2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн хамтран “МОНГОЛ-ОРОСЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ, ОРЧИН ҮЕ БА ХЭТИЙН ТӨЛӨВ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл танхим”-д зохион байгууллаа.
Тус хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх С.А.Краминцев, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар оролцов.
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “Монгол Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт үндсэн илтгэлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг тавьж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэнгийн 10 эрдэмтэн, судлаачид Монгол Оросын харилцааны түүх, улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, цэрэг, хил хамгаалалт зэрэг өргөн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хилийн чанадаас зочид ирж оролцоогүй боловч ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Кильпякова Валерия Валерьевна “Русский дом в Улан-баторе - проводник народной дипломатии” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хуралд ШУА-ийн Олон улс судалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философи, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг манай улсын их, дээд сургуулийн эрдэмтэн профессорууд оролцов.
Түүхэн үйл явдлыг сануулбал, эдүгээгээс зуун жилийн өмнө 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Москва хотноо Зөвлөлт Орос Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн ардын комиссариатын Дорнод хэлтсийн дарга С.И.Духовский, мөн яамны түшмэл Б.Гец нар, Монгол Ардын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан, Цэргийн яамны тэргүүн сайд Д.Сүхбаатар, Гадаад яамны дэд сайд Б.Цэрэндорж, Богд хааны төлөөлөгч Эрдэнэ жонон ван Ширнэндамдин нар “Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлийн засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”-т гарын үсэг зурж байсан түүхтэй.
Тус хурлын үеэр Монгол Улсын Архивын Ерөнхий газар Монгол Улсын Гадаад харилцааны яамны архивтай хамтран Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан "Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021)" сэдэвт архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яамтай хамтран бүтээсэн “Монгол-Оросын харилцааны он дарааллын товчоон 1911-2021” номын нээлт болсон байна.