Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекц болов
“Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекц болов

   Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас Монгол Улсад суугаа гадаад орнуудын элчин сайд, дипломат төлөөлөгчдийн газруудтай хамтран шинжлэх ухаан, технологи, инновац, соёл, боловсролын салбарт харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлийн санаачилгаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгуулсаар байна. Тус арга хэмжээний анхны зочноор 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён Евсиков Алексей Николаевич уригдан оролцож “Орос, Монголын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны түүх” сэдвээр хүндэтгэлийн лекц уншсан билээ.

   “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн энэ удаагийн хүндэт зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шинь Миньжюань уригдан оролцож, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр лекц уншлаа.

   “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “Бидний хөрш БНХАУ богино хугацаанд үсрэнгүй хөгжиж, түүхэн ололт амжилтад хүрч, бүс нутгийн томоохон улсаас дэлхийн их гүрний байр суурьд шилжин ороод байна. Үүнтэй уялдан дэлхийн улс орнуудад, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнууддаа хамтдаа хөгжихийн чухлыг уриалж, хөгжлийн үр шимээ хуваалцахыг санал болгож “Нэг бүс, нэг зам” санаачилга зэрэг олон улсын харилцаанд чухал байр суурь эзлэх санаачилгыг дэвшүүлж, идэвхтэй хэрэгжүүлж байна. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд онцгойлон хөрш зэргэлдээ улс орнууддаа боломж олгон эрх тэгш харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж байгаагийн нэг жишээ бол өнөөгийн Монгол-Хятадын харилцаа болж байна гэдгийг онцолж, хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

   Ялангуяа Монгол Улсын ШУА-аас БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудтай олон чухал эрдэм судлалын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сүүлийн 5 жилийн хугацаагаар жишээлэн авч үзэхэд нийт 18 судалгааны төслийг хамтран хэрэгжүүлж бодит үр дүнг гаргаад байгааг онцолсон. Үүнд, Эрдэс боловсруулалтын “Нэг бүс-Нэг зам” хамтарсан лабораторийг ШУА-ийн ХХТХ болон БНХАУ-ын Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн академитай, ШУА-ийн Одон орон Геофизикийн хүрээлэн, Хятадын газар хөдлөлийн албаны геофизикийн хүрээлэнтэй хамтран Монгол улсад 10 сиесмик станц, 2 Геомагнетик обсеватор, хамтарсан геофизикийн лабораторийг 2024 онд байгуулж, ашиглалтад оруулан дата мэдээллийг цуглуулан, хамтран ашиглаж, энэ туршлагаа ахиулан Монгол Улсад 250 ширхэг газар хөдлөлийн станц байгуулж гүний тогтцын судалгааг хийхээр ажиллаж байгааг, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид Хятадын ШУА-ийн харьяа Газарзүй, байгалийн нөөцийн судалгааны хүрээлэнтэй хамтран Монголын цөлжилт, газрын доройтолд өртсөн бүс нутгийг ногоон технологид суурилан сэргээх замаар нутгийн иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Монголын тэгш өндөрлөгт мод тарих, цөлжилтийг хянах, ногоон хөгжлийг бий болгох нь” сэдэвт төслийг Монгол улсын Зүүн болон Говь, цөлийн бүсэд хэрэгжүүлж, хамтарсан төслийн хүрээнд цөлжилттэй тэмцэх технологийн туршилт, судалгааны жишиг төв байгуулахаар ажиллаж байгааг тус тус онцлон тэмдэглэсэн болно.

   ШУА-ийн ерөнхийлөгч , академич С.Дэмбэрэлээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Шинь Миньжюань таныг бидний урилгыг хүлээн авч Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид анх удаа зочилж байгаад гүнээ талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

   Үүний дараа эрхэм Элчин сайдаас “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр ШУА-ийн 16 хүрээлэнгийн эрдэмтдийн төлөөлөл болох 120 гаруй эрдэмтэн судлаачдад сонирхолтой лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Элчин сайд, хатагтай Шинь Миньжюаны илтгэлд БНХАУ-аас шинжлэх ухаан, технологийн ололтод суурилсан чанартай хөгжлийн зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалтын үр дүн, судалгааны ололт, шинжлэх ухааны нээлт, инновац, технологи, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн ололт амжилт уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, соёл урлаг гэх мэт нийгмийн бүхий л салбарт хэрхэн амжилттай нэвтрэн хөгжиж байгааг бодит жишээ баримтаар баяжуулсан сонирхолтой илтгэлийг танилцуулав. Мөн энэхүү илтгэлийн төгсгөлд Монгол-Хятадын харилцааны хөгжлийн бодит боломж, цаашдын төлөвийн талаар онцлох зарим санааг хөндсөн нь сонирхолтой болсон юм.

   “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр сонирхолтой лекц уншсан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шинь Миньжюаньд түүний хүндэтгэлийн лекцийн дараа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас дурсгалын өргөмжлөл гардуулах ёслолыг зохион байгуулж, ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл үг хэлж, өргөмжлөлийг гардуулж хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн эрдэмтэн судлаачид, хүндэт зочид дурсгалын зураг татуулснаар энэхүү арга хэмжээ өндөрлөв.



                                                                        Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Ш.Догмийчойдон








Бусад мэдээлэл