Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол ба Тува: Түүх, орчин үеийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, “Ойрад Монгол судлалын хүрээлэн” төрийн бус байгууллага хамтран 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Монгол ба Тува: Түүх, орчин үеийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

   Хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн бол ОХУ-ын БНТува Улсын Засгийн газрын дэргэдэх Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч, доктор Самдан Аяна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын болон Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням нар баяр хүргэж үг хэлэв.

   Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Тувагийн түүх, харилцаанд холбогдох 300 гаруй жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлуудаас ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША, доктор Б.Нацагдорж “Хонгоройн урианхайчууд хэний харьяат байсан бэ?”, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар “Зүүнгар улс ба Енесейн бүс нутаг”, Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч, доктор Самдан Аяна “Монгол Тувагийн харилцаанд холбогдох Соян сумын түүх” зэрэг сэдвээр нийт 14 судлаач илтгэлээ хэлэлцүүлж, тува угсаатны төлөөлөл болон түүх сонирхогчид өргөнөөр оролцов.

   Хурлын үеэр Хаант оросоос нууц даалгавартайгаар Урианхайн хязгаарт аялсан С.Р.Минцловын өдрийн тэмдэглэл болох “Нууц даалгавар” номын нээлт болж номын дээжээс хүндэт зочдод гардуулав.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Орос судлалын салбарын ЭША, доктор (Ph.D) Н.Наранжаргал
















Бусад мэдээлэл