ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын Орчин үеийн Дэлхий судлалын төвийн төлөөлөгчдийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар хүлээн авч уулзаж, санал солилцов.
Тус уулзалтад Монгол Улсын талаас ОУСХ-ийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, тус хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч доктор Д.Базардорж болон Хятадын судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Эрдэнэбаяр, доктор Н.Ганбат, хүрээлэнгийн бусад судлаачид оролцов.
Хятадын талаас ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын Орчин үеийн Дэлхий судлалын төвийн дэд дарга хатагтай Ван Шяо-Ин, судлаач Хуан Фэнлун, Гао Ляньжя, Үй Чиншуан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалтын эхэнд ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Д.Золбоо болон Орчин үеийн дэлхий судлалын төвийн дэд дарга Ван Шяо-Ин нар тус тусын байгууллагынхаа талаар товч танилцуулга мэдээлэл хийв. Үүний дараа ОУСХ-ийн эрдэмтэд Хятадын талын тавьсан тодорхой асуултуудад хариулт өгч, Монгол-Хятад хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтарсан төслүүд, Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын хандлага болон олон улсын харилцаа, Хятад-Америкийн харилцаа, АНУ-ын өнөөгийн засаг захиргааны бодлого дэлхийн болон Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал цаашлаад хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлж болох талаар харилцан ярилцаж чөлөөтэй санал солилцлоо.
Мөн уулзалтын үеэр хоёр байгууллага цаашид хамтран ажиллах, хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжийн талаар ярилцсан болно.
Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр М.Хишигтуяа