Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн зоримог гадаад бодлого
Alternate Text

    БНСУ-ын 20 дахь ерөнхийлөгч Юн Сог Ёль нь 2022 оны 5 дугаар сард үүрэгт ажилдаа орсон билээ. БНСУ-ын гадаад харилцаанд АНУ, БНХАУ, БНАСАУ, Япон зэрэг улс гол байр суурь эзэлдэг бөгөөд өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь цэргийн холбоотон АНУ болон эдийн засгийн хамгийн том түнш БНХАУ хоёр улстай тэнцвэртэй харилцах замаар улс орны эрх ашгийг хангахад түлхүү анхаарч байв. Тэр бээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-тай хоёр ч удаа дээд түвшний уулзалт хийж, харилцаагаа сайжруулахад ихээхэн анхаарч ажилласан бол Япон улстай найрсаг хэвийн харилцааг хадгалж ирсэн юм.

    Гэтэл шинээр сонгогдсон Юн ерөнхийлөгчийн зүгээс Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг уулзалт, хэлэлцээ хийх зэрэг энхийн замаар шийдвэрлэхээс илүүтэй АНУ, Япон улстай аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БНАСАУ-д шахалт үзүүлэх арга замыг сонгох магадлалтай байна. АНУ, Япон, БНСУ-ын цэргийн гурвалсан хамтын ажиллагаа нь БНАСАУ-ын цөмийн аюулыг хязгаарлах зорилгыг агуулдаг. Өнөөг хүртэл АНУ-Япон, АНУ-БНСУ-ын хоёр талт хамтын ажиллагаа өндөр түвшинд явагддаг бол Япон-БНСУ-ын харилцаа харьцангуй сул байж ирсэн. Тэгвэл Юн ерөнхийлөгч нь өнгөрөгч 3 дугаар сард Япон улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын хүрээнд өмнөх маргаантай асуудлуудаа орхиж шинэ түвшинд хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд Фүмио Кишидад дэвшүүлснээр АНУ-Япон-БНСУ-ын аюулгүй байдлын гурвалсан хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд гарах боломж бүрдсэн юм. Япон-БНСУ-ын дээд түвшний уулзалт нь 2011 оны И Мён Баг ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалаас хойш тасраад байсан билээ.

    2016 онд баталсан хуулийн дагуу БНСУ-ын Нэгдлийн яам нь БНАСАУ-ын хүний эрхийн тайланг энэ оны 3 дугаар сард гаргасан. Өмнөх Засгийн газрын үед үүсэж болох эрсдэлт үр дагавраас сэргийлж тайлан гаргахыг хойшлуулсаар ирсэн ч Юн ерөнхийлөгчийн Засгийн газар ийнхүү зоримог алхам хийв. “Эх орончдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр буюу 6 дугаар сарын 6-ны өдөр Юн ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “БНСУ, АНУ-ын холбоотны харилцаа нь цөмийн технологид тулгуурласан холбоотны харилцаа болж өргөжнө” гэж мэдэгдэв. Тэр бээр өнгөрсөн 4 дүгээр сард АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд гаргасан “Вашингтоны тунхаглал”-д цөмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон тухайгаа ч дурджээ.    

    Эдийн засгийн хувьд Юн Сог Ёлийн Засгийн газар нь АНУ-ын тэргүүлдэг Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн түншлэлд нэгдэх, технологийн салбарт (хагас дамжуулагч, цахилгаан автомашин зэрэг) өргөн хүрээнд хамтран ажиллах зэргээр АНУ руу хэлбийсэн бодлого баримталж байна. Мөн Япон улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа цаашид илүү гүнзгийрүүлэх төлөвтэй байна. Уг хамтын ажиллагааны цаана тус улсын эдийн засаг дахь БНХАУ-ын нөлөөг багасгах зорилго агуулагдаж байна. 2016 онд АНУ-ын санаачилгаар цөмийн пуужингаас хамгаалах ТААД системийг БНСУ-д байршуулах болсноос үүдэн БНХАУ-аас тус улсад эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авч байсан нь үүний гол шалтгаан юм. Түүнээс хойш БНХАУ дахь тус улсын хөрөнгө оруулалт буурч Зүүн болон Өмнөд Азийн орнууд, тэр дундаа Вьетнам, Энэтхэг улсууд руу чиглэх болсон. 2022 оноос тус улсын томоохон корпорацууд АНУ дахь хагас дамжуулагч болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд их хэмжээний хөрөнгө оруулах болжээ. Тухайлбал, Самсунг компани АНУ-ын Техас мужид 25 тэрбум долларын өртөг бүхий хагас дамжуулагчийн үйлдвэрийг 2022 оноос барьж эхэлсэн. Эндээс дүгнэж үзвэл БНХАУ-ыг улс төр болоод эдийн засгийн хувьд тогтоон барих, хязгаарлах зорилго бүхий АНУ-ын геополитик, эдийн засгийн бодлого тодорхой үр дүнгээ өгч байна уу гэлтэй харагдана.

    Юн Сог Ёлийн Засгийн газрын АНУ руу хэлбийсэн бодлогыг БНХАУ-ын тал зүгээр хараад өнгөрөхгүй нь лавтай. Тухайлбал, БНХАУ дахь БНСУ-ын урлаг соёлын арга хэмжээг цуцлах, БНСУ-ын хамгийн том портал цахим хуудас болон Naver-ийг нутаг дэвсгэр дээрээ хаах зэрэг байдлаар илэрч байна. Өнгөрсөн 5 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга БНСУ-д хийсэн айлчлалаар дараах 4 зүйлийг анхааруулжээ. Үүнд, Тайванийн асуудалд оролцохгүй байх, АНУ болон Япон руу хэлбийсэн гадаад бодлогоо зогсоох, БНХАУ-БНСУ-ын харилцаан дахь тулгамдсан асуудлаа шийдэхгүй бол Ши Жин Пинь даргын БНСУ-д хийх айлчлалыг цуцлах, мөн Солонгосын хойгт энх тайван тогтоох ажилд БНХАУ оролцохгүй гэжээ. БНХАУ ийнхүү өөрийн байр сууриа ил тод, хатуугаар илэрхийллээ.

    Өнөөгийн байдлаар БНСУ-ын экспортын 22 хувь, импортын 20 хувь нь тус тус БНХАУ-д ноогддог. Тус улсын эдийн засаг дахь БНХАУ-ын нөлөө чамгүй өндөр байгаа ч АНУ руу хэлбийсэн зоримог алхмууд хийж байгаа нь цаашид томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Жишээлбэл, БНХАУ-ын талаас эдийн засгийн хориг арга хэмжээ авах, мөн БНАСАУ-ын талаас цэрэг, стратегийн гэнэтийн арга хэмжээ авч болох талтай. Цаашлаад ойрын хөрш ОХУ-д БНСУ-ын гадаад бодлого таалагдахгүй нь ойлгомжтой. Гэвч нөгөө талаас нь харвал олон жил хоёр том гүрний дунд төвийг сахиж тэнцвэрийг олох гэж маш их хүч чармайлт гаргаж ирсний дээр Умард Солонгостой энхийн замаар нэгдэх, цөмийн хөтөлбөрийг зогсоох гэсэн удаа дараагийн оролдлого үр дүнгээ өгөөгүй учир зоримог алхам хийж асуудлыг нэг тийш болгох гэсэн оролдлого нь зөв ч байж болох талтай. Гэвч Юн ерөнхийлөгчийн зоримог гадаад бодлого дотоодод ихээхэн шүүмжлэлд өртөж, нэр хүнд нь ч сайнгүй байгаа. Түүний гадаад бодлогын зөв бурууг дүгнэх цаг болоогүй байна.


  •         Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын
  • салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Д.Мягмар


Бусад мэдээлэл