Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх Ухааны академи болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран “ЯЛТЫН БАГА ХУРАЛ-80 БА МОНГОЛ УЛС” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн бага хуралд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор Р.Болд “Ялтын бага хурал ба Монгол Улс”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улс харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Дипломатын эрх зүйн хүлээн зөвшөөрөх үйл status quo”: мөн чанар, үзэгдэл”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин профессор Д.Баярхүү “Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ” болон ШУА-ийн доктор Н.Хишигт “Бүх ард түмний санал асуулга, олон улсын үр дүн” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
ЗХУ-ын Ялта хотноо 1945 оны хоёрдугаар сарын 04-11-ний өдөр дэлхийн II дайны дараах дэлхийн дэг журмын талаар Холбоотон гурван улсын тэргүүн хэлэлцсэн байдаг.
Энэхүү бага хурлын үеэр Монголын статус-кво-г хүлээн зөвшөөрсөн явдал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд бэхжүүлэх үйл явцын үндэс суурийг тавьснаараа ач холбогдолтой боллоо. Хуралд ҮАБЗ-ийн Ажлын алба, ГХЯ, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, МУИС, ХИС, Монголын олон улс судлалын алтан аргамж холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.