд далайн замыг хөгжүүлснээр Ази, Европ хоорондын тээврийн маршрутыг богиносгож, логистикийн давуу талаа нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд Арктикийн бүс дахь нөөц баялагт ОХУ илүү хурдан, хямд замаар хүрэх боломжийг бүрдүүлэх юм.
БНХАУ-ын хувьд 2018 оны нэгдүгээр сарын 26-нд “China’s Arctic Policy” хэмээх Арктикийн талаар баримталж буй бодлогоо анх удаа нийтэлж, өөрийгөө “Арктикийн зэргэлдээ улс” хэмээн тодорхойлон “Polar Silk Road” буюу Туйлын Торгоны замын төлөвлөгөөг энд мөн нарийвчлан тусгажээ. Хэдийгээр БНХАУ Арктикийн бүсийн талаар баримталж буй стратегиа дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх үүднээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг судлахад чиглэнэ гэж тодорхойлж буй боловч Хятадын энэ бодлогыг байгалийн баялаг ихтэй бүс нутагт эдийн засгийн болон улс төрийн нөлөөллийг тогтооход чиглэсэн хэмээн барууны судлаачид үздэг.
Тухайлбал төрийн өмчит “China Communication Construction Company”-аар дамжуулан Гренландын Нуук, Илулиссат, Какорток хотуудад нисэх буудлын сүлжээг байгуулан өргөтгөх 550 сая ам.долларын төслийг санал болгосон нь аралтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, нөөц баялгийн олборлолтод давуу эрх олох гэсэн оролдлого хэмээн үзэж болохоор байна.
Хэрэв БНХАУ Гренланд арлаас газрын ховор хүнд элементийг олборлох, хамтран ажиллах тал дээр амжилт олбол, АНУ-ын Хятадаас хүнд ховор элементийн экспортын хэт хараат байдал нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм. Жишээ нь: Цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай лити, графит зэрэг металлын экспорт, үйлдвэрлэлд БНХАУ тэргүүлдэг ба өнгөрсөн жилүүдийн олон удаагийн экспортын хориг, хязгаарлалт нь АНУ-ын автомашин үйлдвэрлэл буурахад нөлөөлжээ.
АНУ-ын Гренланд аралд баримталж ирсэн уламжлалт бодлого өөрчлөгдөхөд нөлөөлж буй дараагийн хүчин зүйл болох уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх шинэ боломжууд юм. Дэлгэрүүлбэл, Гренланд арлын 80 орчим хувийг бүрхсэн мөс эрчимтэй хайлж байгаа нь тэнгисийн худалдааны шинэ замууд нээгдэх, газрын хүнд ховор элементийг олборлох боломжийг тодорхой хэмжээнд нэмэх магадлалтай билээ.
Зураг 1. Greenland болон Арктикийн бүсийн газрын зураг (sea ice reflects the summer extent as of 2024). Эх сурвалж: Council on Foreign Relations, “Greenland’s Independence: What It Would
Судлаачдын үзсэнээр 2050 он гэхэд Арктикийн далайн замыг ашиглах боломжтой болно. Ингэснээр дэлхийн тээвэрлэлтийн ойролцоогоор 5 хувь энэ далайн замд ноогдох юм. Мөн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан 2030 он гэхэд Арктикийн эрэг дагуух бараг бүх мөс хайлж, Атлантын далай-Номхон далай хоорондоо холбогдон Гренландын баялагт илүү хялбар хүрэх боломж бүрдэх ажээ.
Тэнгисийн шинэ гарцууд болох Зүүн Хойд (Northeast Passage) ба Баруун Хойд гарц (Northwest Passage) дэлхийн далайн тээвэрт чухал нөлөө үзүүлэх ба Зүүн Хойд гарц нь АНУ-ын зүүн эргээс Ази, баруун эргээс Европ хүртэлх уламжлалт Панамын сувагтай харьцуулбал 6,900 км богино замаар тээвэр хийж, 4 өдрийг хэмнэх тооцоо гарсан байдаг.
Дээрх батлан хамгаалах аюулгүй байдал, гео-стратегийн сонирхол, эдийн засгийн үр өгөөж, их гүрнүүдийн өрсөлдөөнөөс шалтгаалан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хурц байр суурь АНУ-ын уламжлалт Арктикийн бодлогыг түр хугацаанд өөрчилж, АНУ-Европын Холбоо хооронд маргаан үүсгэсэн ч 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзалт хийж, Гренланд арлын асуудлаар ирээдүйн хэлэлцээрийн хүрээ бий болсон талаар мэдэгдлээ. Энэ нь сүүлийн үед хурцдаад байсан арлыг цэргийн хүчээр эзэмших асуудлыг зөөлрүүлж, холбоотнуудтайгаа хэлэлцээр хийх боломжийг олгосон алхам болж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ, хэлэлцээ цаашид үргэлжилж, албан ёсны тохиролцоонд хүрэх болно гэдгийг онцлов.
НАТО-гийн холбоотнууд мөн АНУ-д Арктикийн аюулгүй байдлыг бэхжүүлэхээ амласан бөгөөд дээр дурдсан ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд 1951 оны батлан хамгаалах хэлэлцээрийг шинэчлэх, өөрчлөлт оруулах магадлалтайг мөн дурдав.
Олон улсад хурцадмал байдал үүсгээд байсан Гренланд арлын асуудал, цэргийн хүч хэрэглэх магадлалтай нөхцөл байдлыг зөөлрүүлж, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд шийдвэрлэх чиглэл рүү шилжиж байна. Гэвч талууд асуудлыг цаашид хэлэлцсээр байх болно гэдгээ илэрхийлэв.
Council on Foreign Relations. (n.d.). Greenland’s independence: What it would mean for U.S. interests. https://www.cfr.org/articles/greenlands-independence-what-would-mean-us-interests
CSIS. (n.d.). Greenland, rare earths, and Arctic security. https://www.csis.org/analysis/greenland-rare-earths-and-arctic-security
CSIS. (n.d.). Trump’s Greenland ambition is about U.S. power, not alliances. https://www.csis.org/analysis/trumps-greenland-ambition-about-us-power-not-alliances
Diplomacy and Law. (n.d.). U.S. interest in Greenland under international law. https://www.diplomacyandlaw.com/post/u-s-interest-in-greenland-under-international-law
Al Jazeera. (2026, January 22). Trump’s Greenland ‘framework’ deal: What we know about it, what we don’t. https://www.aljazeera.com/news/2026/1/22/trumps-greenland-framework-deal-what-we-know-about-it-what-we-dont
NATO. (2022). Strategic concept for the defense and security of the members of the North Atlantic Treaty Organization. Brussels: NATO. https://www.nato.int/en/about-us/official-texts-and-resources/strategic-concepts/nato-2022-strategic-concept
U.S. Department of Defense. (2024). DoD Arctic strategy. Washington, D.C.: U.S. Department of Defense. https://www.hstoday.us/subject-matter-areas/climate-security/u-s-department-of-defense-releases-2024-arctic-strategy-amidst-geopolitical-changes/#:~:text=The%20United%20States%20Department%20of%20Defense%20%28DoD%29%20has,U.S.%20homeland%2C%20national%20sovereignty%2C%20and%20defense%20treaty%20commitments.
U.S. Department of State. (2022). National strategy for the Arctic region. Washington, D.C.: U.S. Department of State. https://bidenwhitehouse.archives.gov/wp-content/uploads/2022/10/National-Strategy-for-the-Arctic-Region.pdf
Mediating the Polar Silk Road: The Public Diplomacy of China's Arctic Policy White Paper https://uscpublicdiplomacy.org/blog/mediating-polar-silk-road-public-diplomacy-chinas-arctic-policy-white-paper