2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд БНСУ-ын Нэгдлийн яамны төлөвлөлт, сургалт хариуцсан албаны захирал Чой Сок Юн болон нэгдлийн яамны дөрвөн төлөөлөгч, орон нутгийн 10-н сургагч багш нар хүрэлцэн ирэв.
Уулзалтын эхэнд захирал, доктор, дэд профессор Д.Золбоо Нэгдлийн яамны төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хүрээлэнгийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл, сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлын үр дүнгийн талаар танилцуулав.
1990-ээд оноос хойш Олон улс судлалын хүрээлэн нь Солонгос орон судлалын чиглэлээр судалгаа хийн, идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Монгол Улс БНСУ, БНАСАУ-тай найрсаг харилцаатай байдгийн хувьд тус хоёр улстай харилцах харилцаа, хамтын ажиллагааны талаарх судалгаа, мөн Солонгосын хойгийн судалгааны ажлууд тодорхой хэмжээнд хийгдэж байгааг онцолсон юм.
Нэгдлийн яамны төлөвлөлт, сургалт хариуцсан албаны захирал Чой Сок Юн энэхүү уулзалтад урьж, байгууллагынхаа талаар тодорхой мэдээлэл өгч, танилцуулсанд талархал илэрхийлж, өөрсдийн сургалтын үйл ажиллагааны талаар танилцуулж тодорхой мэдээллийг өгөв.
Талууд Монгол Улс Солонгосын хойгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн хөгжүүлж байгаа тухайд сонирхов. Мөн Олон улс судлалын хүрээлэн, БНСУ-ын Нэгдлийн яамны төлөвлөлт, сургалтын албатай цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Уулзалтад Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн, Бүс нутаг олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Энхболд, эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзул, Б.Нарантуяа, орчуулагч С.Хүдэртулга нар оролцов.