Улиран одож буй 2025 он Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны чиглэлийн дагуу дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцон, чансаа өндөр эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж, эрдмийн зэрэг цолоо ахиулав. Энэ онд Олон улс судлалын хүрээлэнгийн гүйцэтгэсэн онцлох ажлуудыг тоймлон хүргэж байна.
“Олон туйлт дэлхий ертөнц ба солонгос судлал” солонгос судлалын олон улсын XVI их хурал
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс Солонгос судлалын олон улсын нийгэмлэг (ISKS, Монгол Улсын Их сургууль, Азийн судалгааны сантай хамтран Солонгос судлалын олон улсын XVI их хурлыг “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвийн дор Улаанбаатар хотноо 2025 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Олон улсын эрдэм шинжилгээний тус хуралд дэлхийн солонгос судлал хөгжсөн 20 гаруй улсын 200 орчим эрдэмтэд хүрэлцэн ирж түүх, хэл шинжлэл, нийгэм, боловсрол судлал, утга зохиол, эдийн засаг, хууль, улс төр, удирдахуйн ухаан, шашин, гүн ухаан, аман зохиол, соёл, урлаг, сэтгэл судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи, бусад гэсэн 18 салбар чиглэлд хуваагдан оюунаа ололтоо шүүн хэлэлцсэн байна. Энэхүү олон улсын өндөр нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсдаа анх амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг шинжлэх ухааны ертөнцөд өргөж, Монгол-Солонгосын ард түмнүүдийн харилцаа холбоо бэхжин хөгжих, цаашилбал Монголын Солонгос судлалын өнөөгийн байдал, цаашдын хөгжилд зохих түлхэц үзүүлсэн олон улсын жишигт нийцсэн арга хэмжээ болсон байна.

2025 он бол ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн хувьд судалгааны бүтээлээ олон улсад хэвлүүлэх чиглэлд томоохон ахиц гарсан жил болов. Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайханы “Оросоос Монголын талаар явуулсан бодлого, 1911-1952: Монголчууд улаантай хэрхэн тэмцэв” бүтээл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Раднаасэдийн Төрдалайн ““Нэгдэлжих хөдөлгөөний үеийн Монголын газрын харилцаа: Малчдаас нэгдэлчид хүртэл” сэдэвт бүтээл дэлхийн нэр хүндтэй хэвлэлийн газар болох Springer Nature компанийн Палгрейв Макмиллан хэвлэлийн газраас англи хэлээр хэвлэгдэн гарав.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны Бага чуулганаас Монгол Улсын хэмжээнд дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиудаас эрхлэн гаргаж буй нийт 51 эрдэм шинжилгээний сэтгүүлд тусгай ажлын хэсэг гарган үнэлгээ хийж үзэхэд бүх үзүүлэлтээр “А” зэрэглэлээр үнэлэгдсэн 2-хон сэтгүүлд манай хүрээлэнгийн монгол, англи хэлээр 50-иад жил тасралтгүй эрхлэн гаргаж буй “Олон улс судлал” болон “Mongolian Journal of International Affairs “ сэтгүүлүүд хамтдаа шалгарсан нь манай хүрээлэнгийн үе, үеийн эрдмийн хамт олны хөдөлмөр зүтгэл, эрдэм судлалын үр дүн юм.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас Монгол Улсад суугаа гадаад орнуудын элчин сайд, дипломат төлөөлөгчдийн газруудтай хамтран шинжлэх ухаан, технологи, инновац, соёл, боловсролын салбарт харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлийн санаачилгаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд 2025 онд ОХУ, БНХАУ, БНФУ, Унгар улс, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцжээ.

1. “Springer” хэвлэлийн газарт бүтээлээ хэвлүүлэв.
ЭШТА, доктор, профессор О.Батсайхан “Russian Policy Towards Mongolia, 1911–1952 ” бүтээл “Spinger” хэвлэлийн газарт хэвлэгдэв.
2. “Scopus”-т бүртгэлтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэв.
Тус салбарын ЭШТА, доктор, профессор А.Даваасүрэн, ЭША Б.Хишигжаргал нарын “Feasibility of sustainable economic development in the regions of Mongolia” өгүүлэл Journal of lifestyle and SDG'S review сэтгүүлд, ЭШТА, доктор, профессор О.Батсайхан “Developing a new national narrative for mongolia: grappling with the meaning of the 1921 ‘mongolian people’s revolution’” өгүүлэл Asian Affairs сэтгүүлд, ЭША, доктор Н.Наранжаргалын “Западные рубежи Монголии в начале XX века и тувинцы” өгүүлэл Монголоведение сэтгүүлд тус тус хэвлэгдэв.
3. Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцов.
ЭШТА, доктор профессор А.Даваасүрэн Москва хотод болсон “Шинэ эрин—шинэ зам” Евроазийн хамтын ажиллагаа”, Эрхүү хотод болсон «Развитие малого предпринимательства в Байкальском регионе», “Евразийн хил дамнасан эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон экологийн хамтын ажиллагаа” олон улсын хурлуудад оролцож илтгэл тавив.
ЭШТА, доктор, профессор О.Батсайхан Эрхүү хотод “Мунгалын сургууль байгуулагдсаны 300 жил”, Хиагт хотод “Хиагтын музей байгуулагдсаны 135 жил”-ийн ойн хуралд оролцож илтгэл тавив.
ЭША, доктор Н.Наранжаргал Улан Үдэд хотод “Вторая мировая война: исторический опыт, память и преемственность поколений”, Элиста хотод “III Международный форум «Буддийский мир в новом тысячелетии»”, “Народы России на защите отечества”, Кызыл хотод болсон “Прошлое, настоящее, будущее гуманитарной науки в Туве”, посвящённой 80-летию ТНИИЯЛИ – ТИГИ – ТИГПИ” хуралд оролцож илтгэл тавив.
ЭША Б.Хишигжаргал, Б.Мөнхцэцэг нар Эрхүү хотод бол “Орос, Монгол Улс: Түүхэн туршлага, орчин үе, ирээдүйн хандлага”, Б.Мөнхцэцэг, Н.Наранжаргал нар Хиагт хотод болсон “Хиагтын музейн 135 жилийн ойд зориулсан” олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад тус тус илтгэл хэлэлцүүлэв. 
1. Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
2025 онд Монгол, Хятадын хооронд “Найрамдал, харилцан туслалцах гэрээ” байгуулсны 65 жилийн ой тохиов. Энэ хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “БНМАУ, БНХАУ-ын Найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Дорно дахин судлалын хүрээлэн, Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлын зорилго нь 1960 онд БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулсан үйл явц, ач холбогдол, мөн тухайн үеийн олон улсын нөхцөл байдал хийгээд 1950, 1960-аад оны БНХАУ-ын гадаад бодлого болон өнөөгийн хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцааны тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, олон нийтэд танилцуулах, холбогдох салбарын судлаачдын байр суурь, санал бодлыг солилцоход чиглэгдэв. Хуралд Монгол Улсын талаас Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын талаас ЭСЯ, “Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи зэрэг төрийн болон шинжлэх ухаан, боловсрол, олон улсын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцлоо.
2. Баримт бичгийн эмхэтгэл хэвлүүлэв
2025 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбар “Монгол, Хятадын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлүүд” баримт бичгийн эмхэтгэлийг хэвлүүллээ. Монгол-Хятадын харилцаанд холбогдох баримт бичгийн эмхэтгэл гаргах нь Хятад судлалын салбарын чухал ажлын нэг юм. Энэ хүрээнд тус салбараас урьд өмнө Монгол-Хятадын харилцаанд холбогдох баримт бичгийн эмхэтгэлийг хэдэнтээ хэвлэн нийтэлсэн бол энэ удаад Монгол Улсын Гадаад харилцааны төв архивд хадгалагдаж буй баримтуудад голлон тулгуурлаж, БНХАУ-ын төрийн зөвлөлийн албан мэдээнүүд болон хоёр улсын холбогдох албан сайтад нээлттэйгээр тавигдсан баримт мэдээллээр нөхвөрлөн Монгол, Хятадын дээд, өндөр харилцан айлчлалын үеэр хамтран гаргасан 16 улс төрийн баримт бичгийг агуулгын хувьд Төрийн тэргүүний, Засгийн газрын тэргүүний, Гадаад харилцааны сайдын харилцан айлчлалын үеэр гаргасан улс төрийн баримт бичиг хэмээн ангилж, он цагийн дарааллаар байршуулж, монгол, хятад хэлээр зэрэгцүүлэн эмхэтгэн хэвлүүллээ.

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын харилцаа: Баримт бичгийн эмхэтгэл (1969-2024)
Энэхүү баримт бичгийн эмхэтгэлийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулж эмхэтгэсэн бөгөөд 1969 оноос хойш улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын салбаруудад амжилттай хэрэгжиж, хоёр талт харилцааг хөгжүүлэх, стратегийн түншлэлд хүргэсэн засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагааны протоколуудын архивын хуулбаруудыг Монгол, Турк, Англи хэлээр хэвлэгдсэнээс гадна тус хоёр орны харилцааны хөгжлийн явцыг тодорхой үе шатуудад хуваан товч хураангуй мэдээллийг монгол, турк хэлээр оруулснаараа онцлог болов.
2. Эрдэм шинжилгээний ажилтнууд докторын зэргээ амжилттай хамгаалав.
Салбарын ЭША У.Загдцэсэм 2018 оны 9 сард ХИС-ийн Олон улс судлалын докторантурт элсэн орж “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Япон улс, Монгол Японы хамтын ажиллагааны хүчин зүйлсийн нөлөөлөл (1990-2024 он)” сэдвээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуульд докторантурт суралцаж, 2025 оны 5 сард ХИС-ийн Мэргэжлийн хамгаалуулах зөвлөлийн тэнхимийн хэлэлцүүлэгт орж, 10 сарын 17-нд урьдчилсан хамгаалалт, 11 сарын 28-ний өдөр эцсийн хамгаалалтаа хийж, олон улс судлалын доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалав.
Мөн салбарын ЭША Д.Мягмар, 2023 оны 9 сард ХИС-ийн Олон улс судлалын докторантурт элсэн орж 2024 онд багтаан суралцвал зохих хичээлүүдээ сурч, кредит оноогоо цуглуулсан. Улмаар “БНСУ-ын нөөцийн дипломат ажиллагаа: Газрын ховор элементийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж” сэдвээр диссертац бичиж, 2025 оны 5 сард ХИС-ийн Мэргэжлийн хамгаалуулах зөвлөлийн тэнхимийн хэлэлцүүлэгт орж, 10 сарын 17-нд урьдчилсан хамгаалалт, 11 сарын 28-ний өдөр эцсийн хамгаалалтаа хийж, олон улс судлалын доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалав.

1. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Оюун санааны болон Стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг-дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулахад Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбар хариуцан ажиллав.
Эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Энэтхэгийн харилцааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л талаас нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар түлхүү анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо.
2. Хурлын эмхэтгэл хэвлүүллээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Оюун санааны болон Стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг-дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үр дүнгээр “Олон улс судлал-2025: Монголын Энэтхэг судлал” хурлын эмхэтгэл хэвлүүлэв.
