Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал болов
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал болов

     БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Наймдугаар их хурал 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэл Пёньян хотноо нээгдлээ. Хөдөлмөрийн Намын Анхдугаар хурал 1946 онд болсноос хойш таван жилийн давтамжтайгаар 1961 он хүртэл 4 удаа хуралдсан боловч түүнээс хойших хурлуудын хугацаа нь 9, 10, 36 жил гэхчлэн тогтмол бус хугацаагаар явагдаж ирсэн. Улмаар 2016 онд хийсэн 7 дугаар их хурлаас хойш 5 дахь жилдээ буюу 2021 онд Наймдугаар их хурлаа хийж байна. Хуралд нийт 5000 орчим төлөөлөгч оролцсоноос 250 хүн Намын Төв Хорооны байгууллагуудаас, 4750 хүн намын бүх шатны төлөөлөл болж оролцсон байна. Нийт оролцогчдын 10 хувь буюу 501 эмэгтэй төлөөлөгч байна. Мөн хуралд ажиглагчаар 2000 хүн оролцож байна.

    Ким Жөн Ун тус хурлын нээлтэн дээр хямралын хүнд хэцүү он жилүүдийг туулж байгаа ч барилгын салбарт гарсан үр дүн чамлахааргүй байгааг, цаашид эдийн засгийн асуудалд түлхүү анхаарахаа илэрхийлж, мөн Долдугаар их хурлаас дэвшүүлсэн зорилтын үр дүн олон салбарт маш хангалтгүй байгаа тухай дурджээ. Мөн улс орны хөгжил дэвшилд саад болж буй дотоод ба гадаад хүчин зүйлүүд байгаа тухай, энэ бэрхшээлийг Жүчэ үзэлд тулгуурлан өөрсдийн хүч бололцоогоор даван туулах тухай дурдлаа. Тус хурлаар хэлэлцэх төлөвлөгөөнд намын гишүүд төлөөлөгчдийн үзэл бодлыг тусгах тухай мэдэгдэв.

    Намын хурлын эхний өдрийн хуралдаанаас Хөдөлмөрийн Намын Төв Хорооны нэгдсэн тайлан, Хянан шалгах хорооны нэгдсэн тайлан, Хөдөлмөрийн намын дүрмийн өөрчлөлт, Хөдөлмөрийн Намын Ерөнхий удирдах байгууллагын сонгуулийн асуудлыг тус их хурлаар хэлэлцэхээр тогтож, Ким Жөн Ун Намын Долдугаар их хурлын үр дүнг тайлагнав. 

    Намын хурлын хоёр дахь өдөр буюу 6-ны өдөр намын долдугаар их хурлын үр дүнг салбар бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэв. Тээвэр, барилга болон барилгын материал үйлдвэрлэл, харилцаа холбоо, худалдаа, байгаль орчин, хот төлөвлөлт, гадаад худалдааны салбарын эдийн засгийн байдлыг бодитоор үнэлж, ирэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгах асуудлуудыг хэлэлцлээ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, загас агнуурын салбарыг хөгжүүлж, хот тосгодийг бие даан цогцоор хөгжих нөхцлийг бүрдүүлснээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх төлөвлөгөөг дурдсан байна. Батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлж улс орон, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс төрийн системийн тогтвортой орчныг хөгжүүлэх зорилтуудыг мөн дурдав. Түүнчлэн, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг ч танилцуулжээ.

    Хурлын гурав дахь өдөр соёлын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх зорилгоор өнгөрсөн 5 жилийн алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэний үндсэн дээр боловсрол, эрүүл мэнд, утга зохиол, урлаг зэрэг социалист соёлын бүх салбарт шинэчлэл хийх чиглэл, арга замуудыг танилцуулав. Нийгмийн амьдралын бүх салбарт эрүүл хувьсгалч амьдралын хэв маягийг бүрдүүлж, социалист бус хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн хэвэнд нь оруулах асуудлыг дурдав. Хууль шүүхийн үйл ажиллагааг сайжруулах бодит шаардлагуудыг дурдаад социалист нийгмийн давуу тал ба чадварыг нэмэгдүүлэх арга замуудын талаар танилцуулсан байна. Намын харьяа залуучуудын байгууллагаас эхлээд ажилчдыг хамарсан олон нийтийн байгууллагууд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг Ким Жөн Ун шүүмжлээд эдгээр байгууллагуудийг шинэчлэн сайжруулах зарчмын асуудлуудыг дурдлаа. Мөн цаг үеийн шаардлагад нийцүүлэн Өмнөдтэй харилцах харилцаа болон гадаад харилцааг бүх талаар хөгжүүлэх Намын ерөнхий чиглэл ба бодлогыг танилцуулав.

    Хурлын дөрөв дэх өдөр буюу 8-ны өдөр Хөдөлмөрийн Намын Төв Хорооны Хянан шалгах хорооны нэгдсэн тайлангийн тухай хэлэлцүүлэг хийв. Зарим салбар нэгжийн төлөөлөгчид өнгөрсөн 5 жилийн төлөвлөгөөний биелэлт, алдаа онооны талаар санал бодлоо хуваалцсан. Мөн ирэх 5 жилийн төлөвлөгөөнд өөрийн харьяа салбар нэгжийн хүрээнд учирч болох саад бэрхшээлүүдийг төлөөлөгчид хэлэлцсэн байна.

    Улмаар Хөдөлмөрийн Намын VIII их хурлын зургаа дахь өдрийн хуралдаанаар Ким Жөн Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Түүний өмнөх удирдагчид болох Ким Жон Ир болон Ким Ил Сон нар энэ албан тушаалыг хашиж байсан юм.

    БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын VIII их хурлын явцад Ким Жөн Уны тавьсан зарим чухал мэдээнээс сийрүүлбэл, тус улсаас БНСУ, АНУ болон социалист системийн орнуудтай харилцах харилцааны асуудлууд чухлаар хөндөгдөж яригдсан байна. Тэрбээр илтгэлдээ хоёр Солонгосын хувьд харилцааны үндсэн асуудлуудаас эхлэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа, мөн Өмнөд Солонгосын хувьд хэрэгжүүлдэг зарим дайсагнасан ажиллагааг зогсоох тухай дурдлаа. Найрсаг байсан харилцаа хүйтэрч хөндийрсөнд Өмнөдийн талыг буруутгасан өнгө аястай мэдэгдэл хийв. Мөн одооны нөхцөлд өмнөх шигээ найрсаг байдал үзүүлэх шаардлагагүй бөгөөд Өмнөдийнхнийг яаж хандана түүнд нь таарсан хариу барина гэв. АНУ-ыг хэн удирдахаас үл шалтгаалан тус улстай харьцах харилцаанд урьдын байр сууриа өөрчлөхгүй хэвээр хадгалахаа мэдэгдлээ. Мөн социалист орнуудтай харилцах харилцаагаа улам хөгжүүлэх тухай дурдсан байна.

    Батлан хамгаалахын салбарт шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаар цөмийн зэвсгийг илүү оновчтой, хөнгөн, хол зайд тусдаг болгох, байлдааны зэвсэглэлийн чанарийг сайжруулж автоматжуулах, ажиглалт тандалтын зориулалттай алсын зайд нисэх төхөөрөмжийг бүтээх зэрэг ажил хийхээ мэдэгдлээ.

    Ирэх 5 жилд эдийн засгийг бие даан гаднаас хараат бусаар хөгжүүлж, ард түмний амьдралыг сайжруулах зорилт тавьснаа мэдэгдлээ. Метал болон химийн үйлдвэрлэлд түлхүү анхаарч түүнд тулгуурлан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээ илэрхийлэв. Хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжид анхаарч, ард түмний хэрэглээний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилт тавихаа мэдэгдсэн байна. Мөн шинжлэх ухаан технологийг илүү өндөр түвшинд хөгжүүлэх тухай, ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимтэй хийх тухай ярив. Барилга үйлдвэрлэлийн салбарт цементийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ирэх таван жилд Пёньян хот болон орон нутагт 75,000 айлын орон сууц барих, байгаль орчны салбарт олон тооны мод суулгац тарьж ойжуулах ажил хийнэ гэв.

    Ким Жөн Уны илтгэлд дурдсанаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын VIII их хурлаар улс орны эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдралын түвшинд анхаарахаа олон талаар илэрхийлж байгаа, мөн Өмнөдтэй харилцах харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна.

Эх сурвалж: 로동신문 (rodong.rep.kp) 

                            Мэдээг бэлтгэсэн: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын
салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Д.Мягмар



Бусад мэдээлэл