Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Дотоод хэргийн их сургуультай хамтарсан эрдмийн өдөрлөг зохион байгуулав
Alternate Text

    Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ДХИС-ийн Удирдлагын Академийн хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны хурлын танхимд хамтарсан өдөрлөгийг зохион байгуулж, тус сургуулийн багш, сонсогчид хүрэлцэн ирж оролцлоо.

    Энэхүү өдөрлөгийн хүрээнд Олон улсын харилцааны хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Философийн хүрээлэнгийн товч танилцуулгыг захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Саулегүл, М.Золзаяа нар хийж, судалгааны бүтээлийн үзэсгэлэн гаргаж танилцуулав.

    Танилцуулгын дараа Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Шүрхүү “Монгол-Хятадын харилцааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана “Монгол Улсын хөгжлийн орон зайн төлөвлөлт ба Үндэсний аюулгүй байдалтай холбогдох зарим асуудал”, Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Судалгаа, шинжилгээ: Өнөөгийн Монголын улс төрийн соёлын төлөв байдал, чиг үүрэг, хандлага, үр нөлөөний тухайд”, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, доктор С.Чинзориг “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хэтийн төлөв” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан байна.

    Энэ үеэр ДХИС-ын Удирдлагын Академийн багш, сонсогчид дээрх эрдэмтдээс сонирхсон асуудлаар асуулт асууж, харилцан мэдээлэл солилцож, өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. 

    Уг арга хэмжээ нь дээрх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодит эхлэл болж, эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулах, мэдээлэл солилцох, байгаль, нийгэм, аюулгүй байдал судлалын салбар дундын судалгааны цаашдын хандлагыг оновчтой тодорхойлон ажиллахад түлхэц үзүүлсэн чухал арга хэмжээ болж өндөрлөсөн байна.



Бусад мэдээлэл